Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

-Сүүлийн үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д Монгол Улс элсэх хэрэгтэй гэсэн сурталчилгааг манай улстөрчдийн зүгээс ихээхэн хийх боллоо. Та ямар байр суурьтай байна?

 

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ 1996 онд байгуулагдсан. Хил хязгаарын төвөгтэй нөхцөлд байгаа зургаан орон, БНХАУ, ОХУ, Казахстан, Узбекистан Тажикстан, Киргиз улс эхэлж байгуулсан юм шүү дээ. Эдний одоогийн төвшинд тавьж байгаа гол асуудал нь алан хядах, салан тусгаарлах, хорлон сүйтгэх гэсэн  гурван үйл ажиллагааны эсрэг тэмцэнэ гэж ярьдаг. Сүүлд Энэтхэг, Пакистан улс нэмж орсон байна лээ. Монгол Улс энд ороод юу хийж чадах вэ. Ямар үйл ажиллагаа явуулах вэ гэвэл дээрх гурван асуудлын аль нь ч Монгол Улсыг олон улсын эвсэлд нэгдэхүйц шахалт, шаардлага болоогүй. Ер нь бол хоёр хөршийнхөө нэгдэн орсон цэрэг, улс төрийн чанартай хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс яаж хандах вэ гэдгийг бодох хоёр үндэслэл бидэнд бий.

Нэгдүгээрт, Монголын улс төр тогтворгүй байна.

 

Өнөөдөр дэлхийн аль ч улс орныг аваад үзэхэд Монголын парламент, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглалын  хооронд ингэтлээ тэмцэл өрнөсөн улсыг олоход хэцүү.

 

Улс төрийн тогтворгүй нөхцөлд байгаа улс орон гадагшаа эвсэл холбоонд орно гэдэг нь  тэндээс тусламж дэмжлэг авах тухай асуудал юм шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улс эдийн засгийн хувьд маш сул дорой, өр зээлд баригдсан, ДНБ-ээсээ  хоёр дахин давсан өр зээлд орчихоод байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан ийм байдалтай улс орон гаднын эвсэл холбоо руу гүйнэ гэдэг  эргэлзээтэй. Энэ бол Монголын талаас тавих ёстой асуултын нэг.

 

-Эргэлзээ, хардлага төрүүлж байгаа өөр зүйл байна уу?

 

-Бид  нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Одоогоос 100 жилийн өмнө Монголын ноёд дээдсүүд Сюй Шү Жанд захидал бичиж, урьж авчраад монгол төрийнхөө тугийг буулгаж, зэвсгээ хураалгаж байлаа. Түүнээс  хойш 100 жил өнгөрчээ. Тэгэхээр 100 жилийн ойг нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэж тэмдэглэх гээ юм уу  гэсэн хардлага надад байдаг. Бид 1921 онд Ардын хувьсгал гарч гамингийн ноёрхлоос салж байлаа. Одоо бидэнд дахин тэгж хөдлөх боломж ирэх 2021  онд байх чуу, үгүй чүү, сайндаа л  Ерөнхийлөгчийн сонгууль болох биз дээ гэж бодогдоно. Түүхийг олон дахин сөргүүлж турших хэрэггүй юм.

 

-Ер нь ШХАБ ямар зорилго, чиглэлээр ажилладаг юм бол?

 

-ШХАБ анхнаасаа цэрэг, улс төрийн чиглэлтэй байгууллага байсан. Одоо ч тэр хэвээрээ  байгаа. Хэдийгээр эдийн засгийн талын асуудалд голлон анхаарна гэж ярьж байгаа ч одоогоор ШХАБ-аас хэрэгжүүлсэн эдийн засгийн нэг ч төсөл байхгүй.

 

-Манай улс энэ байгууллагад  ороод юу хийж чадах бол?

