Төрийн албан хаагч, хурган дарга нарын хэргийг цагаан захтнуудын хэрэг гэж нэрлээд байгаа билээ. Тэгвэл 2015 онд үйлдэгдсэн цагаан захтнуудын хахуулийн хэрэг цагдаа, шүүхээр эргэж буцаж явсаар энэ онд анхан шатны шүүхээр шийдэгдсэн байна.  

Тухайлбал, Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Чонос овогт Нямаагийн Батсүх, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Тайж овогт Батчулууны Амаржаргал, Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Баруун засгууд овогт Сүх-Очирын Бямбадорж нар хахуулийн хэргээр  АТГ-аас саатуулан шалгаж байсан билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 268.1, 22.4.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019-02-18-ны өдөр хэлэлцсэн байна.  Улмаар С.Бямбадоржийг цагаатгаж бусдад нь ял оноолоо.

Хахуулийн хэрэгт холбогдсрн хүмүүс хэн, хэн бэ?

Чонос овогт Нямаагийн Батсүх, 1963 онд төрсөн эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг.

 Баруун засгууд овогт Сүх-Очирын Бямбадорж, 1979 онд төрсөн, , эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан, одоо албан үүргийг түр түдгэлзүүлсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг.

Тайж овогт Батчулууны Амаржаргал, 1977 онд төрсөн,  эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг.

 

Тэд ямар хэрэгт буруутгагдав?

Н.Батсүх нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуурайтын ам гэх газарт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт 60 иргэний нэр дээр хууль бусаар газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан газрын гэрчилгээ бичиж, БНХАУ-ын иргэн Лин Суйлингээс С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар зуучлуулан 50.000.000 төгрөгийг хээл хахуульд авсан,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргалын иргэн Г.Мөнхбаатарт Баянзүрх дүүргийн 20 дугаар Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгуулахаар урьдчилан амлаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан мэдээллийн санд бүртгүүлж, БНХАУ-ын иргэн Лин Суйлингээс 100.000.000 төгрөгийг Г.Мөнхбаатараар зуучлуулан хээл хахуульд авсан үйлдэлд дэмжлэг үзүүлж, учрах саадыг арилгах замаар хамтран оролцсон,

Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын Харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албаны даргаар ажиллаж байсан С.Бямбадоржтой бүлэглэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 43 иргэний нэр дээр дээрх хуулийн заалтыг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар захирамжаар эрхийн зөрчилтэй газрын кадастрын нэгдсэн санд бүртгэгдээгүй 90 айлын газрын гэрчилгээг гарган өгч, “Хадат вилла” хотхоны ашиглалтанд орсон В5 тоот амины орон сууцны өмчлөх эрхийг С.Бямбадоржийн эхнэр Ч.Цэцэгбаярын нэр дээр 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч, 197.436.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус буруутгагдсан юм.

 Энэ хэрэгт  Нийслэлийн Прокурорын газраас Н.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, С.Бямбадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Б.Амаржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм.

Гэвч энэ хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд эргэж буцсаар хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019-02-18-ны өдөр хэлэлцсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Өмч, харилцааны газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан Чонос овогт Нямаагийн Батсүхэд 3 жилийн хорих ял, Тайж овогт Батчулууны Амаржаргалд 4 жил 6 сарын ял оноосон бол Баянгол дүүргийн Өмч, харилцааны газрын албаны даргаар ажиллаж байсан С.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэрвээ шүүх хуралд оролцогчид давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол энэ шийдвэр эцсийн шийдвэр байх болно. Харин давж заалдах шатны шүүхэд хандах юм бол энэ шийдвэр “түдгэлзэх” юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.