“Чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн монгол залуугийн хөшөө Харьковын тэнд байдаг тухай цухас дурдсан ярилцлага сонинд гарчээ.  /www.24tsag.mn/a/169717  Би тэр хүний тухай бага сага гадарлана. Төрсөн ахтай нь уулзаж явлаа, бид нутаг нугын хүмүүс ээ” гэсээр надтай уулзсан хүн бол Цэдэнгийн Намсрай. Хэнтийн Дадалын уугуул тэрээр их хэлмэгдүүлэлтийн сүүдрийг биеэрээ эс ч сэтгэл зүрхээрээ амссан нэгэн. Түүний өвөө, дүүгийн хамт хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж явжээ. Бидний ярилцлага Чөлөөлөх дайнд оролцож явсан Монгол хөвгүүд Жалцангийн Дашдорж, Жалцангийн Бавуудорж нарын тухай өрнөсөн ч хэлмэгдүүлэлтийн үеийн сүүдэрт он жилүүдийн талаар дурдахаас арга байсангүй. Ярилцлагын гол баатрууд их хэлмэгдүүлэлтийн үеэр ЗХУ-ын хязгаар руу нутаг заагдан амьдарч байсан болохоор тэр.

 

-Жалцангийн Дашдорж, Жалцангийн Бавуудорж гэдэг хоёр хүнийг хэрэгт холбогдоод Орос руу дүрвэсэн, тэндээсээ дайнд татагдсан гэсэн л ойлголттой байлаа. Гэтэл хэлмэгдээд нутаг заагдсан эрс байжээ. Хэлмэгдүүлэлтэд нийгмийн сэхээтэн хэсгээс гадна буриад зон олон их өртсөн гэдэг.

- Нэг сумаас гэхэд л зөвхөн Лхүмбийн хэрэгт 137 хүнийг хэлмэгдүүлсэн байдаг юм. Тэдний нэг нь таван сартай жирэмсэн эмэгтэй байж байгаад буудуулсан. Хоёр нь ах дүү Дашдорж, Бавуудорж байж л дээ. Хэлмэгдүүлэлтийн тухай цухас хэлэхгүй бол зарим залуус мэдэхгүй ч байж магад. 1932 онд нутгийн баруун талд лам нарын эсэргүү бослого гэж гарсан. Үүнээс улбаа­лаад сонор сэрэмж дээшлүүлье гээд Ерөн­хий сайд П.Гэндэн Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайд үүрэг өгсөн байдаг юм. Хардлага сэрдлэгэ нь хэтрээд Лхүмбийн хэрэг үүсч буриадуудыг хэлмэгдүүлээд эхэлсэн.

-Буриадуудын эсэргүү бослогын толгойлогч нь яахаараа халх Лхүмбэ болчихдог билээ?

-Яахав дээ, Гэндэн сайд Лхүмбэд дургүй, хоорондын харилцаа тааруу байсан юм билээ. Сонор сэрэмжээ дээшлүүл гэсэн үед Лхүмбэ Хэнтийд ганц хоног ажилласан байдаг. Энэ нь буриадууд олноор хамрагд­сан Лхүмбийн хэрэг гэгчийг зохиох шалтаг болсон байх. Сүүлд, намын хянан шалгах хорооны дарга байсан Тогоочийн Гэндэн гуай тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн хэргийг шалгаад Лхүмбийн хэргийг хаанаас, яаж үүс­гэсэн тухай МАХН-ын Төв хорооны бүгд хуралд танилцуулаад сайшаагдсан байдаг юм.

-Тэр нь хэдэн он билээ?

-1962 он. Бүгд хурлаас түүний шалгалтын материалыг сайшаасан ч төд удалгүй хэрэгсэхгүй болгоод өөрийг нь Румын улсад Элчин сайдаар томилчихсон.

-Тэр шалгалтын материалд нь юу гэж дүгнэсэн байсан юм бол?

