ШХАБ-д шат ахих бүтээлч санал

Меморандумаа сайн ул үндэстэй хийгээд, 2020 онд Челябинскт өргөн барихаар шийд

ШХАБ-ын сэдвээр нийгэм талцан маргалдаж, сошиалд давалгаа үүсэн хэрүүлийн талбар боллоо. Үүнийг би муу зүйл гэж бодохгүй байна. Хэрүүл, хараал бол хэлбэр, эмоци бөгөөд гол нь иргэд үүнээс ойлголттой болох нь маш чухал юм. Дэлхийн геополитикийн хүндийн төв яах аргагүй Ази руу түрж, Европ хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаа илэрхийлчихлээ. Мөн Америкийн протекционизмын эсрэг шийдвэртэй тэмцэнэ гэдгээ элч илгээн Трампад биечлэн хэлүүллээ. Трамп ч Европын бодлогод хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. А.Меркельтэй санал зөрөлдөн, гар барилгүй буруу хараад сууж байсан нь саяхан ч, юм үнэнд гүйцэгдэнэ гэдэг энэ. Энэ бол агуу ард түмэнтэй, асар их баялагтай том монголыг тойрон үүсэж байгаа орчин цагийн бодит байдал.

ШХАБ-д элсэнэ, элсэх гэж байгаа гэдэг шийдвэр гараагүй, хэн ч тэгж хэлээгүй байна. Харин дэмжиж ажиллана, хамтын ажиллагаандаа шат ахиулна гэж Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндаогийн саммит дээр хэлсэн. Улс гүрнүүдийн Ерөнхийлөгч нартай хийсэн хоёр талын уулзалтууд дээр ч үзэл баримтлалаа тайлбарласан байна билээ. Орос, Казакстаны Ерөнхийлөгч нар хувиараа маш сайхан зөвлөгөө өгсөн юм билээ, би ТАСС-ын цацсан мэдээнээс үзсэн.

Н.Назарбаeв хэлэхдээ “Та нар америк гэдэг их гүрнийг даган дэндүү дээгүүр тэнгэрээр яваад байна, хэрэггүй юм билээ. Наадах чинь бидний туулаад өнгөрсөн зам. Одоо хөрсөн дээрээ буугаад ир, бид бодитоор тусалъя. Америкаас та нар магтаал сонсож, оронд нь баялгаа алдана. Танайх утааны асуудалтай, тараан байрлуулахаас өөр арга байдаггүй юм. Манайд очиж үз л дээ. Бид нийслэлээ нүүлгэсэн, зөв байсан. Танайд ч гэсэн орчин үеийн экологийн хот байгуулах шаардлага байгаа, бид тусална шүү дээ” хэмээсэн нь ашиг сонирхол биш, сэтгэлийн зөвлөгөө гэж ойлгогддог юм. Харин В.Путин “Оросын газрын тос, хийн хоолойг монголоор дайруулан тавих асуудлыг дэмжиж байна. Үүнийг эдийн засгийн хөгжлийн коридор төсөлтэй уялдуулан шийдэж болно. Харин ТЭЗҮ-ээ сайн хийгээрэй. Та нар ШХАБ-д элсэж болно, хэрэв элсэхээр шийдвэл бид хугацааны талаар Энэтхэг болон танай улсад олгосон онцгой нөхцөлөө хэвээр хадгалж болно гэж бодож байна” гэх мэтчилэн энээ тэрээ зөндөө юм ярьж, зөвлөсөн юм. Үндсэн фондод оруулах хувь хөрөнгийн тухай биш ТЭЗҮ гэж хэлсэн нь та нараас хөрөнгө шаардахгүй, харин ч та нар газраа үр бүтээлтэй үнэлээрэй гэсэн үг байх гэж ойлгосон. В.Путин eр нь манайд их сайн ханддаг л даа, оросын геополитик сонирхдогийн хувьд энийг гадарлана. Eрөнхийлөгч болсныхоо дараа, уламжлал ёсоор оросын элитүүдийг георгиевскийн хүндэтгэлийн танхимд урин цуглуулж, үг хэлэхдээ пассионарностын онол, монгол үндэстний тухай бүтэн цаг ярьж, оросын төр, губернийн удирдлагын 600 хүнийг алмайруулсныг мэднэ. Гэхдээ мэдээж, тусгаар туургатай бүгд найрамдах улс хэн нэгний заавар зөвлөгөөгөөр явахгүй нь ойлгомжтой. Гэхдээ, иймэрхүү мэдээллийг олон түмэнд мэдээлдэг баймаар ч юм уу, төрийн нууц гэж бодохгүй байна.

