Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан хоёр ослын улмаас нийт таван хүүхэд бэртсэн байна. Ослын шалтгаан нь жолооч согтуугаар гэр бүлээ тээвэрлэснээс болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн баруун замд "T.Chaser" маркын автомашины жолооч А нь согтуугаар жолоо барьсны улмаас гэрлийн шон мөргөж, зорчигч 13 настай У, зургаан настай Э, гурван настай Б нарын хүүхэд гэмтжээ.

Мөн Хан-Уул дүүрэг, Морингийн давааны замд "T.Pruis" маркын автомашин онхолдож, согтуугаар жолоо барьсан жолооч 41 настай Ө, зорчиж явсан таван настай А,  зургаан настай А нар гэмтсэн осол Тээврийн цагдаагийн алба бүртгэсэн байна.

Тус алба өнгөрсөн амралтын өдөр 405 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 288-ыг нь шалгаж, шийдвэрлэв. Замын цагдаа нар 132 согтуу жолоочийг

илрүүлэн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 хүн бэртсэний тав нь бага насны хүүхэд байна.

 

Улсын хэмжээнд хүүхэд хамгаалах суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай байна гэсэн судалгаа гарчээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, хүнд гэмтсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь хамгаалах суудалгүй тээврийн хэрэгсэлд зорчсон дүн гарсан байна.

 

Иймд аав, ээж нар хайхрамжгүй байдлаас үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хохироох явдал гарч байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдээ хамгаалах суудалтай тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

С.Мөнхбаатар

Эх сурвалж: Монцамэ агентлаг