Оточ Манрамба их сургуулийн дэд захирал, Анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд хаврын ядаргаа гэж ярьдаг. Хавар цагт хүний бие ядарч сульддаг нь улирлын онцлогоос хамаардаг гэдэг. Уламжлалт анагаах ухаанд хаврын ядаргаа гэдэг үгийг яаж тайлбарладаг вэ?

-Жилийн дөрвөн улирал солигддог гол шалтгаан нь нар, сарны шилжилт хөдөлгөөн л дөө. Өвлийн дунд сард нар буцдаг. Сарны хүч аажмаар багасч нарны хүч ихэсдэг гэсэн үг. Энэ мэтээр нар, сар, дэлхий ертөнц, гариг эрхсийн хоорондын шилжилт хөдөлгөөнтэй уялдаж улирал солигддог. Ургамал, амьтад, хүмүүс бол шимийн амьтад. Улирал солигдоход шимийн амьтдын бие махбодод өөрчлөлт ордог л доо. Өвлийн дунд сараас зуны дунд сар руу нарны хүч аажмаар ихсэх тусам хүний биеийн хүч чадал алгуураар багасч байдаг. Өөрөөр хэлбэл, хүч чадал нь буурч эхэлдэг. Хаврын сар, хаврын эхэн сард байгаль дэлхийд хий махбод салхи ихэсдэг. Жишээ нь, хаврын эхний хоёр сард шороо, хий махбод ихэсдэг юм. Дараа нь луу, могой сар болно. Хаврын сүүл, зуны эхэн сар гэсэн үг. Энэ сард хуурай халуун, хий халуунтай нэгдэж хуурай гал хийн махбод ихэсдэг. Зуны дунд сар болоод зуны сүүл сард ус, хий махбод ихэсдэг гэх мэтээр өөрчлөлт явагддаг. Ерөөс энэ зургаан сард хий шороо, хий гал, хий ус гэсэн дандаа хийтэй хавсарсан махбодууд энэ замбуулин тив дээр байгальд өөрчлөлт өгч байдаг. Тийм учраас хүний биед хий махбод хямардаг. Мэдээж бие хямрах ёстой гээд зүгээр суугаад байж болохгүй. Хий махбодыг тэгшитгэх тэжээллэг хоол унд идэх хэрэгтэй. Явдал мөр, өдөр тутмын дэглэм, амьдралын хэвшилдээ анхаарах учиртай. Тэгж байж ядруу байгаа бие махбодоо тэгшитгэж өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

-Хаврын улиралд ямархуу хоол унд идвэл илүү эрч хүч, энергитэй болох вэ?

-Гол нь хий махбодоо тэгшитгэх хоол унд идэх хэрэгтэй. Энэ улирлуудад мацаг барьж болохгүй. Хүмүүс хавар болж дулаарахаар хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулж мацаг барьж байдаг. Тослог бүлээн чанартай хүнсийг тэжээллэг хоол гэдэг. Хонины мах түлхүү идэх хэрэгтэй. Хонины мах бол тослог бүлээн чанартай. Ногоон цай, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй. Сүүтэй цай, гурилтай шөлөө хэрэглэхийг зөвлөе. Гурилтай шөл, бууз, хуушуур, цуйван, будаатай шөл гэх тэжээллэг монгол хоолнууд сайн. Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэх дэмий. Ходоодны хийн хувьд зай, завсар гаргах хэрэгтэй. Ходоодны хэмжээ хүний гарын хоёр алгыг нийлүүлсэнтэй адилхан. Хоёр алганы дөрөв хуваасны гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идэх учиртай. Дөрөв хуваасны хоёрт нь гурил, мах зэрэг бүхэл хоол идвэл эрүүл мэндэд тустай. Ходоодныхоо дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний шөл уух ёстой гэсэн үг. Шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдсэн биеэ хоол ундаар тэжээж, тэтгэх хэрэгтэй. Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байгаа. Тийм учраас энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог. Бадгана нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад хэлэхэд хоолыг сойхдоо биш чанартай тэжээллэг хоол бага хэмжээтэй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

-Хавар болохоор архаг хууч өвчин сэдэрдэг гэдэг. Энэ нь ямар учиртай юм бол?

