2019 оны 1 сарын 16-нд НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгохоор санал хураалт явуулсан ч нэр дэвшсэн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын санал 21:21 харьцаатай тэнцэж, нэг санал дээр гурвалжин тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцон дахин санал хураахаар болсон билээ.

Улмаар дахин хураалт явуулахад С.Мөнхчулуун НИТХ-ын 43 төлөөлөгчдийн 24-ынх нь буюу олонхийн санал авч  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож, харин түүнтэй өрсөлдсөн С.Амарсайхан НИТХ-ын 16 төлөөлөгчийн санал авсан юм.

 

Гэсэн ч  Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх түүнийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батлахаас татгалзаж буйгаа 2 сарын 15-нд НИТХ-д мэдэгдсэн.

 

Үүнээс гадна МАН-ын Хяналтын хороо НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намынхаа бодлого, шийдвэрийг дагаагүй гэсэн үндэслэлээр намын гишүүнчлэлээсээ хасахаар яригдаж буй аж.

МАН-ын Удирдах Зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн билээ.

 

Ч.Явуухүү

sonin.mn