Гар утас олсон л бол цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч байгаарай. Үгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Үүнийг мэддэггүйгээсээ болж цөөнгүй залуу ялтан болсон байдаг.

Тухайлбал Монгол улсын иргэн А.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Б.Бийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжинд гээгдүүлсэн 350.000 төгрөгийн үнэ бүхий Ай фон-6 эс маркийн гар утсыг олсон байна. Гэвч цагдаад хүлээлгэж өгөөгүйгээсээ болж шүүхээс ял сонсчээ.

Тэрбээр энэ хэргийнхээ тухай шүүх хуралд  “...Гар утсыг гэртээ авч очоод өөрийнхөө 11111111 дугаарыг хийгээд ашигласан. Би өөр хүний утас гэж мэдэж байсан ч эзэн нь олдохгүй байх гэж бодсон. Мөн утас олох үед ойр хавьд хүн байгаагүй учир намайг хэн ч хараагүй юм чинь өөртөө ашиглая гэж бодсон. Хууль журам мэдэхгүйгээсээ болоод буруу зүйл хийсэн байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хүний юм олвол шууд Цагдаагийн байгууллагад авчирч өгнө. Надад хийсэн өөр гэмт хэрэг байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би сард 300.000 төгрөгийн цалин авдаг, дээрээс нь урамшуулал авдаг. Манай эхнэр одоогоор ажлаасаа түр гарсан байгаа. Би утсыг олж аваад Цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэдгийг мэдээгүй. Би гар утсыг нь 2018 оны 11 дүгээр сард буцааж өгсөн. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, дахин ийм асуудал гаргахгүй, дахин гээгдэл эд хөрөнгө олвол Цагдаагийн байгууллагад хандаж, эзэнд нь буцааж өгнө. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэж мэдүүлсэн байдаг.

Харин энэ хэргийн хохирогч буюу гар утсаа алдсан залуу “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ гэртээ харих гэж явж байгаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны гудамжинд өөрийн эзэмшлийн Ай фон-6 S загварын гар утсыг гээсэн. Тэгээд маргааш нь өөрийн 0000000 дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн айди мэйл рүүгээ утсан дээр байгаа дугаар руу залгаад, “миний утсыг өгчихөөрэй шагналтай шүү” гэж бичиж үлдээсэн. Тэгээд би зуны турш хөдөөгүүр ажилтай явж байгаад 11 дүгээр сарын 15-нд ирээд утасныхаа айди кодоор интернэтээр хайлгаж үзэхэд миний утсыг хүн ашиглаж байсан учир Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би утасныхаа айдийг цоожилсон. Тэгсэн чинь 11 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэрийн утас руу танихгүй дугаараас залгаад “утсыг чинь би олсон” гэж хэлсэн. Надтай ярьсан хүн “утасныхаа кодыг тайлчих тэгээд 100.000 төгрөг өгөөд утсаа ав” гэсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд “уулзая” гэхэд эхлээд утасныхаа кодыг тайлчих гэсэн. Би эхлээд “уулзая” гэхэд “зайл даа” гэж мессеж бичээд утсыг унтраасан” гэж хэргийн талаар ярьсан байна.

Хэрвээ гар утас олсон бол цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хэдийгээр тэр дороо баригдахгүй ч гэсэн хэсэг хугацааны дараа баригддаг болохыг уншгч та утсаа гээсэн болон олсон хүний мэдүүлгээс уншсан бизээ.

iPhone, андройд утасны аль нь ч сериал дугаараар нь тухайн утсыг олох боломжтой бөгөөд цагдаагийн байгууллагаас ч олон арга хэмжээ авч байгаа бөгөөд өөрийгөө болон өрөөлийг гэмт хэрэгтэн болохоос өмнө цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгч байгаарай. Эс бөгөөс шүүхээс сонссон ял таны амьдралд хар толбо болон үлдэх сөрөг талтай болохыг анхаарна уу.