Монголд "ААРУУЛ" идэж өсөөгүй хүн гэж үгүй билээ. Эрт дээр үеэсээ сүү, цагаан идээгээ боловсруулж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай улс.

Дэлхийд цор ганц Монгол ааруулыг хараад хэн ч арааны шүлсээ асгаруулдаг. Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийн цагааг тусгай уутанд шүүж, аарц гаргаж аваад бага зэрэг сүү нэмж базаж, шахан шүүдэг. Ийнхүү нягтруулсанаараа ааруул хийдэг уламжлалтай. Сайн шахаж шүүсэн аарцаар ааруулаа хийдэг. Энэ ёс жаягыг монгол хүн бүр мэддэг. Амтлаг, исгэлэн, тос даасан аарууланд хэн хүнгүй дуртай. Шүдийг бэхжүүлж, биеийн кальцийг нөхдөг гээд аарууланд олон талын ашиг шим тэжээл их. Үүгээр ч зогсохгүй биеийн хорыг тайлж, тамиржуулах шидтэй гэдгийг ч эрдэмтэд судласан байдаг. Эмээ, өвөө маань буцалсан ус болон хар цайнд ааруулыг хийж дэвтээн шүүсийг нь элэг цөсөнд тустай хэмээн уудаг байсан. Заримдаа хөгц цохисон ааруулыг хаях нь бүү хэл их ид шидтэй эм олсон мэт олзуурхан иддэг байсныг санадаг юм.

Тэгвэл бидний хайрлан, амтлан, дурлан иддэг “ааруул”-ыг өдгөө гадагшаа  нохойн хоол хэмээн экспортолж байгааг мэдээд мэл гайхав.

Тодруулбал, Солонгос улс руу импортолдог аарууландаа UMMP.LLC гэх компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний танилцуулга дээрээ “Тараган бохь нь 13-р зуунаас уламжлагдан ирсэн ааруулнаас гаргаж авсан. Монголчууд өнөөдрийг хүртэл ааруулыг хэрэглэж байгаа. Ааруул нь Монголчуудын бат бөх шүдний шалтгаан юм. Ганцхан орцтой 100 хувь Сүү” хэмээжээ.

Ийнхүү монголчуудын ааруул гадны улс орнуудын нохойны шүдний загатнааг гаргадаг зугаа болсон гэж үү. Уг нь дэлхийд Монгол амтаараа гайхагдсан шүд, буйлны хөгжилд номер хүнсний бүтээгдэхүүн гэдгээрээ танигдсан бол дээрсэн. Нэгэнтээ ааруул, аргалаа дэлхийд таниулж, экспортлоё гэсэн удаатай.

Нэгэн жишээг дурьдахад, Япончууд Монголоос ааруул импортлох гэж үзсэн гэдэг. Гэтэл монголчууд нь өөрсдөө ааруул хэмээх идээнийхээ ач тусыг ой тойнд ортол ойлгуулж чадаагүй юм. Харин өдгөө гадныханыг тэжээвэр нохойндоо дэндүү хайртай гэдгийг овжиноор ашиглан "нохойн бохь" хэмээн нэрлэж ааруулыг нэг киллограмм нь 58 доллар буюу 152 мянга 720 төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь зөвхөн хямдрал зарласан үнэ нь аж.

Х.Даваа