Инээмсэглэсэн, эрвээхэй зангиатай, буурал өвгөний зургийг хараад бид KFC-гийн лого гэж таньдаг болсон. Харленд Сандерс хэмээх эрхэм хэцүүхэн амьдралынхаа туршид хөдөлмөрлөж, олон төрлийн ажил хийсээр эцэст нь цуглуулсан багахан мөнгөөрөө Кентуки мужид төв зам дагуу авто засварын газар нээж үйлчлүүлэгч олонтой болсноор тэдэнд зориулж хоолны жижигхэн гуанз нээжээ.

Ингэж л анх KFC гэж бидний мэдэх болсон шарсан тахианы брэндийн үүсэл тавигдаж. Удалгүй хоолны газар нь Кентуки даяар алдаршиж, мужийн амбан захирагч түүнд “Кентуккийн хурандаа“ цол олгож. Тавь гарсан хойноо л бизнесээ эхэлж, жар гарантайд нь түүний өвөрмөц амттай шарсан тахиаг улс даяараа мэддэг болж. Одоо дэлхийн олон оронд 130 гаруй салбар нь бий. Монгол дэлхийн энэ брэндийн франчайзингийн эрхээ авч, 2013 онд нээснээс хойш томчууд төдийгүй залуучууд, хүүхдүүдийн үйлчлүүлэх дуртай газар болов. Үйлчлүүлэгчид эхэндээ ам сайтай, нээлтийн үеэр нь уртаас урт дараалал үүсч байсан цаг өчигдөрхөн мэт. Ингээд байрлал сайтай газруудад салбарууд нэмэгдэв. Иргэдийн гомдол ам дамжин хаа нэг сонсогддог ч энэ удаагийнх шиг ийм олноороо хордож эмнэлэгт ирж байсангүй.

Энэ сарын наймнаас аравны хооронд KFC Зайсан салбараар үйлчлүүлсэн 70 гаруй иргэн хордсон гэж эмнэлэгт хандаж, эхнийх нь тус салбарт үйлчлүүлсэн гэр бүлийн таван хүн байв. Тэд шинжилгээ өгөхөд шигелла буюу гэдэсний суулгат үүсгэдэг нян илэрчээ. Энэ нян бохир хоол хүнс, усаар дамждаг. Мөн хоёр эрэгтэй хүн хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох үед анусаар дамждаг юм байна. Мэдээж хордлоготой ирсэн хүмүүс бүгдээрээ эрэгтэй, тэгээд ижил хүйстэн биш болохоор бэлгийн замаар дамжих магадлал байхгүй. Хордлого авч ирсэн хүмүүсийн дунд хүүхэд олноороо байгааг бас дурдах хэрэгтэй болов уу. Эхний ирсэн хүмүүсийн дараа хордлого авсан хүмүүс олноороо ирсэн бөгөөд эмнэлэг ачаалалаа дийлэхгүй болтлоо нэмэгдэж. Бүгд KFC-гийн Зайсан дахь салбарт тахиа идсэн болж таарлаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч, ХӨСҮТ-ийнхэн ч албан ёсны хариуг одоогоор гараагүй гэж хэлж байгаа. Харин “Таван богд фүүдс” ХХК-ийн маркетингийн албанаас мэдэгдэл гаргаж. Мэдэгдэлд “Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон тухай мэдээлэл гарсанд харамсаж байна. Мэргэжлийн байгууллагууд албан ёсны хариу, дүгнэлт гаргасны дараа эргэн мэдэгдэх болно” гэсэн утга бүхий зүйлсийг дурджээ. Харин иргэд хордсонд харамсаж байгаа үг, өгүүлбэр уг мэдэгдэлд байсангүй.

Мэдээж хэн дуртай нь дэлхийд танигдсан франчайз оруулаад ирэхгүй. Нэлээд судалгаа, хөрөнгө хүч зарцуулж оруулж ирсэн байж таараа. Франчайзинг нь хоолны цэс, маркетинг, технологи, стандартаа дамжуулж, эрх өгч байгаа хэрэг. Гэвч KFC–гийн франчайзингийг Монголд ажиллуулж чадахгүй байгаа нь ингэж олон хүн хордсон үйл явдлаас харагдлаа. Юмыг хийж чаддаггүй, стандарт мөрддөггүй, болж л өгвөл бага мөнгөөр их ашиг олохоо л чухалчилдаг, сувдаг сэтгэлтэй монголчуудын араншин ийм л байна. KFC брэндийн эрхийг эзэмшдэг YUM brands жил бүр дэлхийд танигдсан итгэмжит байгууллагыг сонгон улс орон бүрт байгаа KFC ресторануудад шалгалт хийдэг аж.