 

Нийгэм зүйч мэргэжилтэй, Оросын геополитик сонирхдог нийтлэлч надад өөрийн бодол, хэлэх үг байна

Миний хувьд, хуваагдаад байгаа олон нийтийн санаа бодлын аль нэгэнд нь орохгүй, дундчилахгүй. Мэргэжлийн байгууллага голлож, танин мэдэхүйн талаасаа геополитик судлаачид, эмпирик (практик) талаас нь дипломатууд саналаа хэлж эцсийн шийдвэрийг парламент гаргах болохоор миний өнцөг өөр, харин далайд дусал нэмэрлэе л гэж бодсон юм. Монгол Улсын ШХАБ-д хамтын ажиллагаандаа байнга шат ахиулан явах ёстой гэдэг үзэл баримтлалыг дэмжинэ, үндэслэл байгаа.

 

Монгол Улсад дэлхийн хуваагдлын аль нэг талд гарахгүйгээр урагшлах зам олдохгүй, учир нь тийм зам байхгүй. Төвийг сахина гэдэг нь хийсвэрлэл

 

1. Дэлхийн хүндийн төв Азид шилжин Европ хүлээн зөвшөөрлөө, энэ бол дэлхийн геополитикийн бодлогын бодитой өөрчлөлт. Дэлхий маш түргэн хувьсаж, өчигдрийн юм өнөөдөр ул болж байна. Америк төрхийн ардчилал бол агуулга биш юм. Өндөр хөгжилтэй орнууд нь сулыгаа мөлжих механизм, ядуу буурай орнууд нь томынхоо нөлөөнд багтан дагаж амьдрах амиа аргацаасан арга гэдэг нь ойлгогдож эхэллээ. Дэлхий хуваагдчихлаа, туйлуудын  хоорондын тоглолт хүчтэй тэмцэл болон өрнөлөө. Аль нэг талынх нь хамгаалалтын шүхэрт багтан тоглолтод нь идэвхтэй оролцож явах нь үзэгч байснаас хавьгүй эрсдэл багатай болох нь ойлгомжтой болов. Манайх шиг нүд булаасан баялагтай, хүн ам цөөтэй, хүч муутай улсын хувьд ялж байгаа талд нь орох нь л өлзийтэй. Хэн ч манайхыг гуйхгүй, тулгахгүй, тулгаагүй, бид өөрсдөө идэвх гаргах ёстой. Үзэгч байх уу, эсвэл идэвхтэй тоглогч байх уу гэдгээ шийдэх цаг нь болсон.

 

2. Сonsummе, consumatte аль нь байхыгаа дотооддоо эхлээд тогтох ёстой. Consumme гэдэг нь хэрэглээний үүднээс хандах, consumatte гэдэг нь дотор нь орж хамтарч ажиллан ашиг олох, ялгаатай хандлага. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлээс гарч чадахгүй байгаагаас улбаатай зарим менталитет буюу уламжлалт чанар нөлөөлдөг тал бий. Тэр нь аливаад ганцхан хэрэглээний талаас хандах араншин, “бидэнд юу наалдах юм” гэсэн хандлага. Бид юу олж авч чадах вэ гэж хандах ёстой, эс тэгвээс хожигдоно.

 

3. Америкийн протекционизм гэгчийг уг үндсээр нь ойлгох, хамгийн гол нь автахгүй байхыг эрмэлзэх нь манайх шиг хөгжил муутай оронд маш чухал. Монгол Улс ингэхэд юу үйлдвэрлэж  чаддаг билээ. Ийм асуудлыг байнга санаж явах ёстой. Хамтлаггүйгээр юу чадах вэ, юу ч чадахгүй шүү дээ. Тэгэхээр америк протекционизмын боол, босгоны шороо болж амьдарна гэсэн үг. Протекционизм гэдэг нь “үгэнд ороод дага, дагахгүй бол хоригт ороод үх” гэдэг ийм л бодлого шүү. БРИКС протекционизмын эсрэг тэмцэх бодлогоо зарлачихлаа, Европ дэмжиж буй тул юм бодох цаг болсон байна.

