Сарын шинийн баярын өмнө төрийн одон хүртэх хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч байгаа бөгөөд  хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн хамтлагийн жүжигчин  Санжаагийн Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртхээр болжээ.

Тэрбээр 1967 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод нисгэгч Санжаасүрэнгийн ганц охин болон мэндэлсэн. Гэвч багадаа эцэг, эхээсээ өнчирч үлдэн, нагац эмээ дээрээ өссөн байна. С.Өлзийхүү санаашрамтгай, мөрөөдөмтгий, элдвийг эргэцүүлэн боддог, дуулах дуртай охин байжээ. Тэр нь жүжигчин бус эмч болохыг мөрөөдсөн гэдэг.

Тэр 1985 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгсөөд АУДС-д элсэхээр уралдаант шалгалтад орсон боловч тэнцээгүй тул сувилагч мэргэжлийг сонгожээ. Тэрбээр 1987 онд АУДуС-ийг “онц” дүнтэй төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гавьяат эмч Г.Лхагважавын удирдлаган дор ажлын гараагаа эхэлжээ. Дуулж, хөгжимдөх авьяастай, урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцож явдаг залуухан сувилагч бүсгүй “Бүх ард түмний урлагийн наадам”-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Түүнийг жүжигчний мэргэжил эзэмшихэд авьяасаас нь илүү дунд сургуулийн найз О.Энхтуулынх нь ятгалга нөлөөлсөн гэдэг.

1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний жүжгийн академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ.

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. Үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчин юм. "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж "Шилдэг өнгө" нэртэй болгосон бөгөөд "Дурлалын сум" нэртэй цоо шинэ киногоо үзэгчдийн хүртээл болгосон байдаг.

Харин охин Баярмаа нь жүжиглэхээс гадна загвар өмсдөг билээ.