Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах, хуульд өөрчлөлт оруулах эрхтэй билээ. Энэ эрхийнхээ хүрээнд  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг 7 үндэслэлээр эгүүлэн татах тухай заасан  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай  хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан юм.

Түүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай  хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг дараха 7 үндэслэлээр эгүүлэн татах юм байна.

451 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

451.1.Дор дурдсан тохиолдолд 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана:

451.1.1.гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

451.1.2.гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;

451.1.3.Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;

451.1.4.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

451.1.5.гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын 1/3-ээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан.

Олон улсын  хэмжээнд сонгогчдын саналаар парламентийн гишүүнийг татах хоёр хэлбэр байдаг. Үүнд: нэгдүгээрт сонгогчдын саналаар гишүүнийг шууд эгүүлэн татах, хоёрдугаарт сонгогчдын саналаар парламентийн шийдвэр гарч гишүүнийг эгүүлэн татах гэсэн хоёр хэлбэр байдаг аж.  Тэгвэл С.Эрдэнэ гишүүнийн санаачилсан энэхүү хуулийн төслөөр нэгдүгээр хэлбэрийг нь сонгосон байна. Учир нь нэгэнт сонгогчид парламентийн гишүүндээ итгэх итгэлгүй болсон бол тухайн асуудлыг хэлэлцэж парламентад санал хурааж асуудлыг шийдвэрлэх нь сонгогчдын эрхийг дордуулж байгаа явдал болно. Төсөлд тусгаснаар сонгогчдын гарын үсэг үнэн зөв, тухайн сонгогч нь уг тойргийн засаг захиргааны нэгжид амьдардаг нь сонгуулийн төв байгууллагын лавлгаагаар нотлогдвол Байнгын хорооны санал, дүгнэлтийн Улсын Их Хуралд уншиж танилцуулснаар гишүүний бүрэн эрх дуусгавар болно. Гишүүнийг бүрэн эрхийг Улсын Их Хурлын шийдвэрээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулдаг тул уг асуудлыг зайлшгүй нэгдсэн хуралдаанд танилцуулаж байх нь зөв гэж хууль санаачлагч үзсэн байх юм.

Уг хуулийн төслийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэзээ хэлэлцэх эсэхийг шийднэ. Ингэснээр УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх тов нь гарна. Харин байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.