Цагаан баавгай гэдэг нь мөсөн туйлд амьдардаг баавгай биш манай нохойны нэр юм. Бидний сунжирсан удаан нүүдлээс болж энэ нохой нутаг дээрээ хаягдаж, бор зүрхээрээ гурван жил гаруй амьдарч байгаад сураггүй болж билээ. Энэ тухай дурсамж тэрлэв.

Манайх 1993 оны долдугаар сарын 11-нд Шарын голын Хавчуу гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг болох Гэр харганын аманд ирээд нутагласан юм. Тэр жилийнхээ өвөл нэгэн анчнаас жижигхэн саарал жингэр нохой авсан нь Цагаан баавгайн ээж байлаа. Харцага хоёр жилийн дараа өвөл гурван гөлөг гаргасны хоёр нь хөлдөж үхээд нэг цагаан гөлөг үлдсэн нь нохой болсон юм. Цагаан баавгай томорч, хүч чадал сайтай сайн хоточ нохой боллоо. Шөнө үргэлж хуцаж дуу чимээ өгнө. Ер нь хоточ нохой ямар билээ яг л тийм нохой байсан юм.

Нэг өвөл оройхон ноход сүрхий хуцаж ямар нэгэн амьтан руу дайрч байх шиг санагдав. Гадаа гарвал тас харанхуйд амьтан шүдээ хавирах чимээ гарч байна. Доошоо сууж хартал тэнгэрийн савслагын гэгээнд үхрийн байрны дэргэд нэг буга ирээд зогсчихсон харагдлаа. Ноход буга руу боргон дайрч байсан нь тэр юмсанж. Тэр үед манайх гурван ч нохойтой байсан байх. Би нохдоо хорьж, тэр амьтан ч цаг гаруйн дараа хойд энгэр дагаж хэсэг давхиад хяр даван алга болов. Өглөө мөрийг нь харлаа. Буга чононд хөөгдөж ирсэн нь илт. Цасан дээр таван ч чонын мөр байна. Нохойн дуу хүний үнэр аваад холхон зайнд харж сууж байгаад буцжээ.

 

Үүнээс гурав дөрөв хоногийн дараа шөнө дунд өнгөрч байтал ноход шуугин ямар нэгэн юмтай ноцолдоод эхэллээ. Гараад хартал Цагаан баавгай маань байшин доороос гараад ирэв. Үс ноос нь үнгэгдэж, амьтны цус, шүлс болжээ. Нөгөө нэг нохой нь арай ядан явж байлаа. Харин гуравдахь нь тасар татуулчихжээ. Цагаан баавгай дийлдэхдээ байшин доогуур зугтаж орсон бололтой. Цас ажиглавал өнөөх чононуудын мөр энд тэндгүй. Мөн ч хонзогнуур амьтад даа. Түүнээс хойш Цагаан баавгай маань ихэд ууртай догшин болж шөнө болохоор үргэлж хуцаж байдаг болов оо.

Би 2004 оноос Могойн голын уурхайд ажиллах болж нүүдэл эхэллээ. Арав гаруй хоног уван цуван, урт удаан үргэлжилсэн энэ нүүдлээр нохой маань буурин дээрээ үлдсэн. Нүүдлийн сүүлчийн улсууд ч дагуулж явах гэж оролдоогүй юм гэнэ лээ. Би ч амжсангүй. Харин жил хэртэй болсны дараа эргэж очсон. Нохой маань ч таарсан. Бараг зэрлэг амьтан болсон байлаа. Хүн амьтанд ч ойртохгүй аймхай, эсвэл хашир ч гэмээр болжээ. Нэрээр нь дуудахад намайг шууд таньж байсан ч ойртож ирэхгүй байв. Идэх юм хаяж өгсөөр нэлээд хол дагуулан явж байтал голын дэнж доор шороо ухаж буй (нинжа) хүмүүсийн чимээ аваад шууд зугатаад мод руу орж алга болов. Нэлээн дуудаж араас нь явсан ч олоогүй. Тэр хээрийн амьтан болжээ.

Харганын гол явсан, ирсэн хүмүүсээс сураг сонсоно.

Цагаан баавгай маань тэр хавиар байдаг, уурхай, нинжа нарын лагераар шөнө юмуу үүрээр эргэлддэг, гэхдээ хүнд ер үзэгддэггүй гэнэ. Хээрийн отгийн хүнс ч хулгайлдаг бололтой. 

 

Эрийн сайнаар ууланд гарсан энэ амьтны тухай нинжа нар, анчид мөн тэндхийн орос компанийн хүмүүс олон ч хууч яриа сонсгодог болсны заримыг нэмэр хачиргүйгээр өгүүлэе.

