FacebookTwitterEmail

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, нярав, дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см, эм 166 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /жолооч/,
  • 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, Жолооны В, С ангилалтай байх,

Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

- Бүртгэлийг Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобааз,

- Орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад тус тус 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

           Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн намтар;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,

         Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  • Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай нэмэлт материалыг гаргуулан авна. 
  • Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, ажлын байранд тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй.
  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэд шалгалтад орох эрх олгохгүй.
  • Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.

Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага,  “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас www.police.gov.mn   /веб сайт-Хүний нөөц-Төрийн албаны салбар зөвлөл-зарлал мэдээлэл/, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн танилцан Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Шалгалтад тэнцсэн иргэд 3 сарын дамжаанд Хууль сахиулахын их сургуульд суралцана.

Анхаарах зүйлс:

  • Суралцах хугацаандаа Хууль зүйн сайдын 2015 оны А/148 дугаар тушаалаар баталсан “Хууль сахиулахын их сургуулийн дүрэм”-ийг баримтлах,
  • Бусад хууль, дүрэм, журамыг чанд сахих,
  • Суралцагч нь дүрэмт хувцсаар хангагдаж, хээрийн болон усанд сэлэх, мотоцикл жолоодох, бие хамгаалах урлаг гэх мэт ур чадварын сургалтад хамрагдах тул төлбөрийн зохих хэсгийг гаргахыг анхаарах,
  • Хичээл сургалтын явцад шаардагдах ном, дэвтэр, үзэг, цүнх бусад хэрэглэгдэхүүнийг суралцагч хариуцах,
  • Сургалтын явцад суралцагчийг дотуур байраар хангах бололцоогүй тул суралцагч өөрөө түр амьдрах байраа олж аюулгүй байдлаа хариуцна,
  • Дамжаа амжилттай төгссөн иргэдийг нөөцөд бүртгэж, онооны дарааллыг харгалзан  цагдаагийн байгууллагын ахлагч ажлын байр /албан тушаал/-д томилон ажиллуулна.