 

-Монгол Улс тийшээ орлоо гэхэд юу ч хийж чадахгүй. Тэгэхээр орох хэрэг байна уу. Ер нь бол аль нэг эвсэл, холбоонд элсэх асуудлыг дор хаяж 10-20 жилийн цаадахыг харж хөдөлбөл яасан юм бэ. Одоо Хятад орон дэлхийн нэгдүгээр гүрэн болж явна. Удахгүй эдийн засгаараа тэргүүлэгч орон болох төдийгүй цэрэг, зэвсгийн талаар, армийнхаа хүний тоогоор энэ өргөн уудам нутагтай улс орон дэлхийн нэгдүгээр гүрэн болно шүү дээ. Энэ нөхцөлд Ази тивийн тавцан дээр ямаршуу геополитикийн орчин үүсэх вэ. Улс гүрнүүдийн харилцаа яаж өөрчлөгдөх вэ, үүнийг харах хэрэгтэй. Үнэлж дүгнэх ч хэрэгтэй байх. Бид хоёр хөрш оронтойгоо ямар ч тохиолдолд, аливаа эвсэл холбооны гишүүдийн харилцаанаас илүү ойр дотно, ажил хэрэгч, хариуцлагатай хамтын ажиллагаатай байх ёстой. Бид хойд талдаа ч, урд талдаа ч ялгаагүй янз бүрийн худал амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэхгүй бултсаар байгаад нэр нүүрээ барсан шүү дээ. Холбоонд орно гэж гүйгээд тэнд байгаа холбооны гишүүдийн өмнө бас нэг баахан худал ярьж, амлалт өгч суухын оронд хоёр хөрштэйгөө тогтоосон хамтын ажиллагаа, төслүүдээ хэрэгжүүлэхэд илүү анхаарвал яасан юм бэ. Энэ нь ч Монголд ашигтай  гэж бодогддог.

 

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад айлчлахдаа “Манай хөгжлийн  галт тэргэнд та бүхэн суугаарай, хамтдаа хөгжье” гэж урьж, уриалж байсан. Манайхан ч тухайн үед хамтдаа хөгжих нь гэцгээж байлаа. Хамтын хөгжил гэд­гийг та ямар утгаар ойлгож  байна?

 

-Тэр  үгийг манайхан зөв ойлгох хэрэгтэй. Хөгжил гэдэг бол тухайн улс орны өөрийн дотоодын нөхцлөөс төрж гарна. Аливаа улс орны хүч, зориг тэмүүлэл, амьдрах арга зам нь нэг чигт төвлөрсөн цагт л хөгжинө. Хятад орон түргэн хөгжиж, эдийн засаг нь өсч байхад мэдээж тэдний хэрэгцээ өснө, тэнд нийлүүлэх бараа, материалын хэмжээ өснө. Гэхдээ Монголд ямар нөлөөтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй. Түүхий эд нийлүүлсээр байгаад сүүлд нь өндөр хөгжилтэй том эдийн засгийн түүхий эдийн хавсарга болчихож  болно шүү дээ. Үүнийгээ бодолцож явах хэрэгтэй юм. Нөгөө талаас хөгжил гэдэг хөдөлгүүр нь улсын өөрийн дотоодод байх ёстой бол хүний галт тэргэнд суусан хүн галт тэрэг хаашаа явна тийшээ л явна. Тэрийгээ бас бодох хэрэгтэй байх.

 

-Манай улс урд хөрштэйгөө харилцаж, хоёр орны хоорондын бараа эргэлт жилээс жилд  нэмэгдэж байгаа. Гэтэл хойд хөрштэйгөө улам л холдоод байна уу даа. ОХУ ч гэсэн манайхыг тойруулан БНХАУ-тай зузаан нөхөрлөж байгаа нь хийн хоолой, төмөр зам гээд  юм юман дээр харагдаад  байна?

