Хэвлэлийн хурлын эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2019 оны хоёрдугаар сард хийсэн ажлын тайланг танилцууллаа.

Үргэлжлүүлэн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн асуултад хариулж байна

-ШШГЕГ-т саатуулагдаж байгаад нас барсан шүүгчийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ?

- Харамсалтай үйл явдал боллоо. Тус хэлтсээс Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгаад явж байхад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эхний ээлжинд талийгаачийг сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулаад байсан. Энэ үед харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Түүнийг хээл хахууль өгөх авах гэмт хэрэгт хамтарч ажилласан хэмээн шалгаж байсан.

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нарын хэргийн талаар мэдээлэл өгөөч?

- Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Энэ хүмүүсийн албан үүргийг түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Үргэлжлүүлэн шалгана.

- Талийгаачийг хуулийн ямар заалтаар шалгаж байсан бэ. Цагдан хорих 48 цагийн хугацаа дууссан байсан уу?

- АТГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Хэрэг шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Энэ хүн авлига өгөх үйл явцад хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгагдаж байсан.

- Талийгаачийг амиа хорлосон эсвал гадны нөлөөтэй нас барсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Талийгаачийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Хоригдож байх хугацаанд амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг. Манайхаас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

- Талийгаачтай хамт ямар ямар хүмүүс хоригдсон бэ. Энэ хэрэгт холбогдуулан хэчнээн хүнийг хорьсон бэ?

- Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн хэрэгт шалгалт явуулж байгаа. Энэ хэргийг шалгах явцад таван хүнийг цагдан хорьсон. Одоогоор хоригдож байгаа хүн байхгүй.

- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан уу?

- Ерөнхийлөгчийн Прокурорын байгууллагад өгсөн материалтай холбогдуулан Таван толгойн хэрэгт нэгтгэн шалгаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.