 

 

АНЧНЫ ЯРИА-1:

 

-2005 оны намар оройхон цас орж хүйтэрсэн сүрхий жихүүн өдөр Харганы голын эхэн хавьцаа хойд энгэрийн нэг жалганд нөмөр аятайхан газар олж байрлах санаатай өгсөж явтал хажуугийн энгэрийн хэсэг модон дотроос ямар нэгэн амьтны хөлийн чимээ гарч, морь тэр зүг рүү хараад үргэх янзтай болохоор нь тэр дороо буун морио уяад модон дотроос юу гарч ирэхийг нь хүлээн биеэ далдлаад сууж байтал танай нохой нэг том гурны хүзүүнд зүүгдэн дээр дороо орон ноцолдсоор гарч ирдэг байгаа. Чухам юу болж дуусахыг нь харъя гэтэл үнэр авсан бололтой ангаа тавиад миний байгаа зүг рүү сүрхий харж байснаа буцаад мод руугаа орчихов. Орхисон гур нь хэсэг салганаж байгаад үхсэн байлаа. Багалзуураа тас хазуулжээ. Би толгой шийр гэдэс дотрыг нь нохойны хувь болгож үлдээгээд тураг махыг нь аваад явсан даа.

 

АНЧНЫ ЯРИА-2:

 

-Бидний хэдэн хүн гахайнд санаархаж Харганын голын адаг хавьд отоглож байлаа. Намайг нэг орой голын эрэг дээр сууж байтал нөгөө талд гол өгсөөд чонорхуу амьтан явав. Өвөрт байсан дурангаа аван шагайтал чоно биш босоо чихтэй цагаан нохой байна. Энэ лав нөгөө зэрлэгшиж хүний бараа харахаа больсон нохой мөн байх гэж бодоод хөдлөлгүй харж суутал тэрээр усны хөвөө рүү сүрхий ажиглан харж, заримдаа мярайн гэтэж байх шиг байснаа гэнэт ус руу үсэрч ороод хориод см хэртэй загас амандаа зуугаад хэдхэн зажлах шиг болоод бүхпээр нь залгичихаад яваад өглөө. Бид тэр шөнө идэж уух юмаа эмхэлж цэгцлээд сонор сэрэмжтэй унтацгаасан даа. Тэрнээс хойш тэр нохой дахин надтай таараагүй билээ.

 

“НИНЖА”-ГИЙН ЯРИА-3

 

-Бид нар тавуулаа нэг отог болж модон оромжиндоо амьдарч алт ухна. Идэх уух юмаа авахдаа байрнаасаа арай холхон өвс модоор далдлаад нуух байдалтай тавьчихаад яваад өгнө. Орой болтол шороогоо ухаж байгаад ирж бүгд нийлээд хоол ундаа хийж идээд унтаад өгдөг байв. Нэг удаа ажилдаа яваад орой иртэл идэж уух юмыг минь сандаачиж, ямааны хоёр хөл мах байсны нэгийг нь аваад явчихсан байлаа. Тэр хавийнхныг ч хардаж, маргааш явахдаа нэгийгээ үлдээсэн. Орой нь ирж асуухад, “Тэр уинь хулгайч биш нэг цагаан нохой байна. Хажуу уулын модон дотроос сэм гарч ирээд шууд л манай хүнс рүү гэтэж эхлэхэд нь чанга орилж зугтаалгалаа” гэж байна. Бидний отог хамгийн захад байсан тул тэр нохой хүний зай чөлөөгөөр ирдэг бололтой. Бид бусад хүмүүст сонор сэрэмжтэй байцгаа, буутай хүн байвал харагдсан газар нь шууд буудах хэрэгтэй гэсэн анхааруулга өгсөн.

 

Тэрнээс хойш хориод хоногийн дараа нэг сураг гарсан. Тэгээд бас л нэг хэсэг чимээгүй болсон. Хэд хоноод дахиад л хүмүүс хүнсээ алдлаа энэ тэр гээд л шуугиж гарсан. Отог бүхэн сэрэмжтэй байж тэр хэцүү нохойг авлах зохион байгуулалт хийгээд ч авлаж чадаагүй юм. Учир нь тэр нохой хүмүүст харагдана гэж ер үгүй, нэг л мэдэхэд аль нэг отгоос хүнсийг нь хэзээний авчихсан байдаг байлаа. Бид тэнд ирж очин бараг зунжин байсан тэгэхэд энд тэнд хүмүүс хоолоо алдлаа энэ тэр гэж үе үе яригддаг байсан. Зарим нь хоол унд үгүй болсон отог далимдуулж нэгнийхээ хоолноос авдаг байсан ч юм билүү хэн мэдпээ. Танай тэр нохой чинь нэг л хэсэг тэр хавиар шуугиулж байгаад энд тэнд явна гэж сонсогдохгүй чимээгүй болсон шүү. Тэр үнэхээр ухаантай нохой байсан даа.

