“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН УДИРДЛАГЫН БАГИЙГ ЧАНАРЖУУЛАХГҮЙ БОЛ ДААЛГАВРЫГ ТАНЬ ДАМПУУРАЛТАЙ ХОСЛУУЛЧИХАЖ МЭДЭХ Л БАЙХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАРГА АА!!!

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сайд Д.Сумьяабазар нарт даалгав. Шаардлагатай төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх, компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд үүрэг болголоо. Харин “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд нь энэхүү үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар, туршлагаар хэр нөхөд байдаг юм бол доо. Тэргүүлэх технологи, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу чанартай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, нөөцийг ухаалгаар удирдаж, санхүүгийн найдвартай эх үүсвэрийг бий болгож, өсөлтийг хангах, охин болон бүрэлдэхүүн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц удирдлагын системийг нэвтрүүлж хөгжүүлэх үүрэгтэй тэд өнөөг хүртэл үнэндээ юу хийсэн билээ. Уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хангалттай хэрэгжүүлэн ажиллаж чадсан уу.

Үнэндээ тус компанийн удирдлагын багт уул уурхай, ашигт малтмалын талаар өчүүхэн ч атугай ойлголттой, гэрэл гийлгэх ганц нөхөр ч байхгүй гэдэг нэг талын эмгэнэл юм. Монгол улс чадвартай, мэргэжлийн боловсон хүчнээр ингэтэл дутагдсан гэж баймгүй. Ер нь уул уурхайн стратегийн чухал ач холбогдол бүхий компаниудын удирдлагын томилгоог улстөржүүлэхгүй байж болдоггүй юм болов уу. “ЭрдэнэсМонгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү гэхэд л УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн “шахаасны” хүн гэгддэг.

Өмнөх үүрэг, үйл ажиллагааныхаа араас толгой өндийж дөнгөхгүй байгаа энэ нөхдөд өнөөдрийн хуралдаанаар дахин даалгавар нэмсэн нь хэр оновчтой шийд байсан бол… Эсвэл удирдлагын багт өөрчлөлт оруулж, шаардлагатай боловсон хүчнээр цус сэлбэхгүй бол даалгаврыг дампууралтай хослуулчихаж мэдэх л байх.

niigmiintoli.mn