 

4. Maнайх дан ганц уул уурхайн орлогоор валютын нөөцөө бүрдүүлдэг онцлогтой улс. Ойрын ирээдүйд энэ байдлаас гарч чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Гадаад худалдаанд өнөөдөр Монгол Улсад зориулсан паритет (худалдааны хөнгөлөлттэй нөхцөл) байхгүй, хоёр талын гэрээгээр, билатерализаци (хоёр талын тохироо) нөхцөлөөр үнэнд нь унаж, “борлуулж л байвал” гэсэн арчаагүй байдалд бараг л хугарлын цэгтээ тулсан үнээр худалдаж байна. Оюутолгойг хар, энэ бол бодит үнэн. Гэтэл ШХАБ-ын гишүүн орнууд мультилатерализацын нөхцөлөөр гааль худалдааны татвараас чөлөөлөгдөж, ялангуяа нийлүүлэгч орон нь илүү ашиг олж байна. Энэ орон зайд үзэгч, эсвэл оролцон тоглогч байхын ялгаа oйлгомжтой байна уу.

 

5. Хөршүүддээ итгэхгүй байх ямар үндэслэл байна. Яагаад тусгаар тогтнолоо алдана гэж. Maнай улсын тусгаар тогтнолыг оросууд улаан цусаа урсган байж олж өгсөн юм биш үү. Тэдний хувьд ч үнэтэй ололт. Гэтэл өөрийнхөө түүхэн ололтыг өөрсдөө устгана гэж байж болох уу. Урд хөршийн хувьд ч манай тусгаар тогтнолыг зөвшөөрсөн ЗХУ-ын дараа жагсах анхны орон.

 

6. Монгол Улс ШХАБ-д элссэнээр том том төслүүд хэрэгжих, ялангуяа монголчуудын мөрөөдөл байсаар ирсэн оросын нефть, шатдаг хийн хоолой монголоор дайран өнгөрөх транзит тээврийн асуудал шийдэгдэх боломж нээгдэнэ. Транзитын орлого бол зардалгүй орлого байдаг.

 

7. Улс оронд том том асуудлууд их хуримтлагдлаа. өнгөрсөн цаг хугацаа асуудлыг шийдэх биш  асуудал хуримтлагдсан он жилүүд болоод өнгөрлөө. Дэлхийн даяарчлалыг даган шинэ шинэ асуудлууд босоод ирлээ. Оффшор, авлига, хүчирхийлэл, хар тамхи, янхандалт, насанд хүрээгүй нялхсыг садар самуунд уруу татах, хүний наймаа энэ бүхэн улам бүр газар авч транснационал шинжтэй болчихлоо. Монгол Улс дангаар шийдэж чадахгүй хэмжээнд нэгэнт хүрсэн, энэ нь үндэсний аюулгүй байдалд бодитоор заналхийлж байна.

 

Монгол Улс ШХАБ-д элсэхэд эрсдэл байхгүй, харин болгоомжлол бий

 

1. Тодорхой болж амжаагүй нэлээд юм байна. Нэр яах вэ өөрчлөгдөх л байх, таван удаа өөрчлөгдчихөөд байгаа юм. Чанарын өөрчлөлт гарах бүрт нэр нь өөрчлөгддөг. Гол нь бодлого  нь бүрэн цэгцрээгүй, нэгдсэн программ шинээр гараагүй байна. Үүнийг хүлээх шаардлага бий. Эндээс удирдлага ОХУ-ын гарт ирж байгааг ашиглан сайн зөвлөлдөх юмнууд байгаа шүү дээ. Меморандумаа сайн ул үндэстэй хийгээд, 2020 онд Челябинскт өргөн барихаар шийдэн тэрийгээ мэдэгдвэл их тохиромжтой байх болно гэж бодож байна.

 

2. Нэгэнт 2020 онд өргөн барьсан меморандум эвслээр хэлэлцэгдэж, 2022-2024 онд бүрэн эрхт гишүүнээр элсчих боломжтой. Tэр болтол дотоодын асуудлаа шийдэх ёстой. Улс орон удирдлагагүй хямарч, эзэнгүй мал шиг боллоо. Төрийн гурван өндөрлөг гэгчээ буруу тогтоосон, биесээ тойруулан тэгш эрхтэйгээр хянана хэмээн тунхагласан нь буруу байжээ. Төрийн удирдлагын системд учраа олохгүй хэтэрхий их цаг алдлаа. Хэрэв энэ чигээрээ ШХАБ ч гэх юмгүй аливаа эвсэл нэгдэлд тал засан нэгдэж орвол хөгжих нь бүү хэл газар нутгаа ч алдах нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Эвсэлд нэгдэх нь туйлын зорилго биш, гэхдээ болгоомжлох хүчин зүйл байгааг дэвэргэн улстөржүүлж, хожоо гаргахыг оролдох нь туйлын мунхаг алхам мөн. Монголчууд ШХАБ-д нэгдэнэ гэдгээс биш асуудлыг үндэслэлгүйгээр хэт улстөржүүлэхээс эмээх ёстой.