-Тогоочийн Гэндэн гуайн өөрийнх нь бичсэн ном байдаг. “Гурван түмэн хүний амь” гэдэг нэртэй. Энэ номонд ер нь тодорхой дурдсан. Хорин дөрөвдүгээр оны (1934) нэгэн сарын 27-ны өдрийн маш нууц тогтоолын талаар Т.Гэндэн гуай дурдсан байгаа. Энэ нь Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгийн дөрөвдүгээр нууц тушаал. Тушаалд, “Энэхүү хувьсгалын эсэргүү бүлгэмд оролцож нэгэнт хэргээ хүлээсэн 125 хүнийг даруй тус улсын хил хязгаараас хөөн гаргаж гүйцэтгүүлэхийг Дотоодыг хамгаалах газарт даалгаж гүйцэтгүүлсүгэй” гэсэн байдаг. Гэтэл энэ хэргийг үүсгэх эх нь Ерөнхий сайд өөрөө байсан гэдэг юм. 1934 оны Намын төв хорооны тэргүүлэгч­дийн тавдугаар хурал дээр Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай нь “Эсэргүү нарын хэрэг бол Гэндэнгээс надад даалгасан маш нууц асуудал юм” гэснийг шалгалтын материалдаа Т.Гэндэн гуай оруулсан. Товчхондоо бол Лхүмбийг Хэнтийн буриадуудын толгойлогч болгосон “зохио­лыг” Ерөнхий сайд П.Гэндэнгийн заавраар Намсрай туурвисан юм. Тэрэндээ Дадалын “хамгаалах” Данзанг ашигласан байдаг.

-Хамгаалах Данзан гэдэг нь та бид хоёрын ярилцлагын баатар ах дүү хоёрыг баривчилсан гэдэг хүн мөн биз дээ?

-Мөн байлгүй яахав. Чекистийн курст сурч ирээд нутгийн бичээч Гомбодоржоор зохиомол захидал бичүүлэн буриад зоноо хэлмэгдүүлэлцсэн хүн дээ. Дашдорж гуайг 23 настайд нь 1933 онд зуны эхэн сард баривчилсан. Цэргээс халагдаад ирчихсэн цэл залуу хүү байж дээ. Харин дүү Бавуудорж нь 20 настай, цэргийн алба хааж байхдаа баривчлагдсан байдаг юм. Өндөрхааны долдугаар дивизэд алба хаангаа номын багшаар ажиллаж байжээ.  Ах дүү хоёр  Батцагаанд хоригдож байгаад хоёрдугаар сарын дундуур арван жилийн хорих ял сонссон. Ялыг таваас найман жил болгон бууруулахад тэд таван жил сонссон юм билээ.

-Ингээд Батцагаанд ялаа эдэлсэн үү?

-Үгүй, үгүй. Ял авсан буриадуудыг ачааны машинд ачаад Эрхүү хүргэсэн байдаг. Тэндээсээ вагонд дөч дөчөөр нь суулгаад цөллөгөнд явуулсан. Энэ үед ах дүү хоёр зам салжээ. Дашдорж гуайг хойд туйлын Пенюга гэдэг өртөө рүү цөлсөн. Тэнд мод бэлтгэлийн баазад ажилладаг байсан гэсэн. Бараг хоёр метр цастай газар чарган дээр гуалин тавиад өөрсдөө чирдэг байсан байгаа юм. Өдөрт ганцхан талхны нормтой. Чарга жижигдэж, мод нь уртдаад цасанд шигдээд хэцүү байдаг байсан тухайгаа хуучилж байсан. Олон буриад эрс хойд туйлд ясаа тавьсан гэсэн. Улс төрийн хэрэгтэй орос хоригдлууд ч тэдэнтэй цуг цөллөгөнд байсан гэдэг. Троцкий нарын хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон гучаад хоригдол өлсгөлөн зарлаад, тэднийг “асрах” хүндхэн үүрэг Дашдорж гуайд ирж л дээ.

-Асрана гэхээр...?

-Хүчээр аманд нь бүлээн ус цутгана. Ус уулгахгүй бол хоригдлууд өлбөрч үхнэ шүү дээ. Хэд хоногийн дараа олонхи нь эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Харин зургаа нь сэтгэлийн зовлонгоо ялан дийлж, хэзээ ч үнэнээс ухрахгүй гэсээр цаазлуулжээ. Ийм зүйлийг харах үнэхээр хэцүү байсан байж таарна. Тэндээсээ хоригдлуудыг хойд туйлын бүсэд байдаг Зөвлөлтийн хязгаар нутаг Боркута гэдэг нүүрсний орд газар аваачжээ. Нутгаасаа гарсаар хоёр жилийн дараа жинхэнэ ял эдлэх газраа ирж байгаа нь энэ. Дашдорж гуай усан онгоцны галчаар томилогдон ажилладаг байж. Нэг удаа зам дагуухь зогсоолд Дорнодоос баривчлагдсан зүс таних буриад эртэй таарчээ. Тэр хүн дүүг нь энд байгаа, бие нь тааруу гэсэн мэдээ дуулгаж.

