Хүн хоногт 5 гр давсыг гаднаас авах шаардлагатай. Энэ хэмжээнээс илүүдэх аваас эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж эхэлдэг байна.

Монголчуудын давсны хэрэглээ хэт их байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна. Тухайлбал, давсгүй цай уудаг гэх зүүн бүсийн нэг хүн нэг хоногт 7.7 гр, төвийн бүс 9.9 гр, хангайн бүс 9.4 гр, хоолондоо давс ихээр хэрэглэдэг баруун бүсийн нэг хүн нэг хоногт 15.4 гр давс хэрэглэдэг байна.

Хүйсээр нь авч үзвэл Монгол эрэгтэй хүн хоногт 11.6гр, эмэгтэй хүн хоногт 10.5 гр давс хэрэглэдэг болохыг тогтоожээ. Харин Улаанбаатарчуудын давсны хэрэглээг 11.7 гэж дундчилжээ. Мөн Монголчуудын 83.2 хувь нь хоногт 5 гр-аас их давс хэрэглэдэг байна. Давсныхаа 46.2 хувийг цай, 33.5 хувийг хоолноос авдаг гэжээ.

Хүний биед давс ихэдснээр таргалах, артерийн даралт нэмэгдэх, тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд гол нөлөө үзүүлдэг байна. Ер нь Монголчуудын өвчлөлийн голлох шалтгаануудад давс нөлөөлж байна гэж дүгнэжээ.

Бидний давсны хэт их хэрэглээ гэрийн хоол хүнс гэхээсээ худалдаанд байгаа хүнсний бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Судалгаагаар дэлхий дээр Япончууд давс хамгийн ихээр хэрэглэдэг, харин Их Британичууд хамгийн бага хэрэглэдэг улс болох нь тогтоогджээ. Япончууд, Их Британийг бодвол ходоодны өмөн үүгээр илүү их өвддөг гэнэ. Сүүлийн үед дэлхий нийтээр цусны даралт ихсэх  өвчний тархалт ихсэх болсон. Үүний гол буруутны нэг бол мөнөөх л давс юм.

Бидний хувьд төстэй амьдралын хэв маягтай Төвдийн хүн амын дунд давсны хэрэглээг багасгаж, артерийн даралт ихсэх өвчтэй байсан хүмүүсийн даралтыг буулгаж чадсан нэгэн судалгааг Австралийн Олон Улсын Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс Хятад эрдэмтэдтэй хамтран хийжээ. Төвдийн ард түмэн бидэнтэй адил сүүтэй цайг шар тосоор цоргиж уудаг байна. Энэ цайндаа мэдээж бас бидэнтэй адил давс хийнэ. Ингээд давсны хэрэглээ монголчуудтай адил дэлхийн дунджаас бараг хоёр дахин их байдаг. Энэ судалгаанд хамрагдсан даралт ихсэх өвчтэй хүмүүст 12 сарын туршид сүүтэй цайндаа хийх давсыг нь кали, магниар баяжуулсан давсаар солиход гурван сарын дараагаас эхлэн артерийн даралт ихтэй хүмүүсийн даралт нь бууж, 12 сарын дараа гэхэд судасны уян чанар сэргэж эхэлсэн байна. Миний бодоход кали магниар баяжуулсан давс гэдэг нь манай говийнхны хэрэглэдэг хужиртай олон талаараа төстэй юм. Давсны хэрэглээг хэрхэн багасгах талаар дараагийн дугаарт хүргэнэ.