“Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч 10 орчим машин дарагдан, жолооч нар амь насаа алджээ.  Хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг хурааж байна гэсэн мэдээлэл өчигдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-нд олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.


“Эко Алтан Заамар” компанийн захирал н.Эрдэнэжаргал энэхүү ослын талаар мэдээлэл хийсэн бөгөөд хоёр хүнийг эсэн мэнд аварсан байна. Харин үлдсэн дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагааг аврах албаныхан хайж байгаа гэлээ. Нөхцөл байдлаас шалтгаалан аврах ажиллагаад хүндрэл гарч байна хэмээн албаны хүмүүс хэллээ. Учир нь дээрх дөрвөн хүний байршил тодорхойгүй байгаа юм. Мөн уурхайд дахин нуралт үүсэх эрсдэлтэй байгаа ажээ.

Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас найм, нийт 20 аврагч дайчлан, хоёр нисдэг тэргээр тус уурхайд аврах ажиллагаа явуулж байгаа ч "Нурангид дарагдсан дөрвөн иргэнийг амьд байх магадлал тун бага байна" гэлээ.

Тус уурхайд үүсгэсэн хиймэл нуурын гүн 10 метр гүн гэх ба ил уурхайн хананаас тасралтгүй ус шүүрч байгаа нь аврах ажиллагааг удаашруулж байгаа аж. Нуранги дахин үүсэх магадлал өндөр байгаа тул уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.