-Аливаа өвчний эх суурийг хий махбодийн хямрал үүсгэдэг. Хийн улирал эхэлж байгаа учраас аливаа архаг хууч өвчнүүд хийн хямарлаар хөдлөх эрсдэл өндөр байдаг юм.

-Тэгвэл хаврын өдрүүдэд архаг хууч өвчнөөсөө сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Өдөр тутмын амьдралын хэвшлээ зөв байлгахад л өвчнөөс сэргийлэх боломжтой. Ялангуяа хийнээс сэргийлэх учиртай. Хамгийн түрүүнд зөв нойрсох хэрэгтэй. Сарны хүч ид дэлгэрч байгаа оройн цагт буюу 23 цагаас өглөөний таван цаг хүртэл зайлшгүй унтах ёстой. Хүмүүс нойр их алдаж байна. Хүний нас ахих тусам хий махбодийн билэг чанар ихэсдэг. Мөн хаврын улиралд сэтгэлийн хямралд орох, галзуурах, солиорох эмгэгүүд илэрдэг, сэргэдэг. Шинээр ч үүсэх нь бий. Тиймээс хий хямарч байгаа улиралд сэтгэлзүйгээр маш тайван байх хэрэгтэй. Өөдрөг бодолтой амьдарч, амар амгаланг эрхэмлэх нь чухал. Үүнээс гадна архаг хууч өвчтэй бол урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Хаврын сүүл сар, зуны эхэн сарын хувьд хэт хуурайшилтын үе болдог. Цас аль хэдийн орж дуусаад, хур бороо орох арайхан болоогүй цаг шүү дээ. Энэ улиралд гал махбод хийтэйгээ хавсарч дэлгэрч байдаг. Тиймээс хаврын улиралд элэг цөс, цусны өвчлөл сэдрэх магадлалтай. Элэгний эмгэг архаг хуучтай хүмүүс урьдчиран сэргийлэх үзлэгт орж, эм эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Яргуй гэх мэт ургамал идвэл биед илүү сайн гэдэг ам дамжсан яриа бий. Халгайтай хуушуур сайн гээд иддэг. Уламжлалт анагаах ухаан талаасаа зөв хэрэглээ мөн үү?

-Яргуй, халгай гэх ургамал маш халуун чанартай. Миний өмнө хэлсэнчлэн гал хий махбод дэлгэрдэг энэ улиралд яргуй ургадаг. Харин ч аливаа эмгэг өвчнийг сэдрээх эрсдэлтэй. Ер нь яргуйг дангаар нь хэрэглэдэг уламжлалт анагаах ухааны эмнэлгийн туршлага бараг байхгүй. Яргуйг эм тангийн найрлагад бага хэмжээгээр л оруулдаг. Тиймээс шууд яргуй идэх нь зохистой зүйл биш. Эмчийн зөвлөгөөгүйгээр ийм хүчтэй ургамлуудыг дур мэдэн хэрэглэж болохгүй.

-Та түрүүн хаврын улиралд хамаагүй мацаг барьж болдоггүй гэж ярилаа. Мацгийг эмчилгээний арга гээд байгаа шүү дээ?

-Мацаг барих гэдэг нь эмчилгээний арга мөн. Гэхдээ хий хямарч байгаа хаврын улиралд мацаг барьж огт болохгүй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр, тухайн өвчлөлтэй холбоотойгоор маш нарийн дэглэмээр барих ёстой. Сүүлийн үед мацаг барих нь ихэсч, бүр “Мацагтан монголчууд” гэдэг групп хүртэл үүссэн байна. Мацаглаад хямарсан хүмүүс олноороо ирж байна. Дахиад хэлье, таван махбодоос бүтсэн биеийг таван махбодоос бүтсэн хоол тэжээлээр тэжээх ёстой.

-Мацгийг ямар тохиолдолд баривал зөв зохистойд тооцогддог юм бол?