 

-Хятад улс Монголын гадаад эдийн засгийн харилцаанд хэдийнэ  85 хувийг даваад явж байна. Энэ нь эдийн засгаар нэг улсын хараат боллоо гэсэн үг, нээх бахархах юм биш. Нөгөө талаас, манай хойд талд байгаа том хөршийн ард түмний хэрэглээ, цаг уурын нөхцөл нь хүйтэн сэрүүн бүст багтдаг гэдэг утгаараа мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний зүйл нийлүүлэхэд боломж ихтэй. Гэвч зах зээл нь хаалттай байдлаар өнөөдрийг хүрлээ. Хамтын ажиллагааг аваад үзэхэд, ОХУ “Монгол-Орос цветмет”-ээс гарсны дараа зөвхөн эрчим хүч, зам харилцааны салбарт л хамтарч байна. Нөгөөтэйгүүр, манайхан шатахууныхаа ихэнх хувийг ОХУ-аас авдаг. Харамсалтай нь, Орос манайхаас юу ч авахгүй байгаа. Өнгөрсөн оны гүйцэтгэлээс харахад 60-70 сая ам.долларт хүрэв үү, үгүй юү. Тэр дайны бараа, бүтээгдэхүүн хойшоо гарлаа. Энэ байдал юуг харуулж байна вэ  гэвэл Монгол-Оросын харилцаа тэнцвэрээ алдаж, зайлшгүй Монголын талаас гүнзгий анхаарч, том алхам хийх шаардлагатай болсныг харуулж байна. Манайхан сүүлийн үед гадаад орнуудтай түншлэх тухай ихээхэн ярьдаг болсон.

 

Хятад улсын дарга манайд айлчлахынхаа өмнө Монголыг найдвартай түнш байя, найрсаг түнш байя, итгэлтэй түнш байя гэсэн захидал ирүүлсэн.

 

Үүнийг бүгд мэдэж байгаа. Түншлэлгүй  яах вэ. Түнш гэдэг бизнесийн хүрээнд их ойр харилцааны төрөл. Гэхдээ бид хоёр хөрштэйгөө түншээс арай илүү өргөн хүрээнд андын төвшинд хамтарч ажилламаар санагддаг.Үүнийгээ зөв харж, ойлгох юм бол аль ч талаасаа санаачилга гаргах зүйл байдаг л байх. Түнш гэдэг бол тухайн асуудлыг ярьж, хамтарч ажиллаж байгааг л хэлнэ. Нэгэнт гурван орон хил залгаа, бидний аюулгүй байдал, тусгаар тогтнол гурвуулангаас нь хамаардаг юм чинь зөвхөн түншлэхээс илүү андын төвшинд анхаарах асуудал бий. Ялангуяа, одоогийн нөхцөлд хойд хөрштэйгөө холбож ярих зүйл юм.

 

-Тэгвэл энэ чиглэлд ямар гарц гаргалгаа  байж болох вэ?

 

-Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой болно. Энэ бол монголчууд тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө хийсэн тэмцлийн түүхэн үйл явдлын ой. Үүнд Оросын талын оролцоо их бий. Оросын 20 мянган цэрэг эрийн амиар бид тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдсэн юм шүү. Тэр үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирэх байх. Өмнө нь ирнэ гэж амлаж байсан. Халх голын 75 жилийн ойгоор Оросын ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг ирэхэд манай улс баахан гэрээ хэлэлцээр хийгээд явсных нь дараа тонгорчихсон. Энэ жил тийм байдалд орохгүйгээр гэрээ хэлэлцээрүүдээ маш чамбай хийж, Засгийн газрын комиссоороо хэлэлцэж, урьдчилж тохиролцоод асуудлыг шийдэх хэрэгтэй байх. Хоёр хөрш маань Монголын хувьд бэрхшээл биш, харин ч боломж гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хоёр том зах зээл. Монголоос гарч байгаа жаахан бараа, бүтээгдэхүүн тэнд ямар ч зовлонгүй шингээд алга болно. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаас, энэ хоёр том гүрний нутаг дэвсгэрт Монголын хилийг тойроод монгол угсаатнууд байгаа. Хойд талд Буриад, Тува байна. Өмнөд талд Өвөрмонгол, Шинжаан Уйгарууд байна. Тэдний хэрэглэдэг бараа биднийхтэй ойролцоо. Мал аж ахуйн гаралтай ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үндэсний хувцас гэхэд өөрийн үндэсний загвар, өөрийн хийцийн зүйлийг эрхэмлэдэг. Энэ рүү чиглэж ажиллах хэрэгтэй. Гэтэл манайхан том зүйл яриад байх юм.

