Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.

Уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат шалгарав.

Ц.Содномдоржийн хувьд 2016 онд улсын харцага цолтой байхдаа түрүүлж байсан бол Р.Пүрэвдагва анх удаа түрүүлж байна.  

Сонирхуулахад, цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилээ улсын баяр наадамд мөн түрүүлсэн бөхөөр Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нэрлэгдэж байсан бол хамгийн сүүлийн тохиолдол улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч байв.