ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг намжих шинжтэй болоод явчихлаа. Жирийн иргэнийхээ боломжийг хулгайлсан энэ асуудлаас болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуц­лага хүлээх ёстой байв. Гэсэн ч ганц хоёр сайдаа явуулаад л өнгөрөв.

Мөн прокурорын байгууллагаас ЖДҮ-гээс зээл авсан дөрвөн гишүүнийг түдгэл­зүүлэх санал  парламентад орж ирсэн ч  ангийнх нь  нөхөд хамгаалж авч үлд­сэн. Түүний дараа УИХ-ын ги­шүүн Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд на­рыг яллагдагчаар татсан ч зарим нь ирж мэдүүлэг өгөхгүй, шалгалтад хүнд­рэл үүсч байна гэдгийг хуулийн байгуул­лагаас мэдэгдэж байгаа юм. Тухайл­бал, УИХ-ын гишүүн Г.Солтан яллаг­дагчаар татах дүгнэлттэйгээ ч очиж танилцаагүй байна. Тэгэхээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиг­лаж их хэмжээний зээл авсан тө­рийн өндөр албан тушаалнуудад хариуц­лага тооцох асуудал  энэ хүртэл өнд­рөө аваад намжиж магадгүй болчихлоо.

Өчигдөр болсон Засгийн газ­рын ху­ралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтынхаа дүнг танил­цуул­сан байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЖДҮ-гийн асуудалд санаа тавьж, ганц л даалгавар өгсөн нь тусгай сан­гуу­дыг шалгах үүрэг байв. Өөрөөр тэр гараа ч хөдөлгөөгүй. Түүний даал­гавраар Сангийн яамнаас ЖДҮ гэж онцолсонгүй, сангуудыг хавтгай­руулан шалгасан юм.  Засгийн газрын харьяанд байдаг 29 санд ийнхүү шалгалт хийж, зармыг нь татан буул­гах саналаа ч хүргүүлээд байгаа юм байна. Тэд ингэж  олноор нь шалгаж, зөр­чил дутагдал илэрсэн хэмээн сүр дуулиантай мэдэгдэхийн цаана ЖДҮ-гийн хэргийг бүдэгрүүлэх цаашлаад дараад өнгөрөх нэг арга яваад байх шиг байна. Уг нь олон нийт нэн тэргүүнд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ гэсэн хүлээлттэй байгаа.

Сангийн сангийн яамнаас энэ удаа ЖДҮХС биш Тариалан эрхлэлтийг дэм­жих санг хамгийн их “ухаж” шал­га­сан гэдгийг салбарын сайд нь өөрөө хэлж байв. Тариаланг дэмжих сан 2018 оны есдүгээр сарын байдлаар хуга­цаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэр­бум төгрөгт хүрчээ. Түүний араас “Мал хамгаалах сан”, “Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловс­ро­лын зээлийн сан”, “Авто замын сан”-г шалгасан. Шалгалтаар гурван сан­гаас нэгэн зэрэг зээл авсан  зөр­чил илэрчээ. Мөн хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Эдгээр нь Монголбанкны зээлийн мэдээл­лийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу, 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр үүссэн нь мөн тогтоогджээ. Түүнчлэн “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуу­лагд­санаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийнхаа зээлийг төлөх зөрчил ч нэлээд гарчээ. Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний  зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсон бололтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин