Нийслэлийн ХУД-ийн 4-р хрроонд байрлах Хүннү молл  худалдааны төвийн үйлчилгээний ажилтнууд нийлж орлогоос мөнгө завшсан, мөнгө угасан хэрэгт холбогдсон байна. Мөнгө завшсан, угаасан гэх ажилтнууд анхан шатны шүүхээс ял сонссон бол, давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.

2018-11-н-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын С, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө-ын О, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н-гийн Т нарт холбогдох эрүүгийн 18100 1401 0552 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн юм. Шүүх хуралдаандУлсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч “Х м” ХХК-ийн төлөөлөгч Х.С, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Н.Болормаа, шүүгдэгч Ө.О, Н.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулсан байна. Уг шүүх хурлаар мөнгө завшсан гэх Б овогт С-ын С, М овогт Н-гийн Т нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд,  М овогт Н-гийн Т, Б овогт Ө-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон юм. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сийг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Тг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Очир-Эрдэнийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг, Ө.Од оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг, Н.Тд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан энэ тогтоолоор С.Сд оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг, Ө.Од оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг тус тус эдлэхээс чөлөөлж, энэ хэрэгт С.С, Ө.О, Н.Т нар нь цагдан хоригдоогүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, түүний төлөөлөгчөөс хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах болон М Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ

Энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2019-01-10-ны өдөр болсон байна.   Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүх рүү хэргийг нь буцаасан.

Тэгвэл үйлдсэн хэргийнхээ талаар энэ хэрэгт буруутгагдаад байгаа этгээдүүдийн төлөөлөд “2018 оны 4 дүгээр сарын 10-ны үед кассын орлого тулгалт хийхэд 50.000 төгрөг илүү гарсан. Яагаад илүү гарсныг нь бодоод ойлгоогүй. Тэгээд байж байтал Т уг мөнгийг хуваагаад авчихъя гэсэн санааг гаргаад би 20.000 төгрөг авч үлдээд, үлдсэнийг нь Т, О хоёр хувааж өгсөн. Ингээд энэ өдрөөс хойш 2018 оны 04 сарын сүүл хүртэлх хугацаанд кассаар ажиллахдаа нийт 11 удаагийн үйлдлээр, 50, 60, 100 мянга гэх зэргээр мөнгө авч, нийт 500.000 төгрөг авч ашигласан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгө авах санааг Т анх гаргасан. Авсан мөнгөө орой ажил тарахад бид 3 хуваагаад авдаг байсан. Энэ мөнгө “Х м” ХХК-ийн кассын орлого гэдгийг мэдэж байсан. Дээрх авсан мөнгөнөөс Ө.О-д 165.000 төгрөг, Н.Т-д 165.000 төгрөг тус тус өгсөн. Өөртөө 170.000 төгрөг авч үлдэн, хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан”, “Миний цалин 300.000 төгрөг байсан ба өдөр болгон шөнийн 22 цагт ажлаасаа тардаг байсан болохоор С.С, Н.Т нарын өгсөн мөнгийг авдаг байсан. Мөнгийг тухай үед нь өөрийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан”  гэж үйлдсэн хэргийнхээ талаар ярьсан байна.

Тэд Хүннү молл худалдааны төвд туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж байгаад үндсэн ажилтан болцгоосон байна.  Тодруулбал, С нь 2018 оны 2 сараас, О нь 2018 оны 1 сараас, Т нь 2017 оны 10 сараас тус тус анх ажиллаж эхэлсэн. Хэрэг гарах хүртэлх хугацаанд энэ гурван ажилтан ажиллаж байх хугацаандаа ажлын гүйцэтгэл нь сайн, ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байгаагүй аж. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилтан хариуцсан мэргэжилтэн М нь С.С, Ө.О, Н.Т нарыг “бэлэн мөнгө хувьдаа завшдаг юм бишүү” гэдэг мэдээлэл өгсөнөөр үйл ажиллагаа хариуцсан захиралд мэдэгдэж, байгууллагын зүгээс эдгээр ажилчдын кассан дээр гарсан үеийн камерын бичлэгийг шүүж, үйлчлүүлсэн хүний тоо, санхүүгийн мэдээллийн дүнтэй тулгалт хийхэд тус тус зөрчил дутагдал илэрсэн. Кассын камерын бичлэг шүүж үзэхэд ихэвчлэн үйлчлүүлэгчид НӨАТ-ын баримт өгөхгүй байх, бага насны хүүхдүүд, эрэгтэй хүмүүс, аавуудад баримтыг нь өгөхгүй кассын бичилт хийхгүй мөнгийг нь бэлнээр авах, мөн баримтаа аваагүй үлдээсэн хүний баримтыг өөртөө аваад, дараагийн баримт нэхсэн үйлчлүүлэгчид өгөх байдлаар бэлэн мөнгө авсан зөрчил дутагдал илэрсэн байна. Тэд нийт 1.078.000 төгрөгийн хохирол учруулсан аж.

Бд энэхүү мэдээллийг дэлгэрүүлэн хүргэж байгаа нь иргэн та ебаримтаа заавал авч байх шаардлагатай. Эс бөгөөс таны аваагүй, ашиглаагүй баримтыг тухайн газрын үйлчилгээний ажилтан нь ашиглаж, өөртөө ашиг хонжоо олох боломжтойг анхаарна уу.