ШШГЕГ-н 461-р ангид саатуулагдсан шүүгч эмэгтэй амь насаа алдсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ард түмнээсээ уучлал хүсч, хариуцлага хүлээхийг шаардлаа.

Хуульч Д.Оросоо “Төрийн тусгай хамгаалалтын газар саатуулагдсан иргэн амиа алдсан асуудал нэг бус удаа гарлаа. ЗТХЯ-ны удирдах ажилтан ажлын байран дээрээ балмад этгээдийн гарт амиа алдсан. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдах албан тушаалтан ажлын байран дээрээ хутгалуулж биедээ гэмтэл авсан. Хамгийн сүүлд цэргийн алба хашиж байсан хоёр ч байлдагч амиа алдсан хэрэг гараад байна. Үүнээс харахад нийгмийг цочроосон цуврал хэргүүд ердийн үзэгдэл мэт гарах боллоо.

Үндсэн хуульд Монголын нийгэм хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байна гэж заасан. Бидний зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх хэргүүдэд анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний амь насыг хамгаалах чиглэлээр яаралтай хуралдаж, зөвлөмж гаргахыг хүсч байна” гэлээ.