НИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаанаар хотын даргыг сонгохоор төлөвлөсөн. Гэвч 11:40 цагт товлогдсон хурал завсарлага авсаар байна. Хэдийгээр завсарлагаа дуусаад  хуралдаанаа үргэлжлүүлсэн ч МАН-ын бүлэг дахин 1 цагийн завсарлага авлаа. Завсарлага авах болсон шалтгаан нь тооллогын комисс батлах эсэх асуудал дээр маргаан үүссэн юм. 

Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-үүл “Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх асуудал НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. Ялангуяа Ардын нам завсарлагаа авах хэмжээгээ алдсан. Манай намаас хоёр дахь удаагаа л завсарлага авлаа. Ардын нам шиг мессежээр завсарлага авдаггүй. Хурлын даргалагч хоёр намыг хэт ялгаварлаж байна.

Өнөөдрийн хурал Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэллээ. Б.Батнасан хурлыг удирдаж чадна гэж С.Амарсайхан сонгосон байх. Гэтэл Б.Батнасан юу ч ойлгохгүй байна. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн оруулсан асуудал нь хууль зөрчсөн бол заавал горимын санал оруулж санал хураадаг. Бид орон нутгийн агентлаг биш. Хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчилье. Бүлгийн дарга улс төрийн зорилгоор санал хураах гэж байгааг бид дэмжих юм уу. Бүр ичгүүргүй мэдээлэл хийдэг боллоо” гэв. Тэрбээр хурал даргалагчийг өөрчлөх горимын санал орууллаа. Хурлыг даргалагч Б.Батнасан “Дэгийн дагуу хурлыг явуулах гэж хичээлээ. Би санал хэлэх нэрс аваагүй байхад та нар дайраад байгаа. Би дэгийн дагуу удирдаад явж байна гэж бодож байна гэсэн тайлбарыг өглөө. 

Ингээд үүний дараа шийдэлд хүрч ойлголцоогүйн улмаас МАН-ын бүлгийн дарга Р.Дагва дахин завсарлага авсан юм.