 

-Хийн хоолой мөрөөдөж суухаар өөр зүйл сэтгэ, чадахаа амла гэж та хэлж байна уу?

 

-Манайхан баруугаар төмөр зам явчихлаа, хийн хоолой хойгуур өнгөрчихлөө гээд байх юм. Тэр нь Монголоор дайрсан нь ашигтай юү, дайраагүй нь ашигтай юү гэдгийг  ч гэсэн бодох хэрэгтэй. Энэ хоёр гүрэн эдийн засгийн хувьд өөрийн эрх ашгийг эхэлж бодох нөхцөлд  хэрэглээ багатай Монголын уудам газар нутгаар ямар нэгэн хийн хоолой дамжуулах нь ашиггүй. Үүнийг манайхан ойлгох хэрэгтэй. Юм бүхэн дээр өөнтөглөөд, биднийг орхилоо, хаялаа гэдэг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Хийн хоолой Монголд үнэхээр хэрэгтэй юм бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хятадад очоод нүүрс хийжүүлэх үйлдвэр барина гэж тохиролцоод ирж байсан, түүнийгээ барихгүй юү дээ. Тавантолгойнхоо хийг нааш  нь татаж авчраад шатаадагсан уу, дэлбэлдэгсэн үү, тэрийгээ хараад сууж байхгүй юу.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ байдаг л нэг айлчлал уу, нааштай алхам уу?

 

-Айлчлал хэрэгтэй. Монгол шиг хоёр гүрний дунд байгаа улсын хувьд хоёр талтайгаа байнгын холбоотой байж, бие биеийнхээ санаа бодлыг мэдэрч байх нь чухал. Хятадын талтай ч гэсэн олон янзын асуудлууд гарч байна. Жишээлбэл, Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр манайхан Гашуун сухайт руу төмөр зам тавьж байсан. Гэтэл зам маань зөрөөд явчихлаа. Хэдий болтол шороон замаар нүүрс тээж тоос манаргаж явах юм. Байсхийгээд хилийн боомт хаагдлаа, хил дээр зөрчил үүслээ гэх юм. Хэдий болтол ингэж явах юм бэ. Хятадын талд бид түүхий эдээ өгч байна, технологийн хувьд хэзээ бид арилжаанд шилжих юм бэ. Энэ талаас асуудлууд бий. Харилцаж л байх хэрэгтэй. Хойд хөрштэйгөө ч харилцах хэрэгтэй. Манайхан хойд хөрш рүүгээ очиж ажил хэргийн яриа хэлэлцээр хийлгүй нэлээд удчихлаа. Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч байхад гурван орны Төрийн тэргүүний уулзалт болдог байсан. Тэр нь ШХАБ-ын уулзалтын үеэр голдуу болдог байлаа. Гэхдээ гурван орны асуудлыг ярих зүйл байсан. Одоо “Торгоны зам”-ын тухай асуудал ярьж байна. Манайхан “Талын зам” төсөл гээд ярьдаг. Зам тээврийн асуудал Монголд  үнэхээр чухал. Төмөр замаа өргөтгөж, Европоос Хятад руу ачаа нэвтрүүлж байвал болно. Тэгэхгүйгээр авто замаар зөөхөд манай авто замын даац хүрэхгүй. Тэгэхээр төмөр  замынхаа  асуудлыг ярих хэрэгтэй. Энэ бол гурван улс хоорондоо ярьж байж шийдэх асуудал.

 

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин