Дэлхий даяаршин буй энэ үед Монголчуудын амьдрал ч хувьсан өөрчлөгдсөөр байна. Манай улсад алдартай брэнд бүтээгдэхүүнээс эхлээд бүхий л цаг үеийн шинэлэг бүхэн нэвтрэн орж ирсээр байгаа нь сайшаалтай. Түргэн хоолны соёл манайд дэлгэрээд цөөнгүй хэдэн жилийг үдлээ.

Харин дэлхийн амт чанарыг амтлах нь сайхан ч гэлээ эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа ч алдах эрсдлийг дагуулсан хоолыг хэрэглэх хэрэг байна уу даа. Хэнэггүй Монголчуудад сургамж болохоор харамсалтай явдал саяхан болоод өнгөрсөн. Үйл явдал нь болоод өнгөрсөн хэдий ч "эрүүл мэндээрээ хохирсон иргэд цаашдаа яах вэ" гэдэг нь бүрхэг. 

Тодруулбал, сар шинийн баярын дараахан олноороо KFC хоолны газраас хордож амь насаа дээсэн дөрөөн дээр аваачсан явдал байлаа. өнгөрсөн сард тус хоолны газрын Зайсан дахь салбарт сарын 8-12-нд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн юм. Мэргэжлийн хяналтаас хийсэн шинжилгээний хариугаар хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай атлаа ажиллаж байсан нь тогтоогдсон. Мөн зарим бүтээгдэхүүний дээжээс өвчин үүсгэгч бактери илэрсэн юм. Харин бусад салбар нь ажиллаж буй бөгөөд өнөөдөр ч эрүүл хоол хүнсээр үйлчилж байгаа эсэх нь эргэлзээтэй. Эцсийн байдлаар шинжилгээний хариу энэ сарын 25-нд гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлэв.

Тахианы махыг дэлхий нийтээр генийн өөрчлөлттэй гэдгийг нотлоод байгаа. Тэгэхээр бид өдгөө Pizza hut, Ноён пицца, чикен гэх газруудын бүтээгдэхүүнээс мөн л дээрх шиг үйл явдал гарахгүй гэсэн баталгаагүй хоолоор хооллоод л яваад байх уу. Дээрээс нь бэлэн гоймонгоор залуучуудын ходоодыг хордуулж байгаа газрууд олширсон. "Шөлөндөө" гэх хоолны газраас авахуулаад жижиг бэлэн гоймонгийн Түц хүртэл хотын гудамжаар дүүрчихлээ.

Энэ бүгдийг цэгцлэх цаг нь хэдийнээ болсон. Дэлгүүр лангуу дээрх өнгө өнгөөрөө өрөөстэй бэлэн гоймонгууд бүгд Хятад улсад үйлдвэрлэсэн. "Номин", "Сансар", "Босо" гээд томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуу дээрх бэлэн гоймонгууд ч мөн адил урд хөршийнх. Хэдийгээр бид идэх эсэх нь хүмүүсийн эрхийн асуудал ч өсвөр насны залуусынхаа ирээдүйг бодох хэрэгтэй. Түргэн хоолны газрууд ганц KFC-ээр тогтохгүй Circle K, CU  гээд нийслэл хотын байшин барилгын булан тойроод л хаяа дэрлээд байрласан. 

Эрүүл мэндийн судалгааг Монгол улсын хүн амын дунд явуулахад хүний биед байх ёстой шим тэжээлээ хоол хүнснээсээ авч чадахгүй байна гэсэн хариу гарсан талаар олон нийтэд мэдээлсэн удаатай. Үүгээр ч зогсохгүй генийн өөрчлөлтэй бүтээгдэхүүн хүний биед хэрхэн өөрчлөл үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон судалгаагаа ч танилцуулсан.

  1. Шилжмэл уургийн нөлөөгөөр дархлаа суларч, харшлыг өдөөдөг
  2. Шинээр гарсан уургууд нь өөрийн задралын явцад хорт нэгдлүүдийг илуүтэйгээр ялгаруулдаг
  3. Хүний гэдсэнд антибиотикт тэсвэртэй хорт бичил бактерууд бий болно
  4. Пестицид, гербицид хуримтлагдсанаас бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө ихтэй
  5. Генийн өөрчлөлттэй ургамал нь хүний бие махбодид шаардлагатай бодисуудын агууламжгүй байдаг. Мөн дархлааг сулруулж, бодисын солилцоог устгах аюултай.
  6. Бас бидний хүрээлэн байгаа байгаль орчинд сөргөөр нөлөөж эко систем өөрчлөгдөнө.
  7. 3арим эрдэмтэд орчин үед асар хурдтай нэмэгдэж байгаа аллерги, хорт хавдар, зүрх судасны өвчин, хэт таргалалт, сахарын өвчин, дархлааны хомсдолыг “СМО бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой” гэж үзэж байна. /Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ/
  8. Хүний бие махбодид гарч байгаа өөрчлөлтүүдийн тухай эрүүл мэндийн байгууллагуудаас танилцуулагдсан мэдээнд хоёр настай хүүхдийн бөөрөнд чулуу ургасан, даралт, цусны өвчин залуужиж байгаа байдал, хорт хавдрын өвчлөл, харшил таван хүний гуравт нь илэрч байгааг дурджээ.
  9. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, эм, химийн бодисын үлдэгдлүүд нь хүний биеэс гадагшлахгүй удаан хуримтлагдсаар дархлалын систем суларч нөхөн төлжихгүйгээр эсүүдийг гэмтээж бүх төрлийн өвчлөл үүсгэх хүчин зүйл болж байна.

Дээрхээс харахад бид гэдсээ дүүргэж л байвал юу ч идсэн яахав хэмээн хаа таарсан газраа харсан зүйлээ идэхгүй байх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Дэлхий нийтээрээ өдгөө эко бүхэн рүү хөл алхаж байгаа гэдгийг сануулах нь илүүз биз ээ

 

Х.Даваа