 

“НИНЖА”-ГИЙН ЯРИА-4

 

-Манай отог Харганы голын дээд хавьд хүн амьтнаас арай зайдуу газарт тавуулаа байдаг байсан юм. Бид өдөр бүр ажилдаа явахдаа нэг хүнээ заавал үлдээж отог болон хоол хүнсээ харах түлээ модоо бэлдэх морь малаа харах үүрэг өгөөд дөрөв нь ажилдаа явдаг байсан. Нэг өдөр отог дээрээ хоёр нөхрөө үлдээв, Нэг нь уулаар явж чадвал ганц гөрөөс, болохгүй бол туулай, шувуу ч байсан хамаагүй агнах санаатай нөгөө нь юм хумаа харан түлээ бэлдэх ажилтай үлдэв. Анчин маань оройхон нэлээн ядарчихсан бүснээсээ хэдэн бор хөтүү зүүчихсэн сүрхий хүн орж ирэв. Анчинд маань гөрөөс таараагүй бололтой. Бид ч тэр орой хөтүү шувууны махаар шинэ шөл хийж уугаад анчныхаа сонинг сонсоод их л хөөртэй байлаа . Анчин нөхөр мань, “Би өнөөдөр нөгөө алдартай цагаан нохойг чинь харлаа шүү. Бидний хэлж заншсан есийн тосыг аман дээрээс нь зуугаад ямар ч сэвгүй асгаж барилгүй толгойгоо гэдийлгээд уучихаад цаашаа ухасхийн алга болохыг харлаа. Тэр лав миний үнэр авсан уу эсвэл чимээ сонсож хүн явж байгааг мэдсэн үү ямартай ч маш хурдан мод руугаа орсон юм. Тос ууж байхад нь буудаж болох л байлаа. Миний дээд талд гуч дөчин метрийн орчимд түүнээс жаахан хол ч юм уу газарт л байсан даа. Ер нь тэрийг буудаад ч яах юм билээ. Миний бодоход доод отгуудын аль нэгнээс нь сэм аваад нууж тэнд авч очоод ууж байсан нь надтай тааралдаж харагдсан юм байлгүй” гэж билээ. За тэгээд бид ч удалгүй яваад өгсөн тэр нохой яасныг мэдээгүй. Нохой гэдэг амьтан их ухаантай, хүнд сайн хань болдог амьтан шүү дээ.

 

 ОРОС ХҮНИЙ ЯРИА

 

-Танайхыг нүүснээс хойш нохой чинь буурин дээрээ байдаг байснаа удалгүй ойр хавийн газраар тэнэж эхэлсэн. Заримдаа манай лагер хавиар харагдана. Гэхдээ хүнд ойртохгүй. Тэр өвөл би чандаганд урхи тавьж өдөр өнгөрөөдөг байлаа. Лагерийнхаа ойролцоо нэг хоёр км-т л урхиа тавьдаг байлаа. Хэсэг хэсэг газар олон ширхэг урхи тавина. Нэг өглөө эртэлж босоод лагерийн доод талын амны адагт тавьсан хэдийгээ тойртол урхинд орсон туулайн гэдэс дотор нь үлдсэн байв. Сайн ажиглавал уул өөд явсан нохойн мөр байна. Энэ маягаар нохойнд урхиныхаа анг олон удаа алдсан даа.

 

2006 оны өвөл, голын цаад амны адгийн дэнж дээр тавьсан урхины тэнд нэг амьтан хөдлөх шиг болоход нь дурандтал нөгөө цагаан нохой ирчихсэн миний урхины дэргэд юм идэж зулгааж байна. Жаахан ажиглаж байтал гэнэтхэн ухасхийн цаад мод руугаа ороод алга болов. Урхин дээрээ явж очтол аль хэдийнээ туулайг идээд гэдэс дотор, үс арьсыг нь үлдээсэн байлаа. Тэгээд л танай нохой надаас урьтаж олзыг минь зооглодог болох нь тодорхой болсон юм.

