Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа.


-Ганхуяг арслан хаана өссөн билээ?

-Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооллын таван давхар саарал байрнуудын дунд миний хүүхэд нас өнгөрсөн дөө. Миний аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат хүн. Иймээс энэ нутгаар овоглож зодоглодог юм. Хүүхэд байхдаа зун болгон л аавтайгаа нутаг явна. Усны тунгалаг, ургамлын сор цогцолсон сайхан газар даа.

-15,16-тай байх үеэсээ л заалны барилдаануудад том бөхчүүдийн аманд гарч зодоглож эхэлсэн үү?

-Аав бөхөд их дуртай. Би ч жаахан хүүхэд байхдаа тэнэж яваад л бөхийн барилдаан үзнэ. Засуул цэцүүд бөхийн тоо гүйцэхгүй болохоор нь цэргийн бакаль олж өмсүүлээд, бүс бүслүүлээд л аманд гаргачихна. Өсгөлүүн биетэй болохоор хэрдээ л ноцолдож байгаад унана. Бөх болох дүрээ ингэж л олсон түүхтэй. 16 хүрээд л зодог шуудаг өмсөөд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Би чинь гурван ахтай. Гэр бүлээрээ спортод дуртай. ОРТ телевизээр гарсан бүх тэмцээнийг алгасалгүй үзнэ, бид хэд.

-Улсын цолтой ямар бөхтэй анх барилдаж байв. Бөх болох сэтгэл орсон нь хэдийд бол?

-Жаахан хүүхэд байсан болохоор бөх ч таньдаггүй байлаа. Том том ах нартай ноцолдож байгаад л унана. Нэрийг нь ч тогтоодоггүй байж. 1993 оны хоёрдугаар сарын 1-нд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Д.Хадбаатар аваргыг даваад баярлаад гүйж байлаа. Аварга бид хоёр давалцалгүй хамгийн сүүлд үлдээд, аварга элэг бүсээ тайлаад яваад өгсөн. Харих тийшээгээ хандаж байсан ч 17 настай хүүд нүсэр том биетэй л санагдаж байсан нь санаанаас гардаггүй юм. Гурвын даваанд улсын манлай заан Д.Долгорсүрэнг өвдөг шороодуулж мөн ч их урам зориг авсан даа. Томчуудын барилдаанд анх удаагаа өөдтэй барилдсан минь тэр. Өмнө нь зааланд гараад Ерөнхийлөгчийн бөх улсын начин Ж.Чулуун ахад мөн ч олон унаж байлаа.

-Та бөхийн удамтай бил үү?

-Бөхийн удам бий. Ээжийн талд Махбалхиа гэж даншгийн заан цолтой бөх бий. Тэрнээс хойш 1964 онд Өвөрхангай аймгийн наадамд түрүүлсэн Аюушжав гэж бөх байдаг.

-19-тэй жаахан хүүхэд Өвөрхангайн наадамд түрүүлж байснаа эргээд дурсвал?

-Аавыгаа дагаад наадамд явж барилддаг байлаа. Харин 1995 онд арслан болдог жил аавын ажил амждаггүй ганцаараа Өвөрхангайн наадмыг зорьсон доо. Аав минь “Миний хүү аймгийн начин болоод ирээрэй гээд л үнсээд үлдсэн”. Олон дэвжээ үзээгүй жаахан хүүхэд цол бодож нервитэхгүй. Санасан бодсоноо хийгээд тачигнатал үзээд л түрүүлсэн. Сүүлийн даваанд Хужиртын К.Батболд гэж залууг өвдөг шороодуулсан.

-Аймгийн цолтой удаан барилдалгүй улсын цолны босгоор алхсан санагдаж байна?

-Аймгийн арслан цолтой таван жил барилдаад л улсын цол хүртсэн дээ. Арслан болчихоод заал танхимын барилдаан бараг л алгасдаггүй байлаа.

-2001 оны наадмын талаар ярилцъя л даа. Та тавын даваанд багын найз А.Эрхэмбаярыгаа амласан. Хамт бэлтгэл базаадаг нутгийн залуу Б.Сайнбаяр мөн л дөрөв давчихаад цолны даваанд гарах гээд хүлээж байсан шүү дээ. Сонголт хийхэд хүнд байсан уу?

-Би Завханы Ш.Уламбаяр, Сэлэнгийн Ш.Зоригт, Хэнтийн Б.Одхүү, Өвөрхангайн Б.Сайнбаяр, Увсын А.Эрхэмбаяр нараас ам авсан. Багын найз Авирмэдийн Эрхэмбаярыг амласан л даа. 16 настайгаасаа л нөхөрлөж хамт бэлтгэлээ хийж бөхийн хатуу бартаатай замаар цуг алхсан. Би олгойны хагалгаа хийлгээд гурван сар амраад ирэхэд нэг шар залуу “Хөдөлмөр” нийгэмлэгийн залуучуудыг захаас нь авахуулаад бүгдийг нь сэгсрээд байна шүү. Багшаас асуусан чинь “Увсаас ирсэн Эрхэмбаяр гэж хүүхэд сайн бөх болно л гэж байна”. Ингэж найзтайгаа танилцсан түүхтэй.

-Тэр жил өөрөө барилдсан бол цол ахих боломж байсан уу?

-Зургаа бол давчих байсан. Зургаагийн давааны төгсгөлд М.Баяржавхлан, Г.Батбаяр, Б.Батбаяр нар үлдсэн шүү дээ. Нэгийг нь амлаад барилдахад хаях магадлал өндөр.

-Та МУБИС-ийн дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн бил үү. Олимп дэлхийн медальтай мундаг дасгалжуулагч нараар бөхийн эрдэм заалгасан байх?

-Миний оюутан болдог жил МУБИС-д үндэсний бөхийн дасгалжуулагчийн ангийг шинээр нээж байлаа. Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шалгаруулж авч байсан. Үндэсний бөхийг Ардын багш Д.Сэрээтэр, Жамцын Даваажав нар заана. Жүдогийн хичээлийг олимпийн мөнгөн медальт Цэндийн Дамдин, чөлөөт бөхийн хичээлийг гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар заана. Олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс медаль хүртсэн шилдэг багш нарын гараас сайн шавь нар төрсөн шүү. Их ачаалалтай бэлтгэлийн үр шим нь юм даа.

-Өдөрт гурав, дөрвөн удаагийн бэлтгэл хийдэг байсан гэнэ лээ. Өнөөдрийнх шиг нэмэлт тэжээл хомс үед их ачааллыг яаж дааж байсан юм бол?

-Спортод их сонирхолтой байсан болохоор спортын төрөл бүрээр л оролдоно. МУБИС-д ороход Б.Дамба багшаас сагсны багт тоглох урилга авч байсан. Өдөрт гурваас дөрвөн спортын бэлтгэл хийнэ. Өглөө хөлбөмбөгийн хичээл орно. Шигшээ багийн тамирчдын хийдэг ачаалалтай бэлтгэлийг бүтэн цаг амралгүй хийнэ шүү дээ. Залгуулаад онолын хичээлд сууна. Спортын ур чадвар дээшлүүлэх цагтай. Чөлөөт бөх юм уу, үндэсний бөхийн бэлтгэл хийнэ. Шууд сагсны бэлтгэлээ хийнэ , үгүй бол лигийн тоглолтондоо ордог. Оюутан цагийн нэг өдөр ингэж л өнгөрдөг байлаа. Тэр үед нэмэлт тэжээл уураг хэрэглэж үзээгүй. Миний хувьд хөдөөний оюутнуудыг бодвол гэртээ байсан учраас өлсөж үзээгүй.

-Улсын наадмын зургаагийн даваанд их олон унасан. Шантрах үе гарч байв уу?

-Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Азжаргал гээд улсын наадамд түрүүлсэн аварга арслангуудад өвдөг шороодчихоод байсан. Заал танхимын барилдаануудад гайгүй сайн барилдчихаад наадмаар л нэг болж өгдөггүй. Хэд хэд өвдөг шороодоод ирэхээр их неревтдэг юм билээ. Сүүлд тав даваад туг тойрч байхад тайлбарлагч “тав дахь удаагаа тав давлаа” гээд л зарлахыг нь сонсоод юм юм бодогдсон шүү. “Арай ч дээ энэ жил үзнэ дээ” гэж дотоод хүндээ хэлсэн. Тэгж л өөрийгөө ирлэсэн.

-Бат-Эрдэнэ аваргад халтирч уначихаад мөн ч их харамсаж байгаа харагдсан?

-Тэр жил бэлтгэл гайгүй сайн байсан. Зургаагийн давааны өмнө хүйтэн бороо ороод би сэргэчихгүй юу. Хамаагүй огцом хөдлөөд дор нь орчихсон. Туршлага нимгэн нөхөр сэргэчихээд зүлэгний халтигааг тооцоолоогүй гараад буруудчихгүй юу.

-Зурагтаар шагнуулж байсан барилдааныхаа тухай ярихгүй юу?

-1996 онд юм даа. Оюутны дадлагад гарчихсан байсан юм. Чөлөө авч Монгол телевизийн ойн барилдаанд Д.Мөнх-Эрдэнэ арсланд унаж үзүүрлэж байлаа. Сүхбат аваргыг хөлд ороход нь давхар ачиж хаяад 21 инчийн өнгөт телевизээр шагнуулсан ханагар амьтан гэртээ харьж байсан шүү.

-Зургаан залуу заантай нэг үед өрсөлдөж байсан шүү дээ. Тэдний дундаас тодорно гэдэг амаргүй биз?

-Зургаан заантай эн тэнцүүхэн сайхан өрсөлдөж байсан шүү. Бие биенээ хурцлаад л. Г.Өсөхбаяртай нь наадмын түрүү ч булаацалдаж л байлаа. Дан ганц үндэсний бөхөөр ч биш, чөлөөтийн дэвжээнд өрсөлдөж байсан удаатай.

-2008 оны түрүүлдэг наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зургаа, долоогийн даваанд залуухан бөхчүүдтэй барилдсан шүү дээ?