Гэхдээ тухайн байгууллагад мэдэгдэхгүйгээр гэнэтийн шалгалт хийдэг. Олон улсын хүнсний аюулгүй байдлын бичиг баримт зөвшөөрөгдсөн эх үүсвэрүүд, сав баглаа боодол түүхий бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн хамгаалалт, цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний температурын хяналт, хадгалалт, хугацаа, тоног төхөөрөмжийн хяналт, цэвэрлэгээний бодис, шавьж мэрэгчийн хяналт, бохирын систем, сантехник гээд бүгдийг шалгадаг. Энэ бүгд дэлхийн 130 гаруй салбарт нэг стандарттай. Манай улсад 2015 онд ийм гэнэтийн шалгалт явуулж байж. Тэр үед 100 хувийн үнэлгээ авч байсан байх юм. Харин одоо тэр стандартаа мөрдөж байна уу. Хэрэв мөрдсөн бол ийм олон хүн хордох байсан уу. Нээгдээд удаагүй байх үедээ олон улсын шалгалтыг зуун хувийн үнэлгээтэй давж байсан бол 2017 онд Монголын Мэргэжлийн хяналтынхан төлөвлөгөөт шалгалт явуулахад бага эрсдэлтэй гэж гарч байж.

Өөрөөр хэлбэл, огт эрсдэлгүй гэж гараагүй. Үүний дараа 2018 онд дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Өнгөрсөн жилийн шалгалтаар дунд эрсдэлтэй гарсан учраас энэ жил их эрсдэлийн шинжилгээ шалгалт явуулах гэж байтал хэрэг мандаж, олон хүн хордчихлоо. Мөн ийм олон хүн хордчихоод байхад Мэргэжлийн хяналтынхан мэдээлэл хийхдээ зөвхөн хордлого гарсан салбарыг л хааж, шинжилж байгаа, бусад салбарт шалгалт шинжилгээ оруулах боломжгүй гэлээ. Нэг үгээр хэлбэл, заавал хүн хордож байж л шинжлэх юм байх. Үүнийгээ Зөрчлийн тухай хуультай холбож тайлбарлана лээ. Зөрчил гарсан газар л шалгалт явуулах ёстой юм гэнэ. Дэлхийн стандартад долоо хоног түүхий эдийг хадгална гэвэл манайхан хөлдүү байсан юм чинь яавал гэж гээд арав хоног, сар ч хэрэглэж чадах л улс. Тахиа шарах тосоо стандартаас гажиж илүү олон удаа хэрэглэж байж магад. Хэмнэж байгаа ухаан нь тэр. Сувдаг шунахай сэтгэл нь зарлага гарахын нэмэр гээд энэ мэтээр хэмнэж өлхөн чадах биз. Монголчууд шуналтай хэрнээ залхуу. Энийгээ хаацайлаад сүртэй шдээ, яагуузай гэх хандлагаа хэнэггүй монгол зан гэж өөгшүүлдэг. Яагуузай гэдэг нь яавал гэж хэмээн үл тоомсорлохдоо хар ярианд хэрэглэдэг үг. Тэрнээс албан ёсны тайлбар толинд байхгүй.

Монголчууд юмыг үнэн сэтгэлээсээ тууштай хийддэггүй. Нэг цайны газар нээж, орц амт сайтай хоол хийж эхэлдэг, үйлчлүүлэгч олон болоод овоо ашиг олж эхлэхээрээ л амт чанар, орц нь багасаад ирдэг. Ингээд л хар аяндаа үйлчлүүлэгч нь цөөрч, дампуурдаг. Гадныхан нэг чанартай юмаа улам чанаржуулна уу гэхээс муутгахгүй. Тиймдээ ч үйлдвэрлэгч нь үе дамждаг шигээ хэрэглэгч нь бас үе дамжин олон зуун жилийг ардаа орхиж, чанартай брэнд болж чаддаг. Бид харин эсрэгээрээ. Дүр эсгэсэн, хайнга, сувдаг сэтгэл нь дээр доор, том жижиг, дунд шатны бүх бизнест илэрнэ. Хэзээ ч анхны амт чанараа хадгалдаггүй. Хэдэн төгрөг олохоо бодохоос хэтдээ яахыг огт төсөөлөхгүй, өнөөдөр л болж байвал маргаашийн ирээдүй огт хамаагүй мэт аягладаг. KFC түргэн хоол атлаа цагийн дараа хоолоо бэлэн болгох нь бий. Рестораны захиалгын хоолноос удаж гардаг түргэн хоол гэж юу байхав. Гэтэл KFC-г үүсгэн байгуулагч Харленд Сандерс жижигхэн хоолны газрын ачаалал ихэсч хамгийн удаандаа гучин минут үйлчлүүлэгчээ хүлээлгэхэд хүрч байсанд санаа зовж, түргэн буцалгагч авч байжээ. Ингэснээр хамгийн удаандаа л үйлчлүүлэгч 15 минут хүлээдэг болсон гэнэ. Мэдээж тэрнээс хойш төгөлдөржин, тоног төхөөрөмж ч сайжирч, дэлхийгээр нэг салбартай болсон нь тодорхой.

Дэлхийн энэ том франчайзингийн нэр хүндийг унагаж байгаа Монголын салбараа хаах хэрэгтэй болжээ. Нэр төрөө хамгаалмаар юм даа, КFС эзэмшигч дэлхийн компани. Дэлхийн брэндэд буруу байхгүй. Дэлхийн брэнд Монголын яагуузайд л өртөж. Стандарт хангадаггүй, хүний эрүүл мэнд, амь насыг үл хайрладаг сувьдаг монгол компаниас эрхээ авч өөр чаддаг компанид нь өгч ажиллуулахгүй бол брэндийн чинь нэрийг хэнэггүй хэсэг монгол шороотой хутгалаа шүү. Гэрээндээ ч бас үүнийг хатуу заасан л байж таараа.