-Бавуудорж нь тэнд нутаг заагдсан байж дээ?

-Үгүй юм гэсэн. Дээд Печорын Азьбом гэдэг газар модны ажил хийдэг байсан гэдэг. Ямар учралаар тэнд очсон байсан юм бүү мэд. Тэгээд ах дүү хоёр зам салснаас хойш анх удаа уулзалдаж дээ. Хүний нутагт бусдын эрхэнд байгаа хүмүүс тэгээд салалгүй яахав. Харин хаягаа солилцоод захидлаар харилцдаг байсан юм билээ. Ингээд хүсэн хүлээсэн 1938 он ч гарчээ.

-Таван жилийн ял нь дуусах он бил үү?

-Тэгэлгүй яахав. Тэгээд суллагдаж. Суллах бичгээ авах гэтэл ахиад л асуудал гарчээ. Москвагаас хариу ирэхийг хүлээнэ гэж. Ингээд чилийсэн 29 хоног өнгөрч хариу ч ирж. Харамсалтай нь түүнийг Монгол руу явуулах боломжгүй гэсэн байх нь тэр. Харьяалалгүй иргэний паспорт л өгсөн байна. Ядаж нутагтаа дөхье гээд Чит рүү явах гэтэл бас л явуулсангүй. Харин Красноярскт очих бичиг л өгчээ. Нутагтаа очих эрхгүй ч эрх биш чөлөөт иргэн болсон болохоор ажил хийж мөнгө цуглуулж эхэл­жээ. Азьбом орж дүүтэйгээ уулзах замын зардлаа тэгж олохоос өөр ямар арга байхав.

-Тэгээд дүүтэйгээ уулзсан биз дээ?

-Уулзсаан. Дүү нь бас суллагдсан байжээ. Ах руугаа очих гээд бас л мөнгө цуглуулж байсан гэдэг юм. Дүү нь Красноярск хотын Анастасия тосгонд, ах нь Канск хотод ажиллахаар болжээ. Дүү нь гэр бүлтэй болж хоёр ч сайхан хүүтэй болсон байдаг юм. Ингээд 1941 он гарлаа. Зургадугаар сарын 22-нд германууд ЗХУ руу дотолсон гэдгийг та бүхэн юу эс андах билээ. Харин үүнээс хоёрхон хоногийн дараа Дашдорж гуайд Зөвлөлтийн армид дайчлах хуудас ирсэн гэдэг. 31 настай байсан байх нь. Би Дашдорж гуайтай уулзаж яриулж байсан болохоор түүний тухай түлхүү яриад байгаа гэдгийг ойлгоно биз ээ.

-Тэгэлгүй яах вэ. Дашдорж гуай тэгээд шууд дайнд татагдсан уу?

-Дашдорж гуай Сибирийн буудлагын 32 дугар дивизийн бүрэлдэхүүнд орж, дүү Бавуудорж нь пулемёт суманд хувиарлагдсан гэдэг. Бородины талд болсон ширүүн тулаанд хамгийн гарамгай байлдсан нэгтгэл бол хурандаа Полосухины командалсан буудлагын 32 дугаар дивиз хэмээн алдарт жанжин Г.К.Жуковын онцолсон тэр дивизэд монгол хүү Дашдорж байлдаж явжээ. Дараа нь Чөлөөлөх дайндч тэр оролцож явсан. Дашдорж гуай явган цэргийн батальонд алба хаагаад 1946 онд халагджээ. Хоёр дайнд оролцсон монгол цэргийг энэ удаа нутаг буцахгүйгээр дуртай газраа амьдар гэжээ. Дашдорж гуай Чит нутгийг зорьж тэндээ гэр бүлтэй болон амьдарч байгаад Элчин сайдын яамандаа олон удаа хандсаны эцэст 23 жилийн дараа сая л нэг эх нутагтаа иржээ. Монголынхоо паспортыг аваад магнай хагартал баярлаж байсан гэж хэлж байсныг нь тод санаж байна. Эх нутагтаа ирэхэд нь ээж нь л угтаж. Аав нь хоёр хүүгээ баригдсаны дараа удалгүй баривчлагдаад буудуулсан байжээ.

