АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг их, бага гэлтгүй шалгаад дуусчихлаа даа, бараг. Улс төрийн нөхцөл байдал ч сайхан таарлаа. Авлигачдыг тэр энэ гэж тойролгүй шалгах таатай орчин бүрдсэн нь ч нөлөөлсөн байх. Х.Энхжаргалыг анх ажлаа авахад олонхоороо ам муутай угтсан.

М.Энхболдын хэрэг булхайг дарах гэж л ирээ биз гэсэн хандлага хүчтэй байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. Ийм агуулгатай мэдээ, нийтлэл хангалттай цацагдсан. АТГ-ын үе үеийн дарга нар юу ч хийдэггүй байсан нь энэ хардлагад нөлөөлсөн л дөө. Том хэргүүд мандаад байхад тоохгүй явцгаасаар ирснийг дээр дооргүй мэддэг учраас Х.Энхжаргалыг тийм хардлага, сэрдлэг, эргэлзээ, тээнэгэлзээтэйгээр угтсан байх.

АТГ-ын анхны дарга нь Б.Дангаасүрэн агсан. Тухайн үед барьж авч шалгасан авлигын хэрэг юу билээ гээд бодоход санаанд торох зүйл лав алга. АТГ дөнгөж байгуулагдсан тэр цагт одоогийнх шиг том хэргүүдийн сэжүүр цухуйгаагүй байсан гэх шалтгаан бий. Гэхдээ том авлига огт байгаагүй гэсэн үг биш. Мөрдөж шалгаад явбал шуугиан дуулиан тарихаар авлигууд байсан гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой зүйл. Жижиг хэргүүдийн сураг, мэдээ өчнөөнөөрөө чих дэлсдэг байсан ч тэрийг тэгж барилаа, энийг ингэж саатууллаа гэсэн мэдээлэл дуулдаагүй. АТГ-ын анхны дарга томилогдоод нэг их удаагүй эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж байх хугацаандаа нас барсныг нийтээрээ мэднэ.

Дараагийн дарга нь Ч.Сангарагчаа. Түүнийг АТГ-ыг даргалах үед авлигын том хэрэг өчнөөнөөрөө байсан ч баригдаж, хоригдож шалгагдсан тохиолдол мөн л байхгүй. АТГ-ын хоёр дахь дарга тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэрэлдсэнээс өөрийг хийгээгүй суусаар суудлаасаа буусан. Загасны уурга төдийхөн худалдан авч төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт орж шоронд орсноор хоёр дахь даргын түүх төгссөн юм.

АТГ-ын гурав дахь дарга нь Н.Ганболд гэж бөөрөнхий нөхөр. Түүнийг АТГ-ыг толгойлох үед С.Баяр, С.Баярцогт, Оюу толгой, “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сан гэх мэт том мөнгө сонсогдсон хэргүүд шуугиан тарьж байсан ч шалгалаа, саатууллаа, барьж хорилоо гэсэн мэдээ бас л дуулдаагүй. Мань эрийн талаар “Ривер гарден”-д байртай болсон гэсэн мэдээ цацагдсаныг л санаж байна.

АТГ-ын дөрөв дэх дарга нь Б.Хурц. Б.Хурцын хувьд улс төр хийсээр яваад л ажлаа өгсөн. Дараагийн улс төрдөө хэрэг болох зүйлд онцгойлж анхаарсан нь сүүлд өрнөсөн үйл явдлуудаас тод харагддаг. Хэвлэлийн хуудсыг сөхөөд харахад Б.Хурцыг АТГ-ын дарга байхдаа баяжсан, хөрөнгөжсөн гэх мэдээлэл л давамгай анзаарагддаг. Б.Хурцын үед авлигын хэрэг, шуугиан тасраагүй. Улам л эрчимжсэн. Гэсэн хэр нь барьж, хорьж, шалгасан нь үгүй. АТГ-ын дөрөв дэх дарга суудлаа ашиглаж өөртөө хэрэг болох мэдээллийг цуглуулснаас биш хэн нэгнийг барьж хорьж шалгаагүй гэсэн шүүмжлэл бий.

ТЕГ-ын дарга байхдаа ч яг ийм тактиктай ажилласан нь илт анзаарагддаг юм. Олны мэдэх нэг жишээ бий. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр болсон үйл явдал гэхээр уншигчид андахгүй. Байнгын хорооны хурлын үеэр Лу.Болд гишүүн Европын холбооны улсад хийсэн хууль бус баривчилгааг нь хөндөхөд Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллахдаа олж авсан мэдээллээ дэлгэж “Цааш нь ярих уу яах уу” гэсэн алдарт үгээ хэлж байсан юм. Өндөр албан тушаал хашихдаа олж авсан мэдээллээ хувийн зорилгодоо ашиглаж, шантаажлах хэрэгслээ болгодог гэдгийг нь өлхөн харуулчихаар жишээ. АТГ-ын даргаар ажиллахдаа ч ийм арга тактик хэрэглэж олон улстөрчийг шантаажиндаа оруулсан гэх яриа чих дэлсдэг.

Б.Хурцын дараа АТГ-ын даргын албыг хашсан хүн бол Х.Энхжаргал. АТГ-ын өнөөгийн удирдлагыг ажлаа хийх үед МАН дотроо хагарч том хэргүүдийн үзүүр цухуйсан юм. Онцолж хэлэх жишээ бол ЖДҮ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн бага хүүтэй зээлийг улстөрчид хувьдаа завшсан нь олны дургүйцэл, жигшлийг хүргэсэн. Хэргийн үзүүрээс атгасан АТГ ч идэвхтэй ажилласан. Б.Ундармаа, Б.Батзориг, Г.Солтан, Л.Энхболд, Х.Болорчулуун, О.Батнасан, Я.Содбаатар, Н.Учрал, Г.Тэмүүлэн гээд эрх мэдэлтнүүдийн нэрс хөвөрч байгаа. За тэгээд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Гарамгайбаатар, С.Баярцогт, Н.Золжаргал, Н.Сономпил, жаран тэрбум, төмөр зам, Таван толгой, Эрдэнэтийн 49, Жаст гэж ирээд жагсаавал шалгаагүй хэрэг үлдсэнгүй.

Үр дүнтэй үгүй нь хамаагүй. Авлигын том хэргүүдийг урьд өмнө ингэж шалгах хүн олдохгүй байсан юм. Хамгийн олзуурхууштай нь АТГ-ын өмнөх дарга нарын зориглож ороогүй ажлыг Х.Энхжаргал хийж чадлаа. Одоо АТГ-т даргаар ирэх хүнээс нэг их юм хүлээгээд хэрэггүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хонзонтой хүмүүсийг намнах, улс төрийн өрсөлдөгчийг нь дарах, хариуг нь авч өгөх хүн л АТГ-ын даргаар томилогдоно. Тэгээд ч илрүүлж шалгах том хэрэг үлдээгүй.

Ингээд харахаар Х.Энхжаргал Монголын авлигатай тэмцэх түүхэнд алтан үсгээр бичигдэх мөр үлдээчихэж. Авлигын хэргийг ингэж зоригтой шалгасан түүх өмнө нь гараагүй. Хойшид ч давтагдахгүй биз. Дахиад хэлэхэд АТГ-ын дараагийн даргын үүрэг дэндүү тодорхой. Ирэх сонгуулиар АН-ыг унагах, МАН-ыг авч үлдэх, ЖДҮ-ийг хамгаалах үүрэг дор л ажиллана.