Ер нь тэр цагаан нохойн хаанчлал танайхыг нүүсэн зунаас л эхэлсэн юм шүү. Хүнд маш ховор үзэгдэнэ. Зарим буутай хүмүүс ч буудаж чадаагүй юм гэнэ лээ. Нэг хавар манай анги 17 толгой тахиа худалдаж авлаа. Тэгээд л сүрхий сайхан байр барьж тэжээж өндөглүүлэх санаатай байтал шөнө бүр нэг нэгээрээ алга болж эхэлсэн. Бид нөгөө цагаан нохойны хийсэн ажил үгүй бол ойн булга юмуу шар солонго байж магадгүй гэж таамаглан, барих санаатай урхи зэргийг тавьж өглөө оройдоо харуулдсан ч ер мэдэж чадахгүй байв. Цасгүй учир ул мөр гарахгуй хашаа давж ордог хүч чадалтай амьтан болохоор нохой гэдэг нь дамжиггүй болов. Тэгсээр байтал тахианууд ч алга болсоор сүүлийн ганц тахиа үлдэв. Бид түүгээр өгөөш хийж байгаад тэр айхавтар нохойг барьж авах санаатай ээлжпэн харуулд гарч далд газар сахиж суух болов оо. Гэтэл хэдэн өдөр юу ч олж харсангүй тул анхаарал суларч бүгдээрээ үдийн цайндаа орж байх хооронд ганц тахиаг аваад явсан байлаа. Одоо бодоход тэр нохой биднийг хаа нэгтээ үргэлж харуулдаж байгаад жаахан сиймхий гарахад л амжуулжээ. Тэрнээс хойш нохой дахиж харагдаагүй. Дам сураг нь энд тэнд явж байна гэж дуулддаг байсан. Сүүлдээ тэндхийн нинжа нар хоолоо алдаж хашраад буудаж алах гэсэн хүмүүс энд тэндгүй л явдаг болов. Гэхдээ үе үе хоол ундаа алдсаар байна гэж яригдахаас биш алсан, авласан гэсэн сураг гараагүй. Тэр ухаантай сэргэлэн нохой ихэнхдээ уулаар ан хийж чоно мэт амьдардаг байсан байх гэж би бодож байна.

 

Тэр жилийн намар орой уурхайн манаачийн шар жингэр нэг нохойтой нийлсэн сураг дуулдаж эхлэв. Тэр нийлсэн нохой дандаа шөнөөр ирдэг, өдөр болохоор харагддаггүй гэнэ. Нэг шөнө гадаа нохой гаслах шиг болохоор нь гартал хажуу дэнжийн ёроолд дуугарчээ. Сэм өнгийн хартал тэдний жингэрийн хажууд өөр нэг нохой байж. Энэ ганц жингэрээс өөр амьтангүй газар аягүй бол хээрийн чоно ирсэн юм болов уу гэж элдвийг бодон нохойгоо дуудтал нөгөө амьтан нь гол руу ухасхийн алга болжээ. Яг тэр голын мод руу ухасхийн орох агшинд тэр амьтан чоно биш өнөө алдар цуут цагаан нохой болохыг таньжээ. Тэр цагаан нохой энэ мэтээр нэлээн хэдэн шөнө ирж байснаа сүүлдээ чимээ сураг тасарсан. Өвлийн сүүл сараар манай жингэр гөлөглөж гурван цагаан эр, хоёр шаргалдуу эм нийлсэн таван гөлөг гаргасан. Тэр гөлөгнүүд бүгд том болж сүрхий хоточ байрын ноход болсон гэж тэр манаач залуу надад хуучилж байсан юм. Танай тэр нохойн удам угсаа цагаан зүстэй соотон чихтэй ноход Харганы голоор одоо ч байна шүү. Тэр хавраас хойш танай нохойг үзэж харсан хүн лав л манай түүгээр байгаагүй. Чононд идүүлсэн үү, хүнд буудуулсан уу ямар ч чимээгүй алга болсон юм даа гэж Харганын голд долоон жил амьдарсан Чуваш үндэстэн Вовка (Володя Тибаков) надад хуучилж билээ.Өнгөрсөн гурван жил манай нохойг харсан үзсэн хүмүүсийн яриа энэ. Бараг зэрлэг шахам болсон тэр амьтан хүнд үзэгдэж харагдахгүй, уул хадаар яаж явдаг юу идэж уудаг байсныг хэлэхэд хэцүү ч чонын амьдралаар амьдарч, эр бие тэмцэж явсан байх гэж би боддог юм. 

 

 

Цагаан нохойнхоо тухай чадан ядан сийрүүлсэн Оорцог овгийн Урианхай Гомбын МЯГМАР

 

2012 оны нэгдүгээр сарын 2-ны билигт сайн өдөр.