-Заан цолны даваанд Ө.Даваабаатартай барилдсан. Наадмын өмнөхөн сорилго барилдаанд хавируулаад уначихсан байсан л даа. Хөдөлгөөнийг нь хүлээж байгаад л дараад авсан. Дараа нь Б.Соронзонболдтой заан цолны төлөө барилдсан. Өмнө нь түүнд мөн л өвдөг шороодож байлаа. Дархан хутгааг нь хүлээж байгаад л мушгичихсан. Тэр жил бэлтгэл ханасан, сэтгэл зүй тогтвортой, янз бүрийн юм бодоод байхгүй, тайван байсан даа. Гарах болгондоо багш нартайгаа зөвлөж хэнтэй ямар барилдаан хийхээ сайн тооцоолсон.

-Нямдоржийн Ганбаатар гарьдтай барилдахад таны засуулаар Д.Цогзол засуул ажилласан бил үү. Чухал барилдааны өмнө засуулын нөмөр нөөлөг хэрэгтэй биз?

-Байлгүй яах вэ. Цогзол гуай шиг олон жил ажилласан туршлагатай хүн бөхөө гарч ирж байхад нь шинждэг юм билээ. Тэр үедээ залуу байсан, наадмын үзүүрт үлдчихсэн шуугиад л гараад ирж байгаа юм чинь. Зөвлөгөөгөөр нь барилдаад л түрүүлсэн дээ. Олон жилийн хөлс хөдөлмөр шингэсэн болхоор ч тэр үү сэтгэл их хөдөлсөн.

-Дараа жил нь аварга цолны төлөө Г.Өсөхбаяртай хүч үзсэн. Аргалчихсан бол аварга болох байсан?

-Тэр жил бэлтгэл аятайхан байлаа. Би давбал аварга, Г.Өсөхбаяр давбал тухайн үеийн дүрмээр даян аварга цол хүртэх хариуцлагатай ач холбогдолтой барилдаан байсан. Би эхний барьц сонгоог нь тавиулчихаад “ингээд аргалчихлаа” гэж тайвширсан тал байгаа. Эргээд бодоход арай түргэдчихсэн юм болов уу гэж дүгнэдэг юм.

-Жүдо, самбо, чөлөөт, сумо гээд олон спортоор олон улсын дэвжээнд амжилт үзүүлж байсныг тань мэдэх юм. Дэлхийн дэвжээнд хэдэн оноос зодоглож эхлэв?

-Би чөлөөт бөхийн бэлтгэлээ Хангайн Намшир багшийн удирдлагад хийдэг байлаа. Үр дүнд нь 1996 онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн анхны томоохон амжилт юм даа. Өмнө нь Улаан-Үд, Красноярскийн тэмцээнүүдэд оролцоод медаль зүүгээд явж байсан. Сүүлд жүдо руу орсон. Манай үндэсний бөх чинь аль алинтай нь төстэй спорт юм даа. Үндэсний бөхөөр барилдаж байсан учраас аль алинаар хичээллэхэд дөхөм байсан л даа.

-2009 оны жүдогийн дэлхийн аваргаас медаль зүүчих боломж байсан гэж үзэх хүмүүс олон байдаг юм билээ. Тэр дэлхийн аваргын талаар ярихгүй юу?

-Тэр жил жүдогийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж дэлхийн аваргад оролцох эрхээ авч байлаа. Очоод аварга болно гэж тооцоолж байсан Японы бөхийг хожоод шөвгийн наймд шалгарсан. Хагас шигшээд үлдэхийн төлөө Кубийн Оскар гэж нөхөрт хожигдчихсон. Олон улсын тэмцээний туршлага аргагүй дутсан л даа. Торгуулийн тойрогт Бразилийн бөхөд ялагдаад л тэмцээнээ өндөрлүүлсэн.

-Монголын Рагбийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж хэд хэдэн тэмцээнд оролцож байсан санагдаж байна?

-Рагбийн спорт анх Монголд орж ирэхэд л сонирхоод очиж шигшээ багт нь орж байлаа. Өндөр мэдрэмж шаардана шүү дээ. Жинхэнэ эрчүүдийн шандас шалгадаг тулаан даа.

-Сүүлийн үед жудаг гэж хүмүүс ярих болж. Үүнийг та юу гэж ойлгодог вэ?

-Ёс зүйтэй, зөв хандлагатай байхыг л жудагт хамруулж ойлгож байна. Монгол өв уламжлалаа тээж үлдэж буй спорт нь эрийн гурван наадам юм даа. Цааш нь үргэлжлүүлээд түүчээлж яваа бөхчүүдийн хувьд жудагтай байх хэрэгтэй. Залуу бөхчүүд бөхийн хөгжлийн төлөө бэлтгэл сургуулилтаа чамбайруулж хийх ёстой гэж боддог юм. Дөрвөн улирлын турш бэлтгэл хийж байж л наадмаар цолоо ахиулна. Хичээл, зүтгэлтэй, жудагтай залууг бөхийн ногоон дэвжээ ивээдэг юм аа. Хүний жудаг гэдэг хувь зохиолтойгоо холбоотой байдаг.