-Харин дүү Бавуудорж нь Харьковын тулаанд амь үрэгдсэн гэдэг дээ. Түүний тухай дуулав уу?

-Ахаас нь сонссоон. 1972 онд ээжийгээ аваад Красноярск руу явсан гэж байсан. Бэр, ач хүү хоёртойгоо уулзах гэж тэр. Тэгээд тэндээсээ бүгд Харьков руу очсон юм билээ. Танай сонин дээр дурдсан зургийг тэгэхэд авахуулж л дээ. Дүү нь Харьковын ойролцоохь Большая Гомолша тосгонд амь үрэгдсэн гэдэг. Тулаан болсон газар босгосон хөшөөн дээр “БНМАУ-ын иргэн Жалцангийн Бавуудорж. Шархны улмаас нас барав” хэмээн бичсэн байсан гэсэн. Нас эцэслээд л БНМАУ-ын иргэн гэж бичүүлж дээ. Харамсалтай байгаа биз.

-Хэдэн онд амь үрэгдсэн юм бол?

-1943 оны есдүгээр сарын 10-нд. Ердөө 30 настай монгол хүү хилсээр гүтгэгдэж цөлөгдөөд эх орон руугаа очих эрхгүй байсаар дайнд амь үрэгджээ. Ах ээж хоёр нь Бавуудоржийг эмчилж байсан эмчтэй уулзсан юм билээ. Шархадсанаасаа хойш арав хоног үхэл амьдралтай тэмцсэн гэдэг.

-Шархадсан монгол цэргийг цэргийн эмнэлэг рүү авчирчээ дээ?

-Дашдорж гуайн яриа шүү. Украин эмч ярьж өгсөн гэсэн. Большая Гомолша тосгон дайсанд эзлэгдээд байсан тэр нэгэн өдөр агаарт зөвлөлтийн онгоц шатаж, азаар хоёр хүн шүхрээр үсэрч амжиж. Гэсэн ч фашистууд дээр, доороос нь тасралтгүй гал нээжээ. Тосгоныхон энэ бүхнийг харж байсан байгаа юм. Гэхдээ унасан газар нь шууд яваад оччихож бас болохгүй байж. Тэгээд бүрэнхий болох үеэр тэдний унасан газрыг багцаалж байсан эмч Мария Омельчук мөлхөж очсон юм билээ.

-Хүнд шархадсан байж ээ?

-Арванхоёр шархадсан байсан гэсэн. Украин эмч чадах бүхнээ хийсэн ч арав дахь хоног дээрээ монгол цэрэг амь эрсэджээ. Энэ бүхнийг дурдахын учир эх орны дайны 70 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа энэ үед Монгол цэргүүд Орос нутагт Зөвлөлтийн төлөө тулалдаж байсныг битгий мартаасай гэснийх юм шүү.

-Та хэдэн онд Дашдорж гуайтай уулзаж байсан юм бэ?

-1988 онд уулзаж байсан. Дашдорж гуайтай хамт хэлмэгдээд нутаг заагдаж байсан Рэгдэн гэдэг хүнтэй бол их эрт залуу байхдаа уулзаж байлаа. Гэхдээ залуу хүн бас бодож санах юмгүй байдаг юм байна. Олон түүх яриулах боломж байхад тэгээд л өнгөрсөн байдаг юм. Харин жаахан юм боддог болсон хойноо Дашдорж гуайтай уулзаж нэлээд зүйл тэмдэглэж авсан. Бас хэлмэгдүүлэлтэд нутаг нугаараа өртсөн Дадалынхаа буриад зоноос, эмээгээсээ, хэлмэгдүүлэлтийн талаар судалж байсан олон хүнээс үг сонссон. Түүнийгээ эмхэтгээд “Үхэж болохгүй орчлон” гэдэг ном хэвлүүлсэн дээ. Тэр номын гол баатар нь Жалцангийн Дашдорж гуай юм. 1992 онд бурхан болсон байх аа. Түүний дараахан эхнэр хүүхдүүд нь Улаан-Үд рүү шилжсэн гэсэн. Сүүлд сонсох нь ээ нэг охин нь Улаан-Үд дэх Монголын консулын газар ажиллаж байна гэж байсан шүү. Дашдорж гуайн хүүхдүүд Улаан-Үдэд, дүүгийнх нь хүүхдүүд Красноярск хотод байж л байгаа байх.

С.Ононтуул

www.24tsag.mn