 

Улс орон нэгдмэл удирдлагатай байх ёстой гэдгийг маш өндөр үнээр ойлгоцгоох аядаж байна. Нэгдмэл удирдлагатай байхыг гагцхүү ард түмэн гэлтгүй дэлхийн хувирал, нөхцөл байдал аяндаа шаардах болно.

 

1. Парламент нь хоёр танхимтай, ард түмний хяналт хүчтэй байх нь хууль тогтоох засаглалыг хүчгүйдүүлэх хүчин зүйл болохгүй, харин ч чамбайруулж төгөлдөржих тийшээ хандана гэдгийг судлаачид хэлсээр байна. Дэлхийн жишиг ч тийм буй. Аливаа парламент гагцхүү хууль тогтоох үүрэг бүхий улс орны хөгжлийн бодлогын институт мөн.

 

2. Гүйцэтгэх засаглал улс орныг хөгжүүлэх түүчээ болдог юм. Дэлхийн жишиг гэвэл хаантай газар ерөнхий сайд давамгайлсан эрхтэй, хаангүй бол ерөнхийлөгч нь давамгайлсан эрхтэй байдаг. Парламент нь гүйцэтгэх засаглалаасаа давамгайлсан эрхтэй улс орон дэлхийд одоогоор алга, энийг нэг мөр ойлгох цаг болсон. Намаар удирдуулсан төртэй улс африкт ч байхгүй. “Ерөнхийлөгч бол бэлгэдэл” гэдэг томьёолол нь монголын улстөрчдийн зохиол, нарийндаа бол баян олигарх болох гэсэн “алтан загасны үлгэрийн эмгэн” маягийн мөрөөдлөө үндсэн хуульд шигтгэсэн гэмт үйлдэл. Германы Ерөнхийлөгч гэхэд л Канцлераа томилдог, үндсэн хуулийнхаа шүүхийг удирддаг байх жишээтэй. Гүйцэтгэх засаглал дотроо Ерөнхийлөгч давамгайлах эрхтэй байх уу, аль эсвэл Ерөнхий сайдын давамгай эрхтэй Канцлер засаглалтай байх уу гэдгийг бүх ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Үндсэн хууль бол ард түмний бүтээл, одоогийн парламентад мөрдөгдөж байгаа үндсэн хуульд ард түмний санал асуулга хийхгүйгээр цэг таслалын ч өөрчлөлт оруулах эрх байхгүй. Хэрэв ийм оролдлого хийвээс томилогдоод удаагүй байгаа спикер огцрох болно.

 

3. Үндсэн хуулийн цэцийг яаралтай татан буулгаж, улсын ерөнхий шүүгчийг парламентын арын халааснаас сугалан төрийн өндөрлөгт аваачих ёстой. Үндсэн хуулийн хяналтыг германы жишгээр анхан шатны шүүх нь хариуцаад явахад болно.

 

4. ШХАБ-д элсэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлчхээд, харин энэ удаадаа Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид нь жинхэнэ гишүүнээр элсчихвэл яасан юм бэ. Oдоо болох уулзалтууд дээр саналаа өгөөд зургадугаар сард Бишкекийн уулзалт дээр асуудлаа шийдүүлчихэд л шат ахилт шүү дээ. БРИКС бол хөгжлөөр биш байгалийн баялгаар нэгдсэн эвсэл, үүгээрээ их 7-оос ялгаатай. Энд харин ажиглагчаар элсье хэмээн шийдүүлчихвэл, худалдааны хөнгөлөлтөд хамрагдана. Оффшор авлигын эсрэг тэмцэх конвенцид яаралтай нэгдэн орох бүх арга замыг сүвэгчлэх ёстой гээд шат ахиулах арга их бий.

 

Дүгнэлт: Дотооддоо төрийн тогтолцооны асуудлаа шийдээгүй нөхцөлд ШХАБ-д элсэх бүү хэл тэр талын яриа ч байж болохгүй, газар нутгаа ч алдаж мэднэ. Энэ бол хамгийн том болгоомжлол.

 

Социологич И.Цэрэнхүү