-Тодорхой номын бясалгал зан үйлийн үед удаан цагаар хөдөлгөөнгүй суудаг. Бүтэн гурван цагаар өдөртөө гурваас дөрвөн удаа сууж бясалгадаг. Ингэж хөдөлгөөнгүй сууж байгаа үед хоол тэжээл боловсрох боломж байдаггүй. Ийм үед яг тохиромжтой хоолоо өдөр дунд гүнцэглэнэ гэж байдаг. Өдөр дунд нэг удаа хооллоод л тэрнээс хойш шүдэнд торох юм идэхгүйгээр бясалгал, номын зан үйлийн мацаг барилт гэж бий. Нөгөөх нь өвчлөлийн үед. Хоол тэжээл авах шаардлагагүй зөвхөн эм эмчилгээ хийх шаардлагатай бол мацаглаж болно. Гэхдээ тийм олон хоногоор биш. Нэг хоёр өдрөөр ч юм уу мацагладаг. Үүнийг эмчилгээний зорилгоор мацаг барих гэдэг. Түүнээс биш турахын тулд мацаг барьдаг зан үйл, ёс байхгүй. Турахын тулд зөв хооллох хэрэгтэй. Эхний хоол унд нь шингэсний эцэст дараагийн хоолоо идэх хэрэгтэй. Нэг идэхдээ ходоодны хэмжээгээ мэдэх нь чухал гэж би түрүүн хэлсэн.

-Зөв хооллолт гэхээр өглөө дан ус ууж, орой нь огт юм идэхгүй гэсэн ойлголт хавтгай байна. Ер нь өдрийн хэмнэлдээ зөв зохистой хооллохын тулд ямар дэглэм барих ёстой вэ?

-Хүн эрүүл байя гэвэл өглөө заавал өл тайлж байх хэрэгтэй. Өлөн явж ерөөсөө болохгүй. Өглөө босонгуутаа 2-4 аяга ус ууна гээд л галын илчээ дарж, бадганаа өсгөөд, улам хавагнаад яваад байна. Энэ бол буруу. Буцалгаад хонуулсан ус хор адил гэдэг. Тиймээс ийм ус ууж болохгүй. Шөнийн турш унтсан биеийн тухайд бадганы билэг чанар бага зэрэг ихэссэн байдаг. Тиймээс өглөө буцалсан усанд зөгийн бал хутгаад ууж болно. Эсвэл аяга сүүтэй цай уух хэрэгтэй. Аяга цайгаа гэрийн боорцогтой идээд гарахад л хамгийн зөв өглөөний унд. Өдрийн хоолоо 12:00-14:00 цагийн хооронд багтааж идэхийг зөвлөе. Өдрийн энэ цагаар шарын махбод илүү идэвхтэй байдаг. Хүний биед галын илч ихэсч байна. Ходоодны галын илч хоол ундыг шингээх чадвар нь их байна гэж ойлгож болно. Хоол хүнсийг шингээх чадвар их байгаа энэ үед махан хоол идэж болно. Гэхдээ одоо бадганы улирал учраас нэг таваг нэгдүгээр хоол, нэг таваг хоёрдугаар хоол хэрэггүй. Ходоодныхоо хэмжээг бодож идэх хэрэгтэй. Шөлтэй хоол идсэн бол шингэн юм их уух шаардлагагүй. Хуурай хоол идсэн бол багахан цай уучихад л болно. Энэ мэтээр өөртөө ханал мэдлийг үүсгэх хэрэгтэй. За тэгээд үдээс хойш 16:00-20:00 цагийн хооронд хий махбодын билэг чанар хүний бид харьцангуй давамгайлдаг. Энэ үед бага зэрэг ядрах мэдрэмж төрнө. Тийм учраас өглөөний унданд идэж, ууж байсан шигээ хөнгөн хооллох ёстой. Оройн хоолоо 20:00 цагаас оройтуулалгүй идэж дадах хэрэгтэй.

-Хаврын өдрүүдэд сэтгэл санаа хямрах нь улирлын онцлог гэж ойлголоо...?

-Энэ улирал өөрөө сэтгэл гэгэлзүүлдэг, гадна сав ертөнцийн билэг чанар бие сэтгэлд нөлөөлж биеийн хий махбод хямрангуут сэтгэл дагаж хөлбөрдөг цаг. Ямар нэгэн юманд санаа зовж, гутарч, гуньдаг нь ийм учиртай. Тиймээс өөр рүүгээ харж байх нь чухал. Өглөө босоод л сэтгэлээр өөдрөг байхыг хичээх хэрэгтэй.

П.САЙНЖАРГАЛ