Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа


2019/02/16


Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтны улсын зөвлөгөөн нийслэл хотноо “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор амжилттай зохион байгуулагдлааЗөвлөгөөнөөр 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны  зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг  бууруулах зэрэг найман зорилт багтаж байна.

 Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж, тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшуулсан юм. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хийсэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Маш сайн” буюу “А” үнэлэгдэж, эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагын нэгээр шалгарсан байна.

            Мөн энэ өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон 21 аймгийн эрүүл мэндийн газарт автомашин гардуулж өглөө. Эмнэлгийн тусламж,үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү ажил нь иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүрч үйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.


Энэ мэдээ таалагдаж байвал