Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгч ямар хуулийн болон тогтоолын төсөл өргөн барих вэ?

-АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг нэр дэвшүүлсэн. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын хугацаа дуусаад хоёр сар өнгөрлөө. Түүний оронд бас нэг прокурорын нэрийг дэвшүүлж УИХ-аар хэлэлцүүлнэ. Эдгээр гурван асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хүсэлт УИХ-ын даргад хүргүүлсэн. Улмаар хэлэлцэнэ гэдэг хариу авсан.

-УИХ дахь АН-ын бүлгээс ЖДҮХС-гаас зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн ?

-Ерөнхийлөгч ЖДҮ-гийн асуудал анх гарахад нь буруу гэсэн. Одоо ч буруу гэж байгаа. Ерөнхий прокурорын зүгээс асуудлуудаа оруулах байх гэж хүлээж байна. Хэдэн гишүүний асуудлыг оруулж ирэхийг мэдэхгүй. Энэ нь мөрдөн байцаалтын явцаас хамаарах байх.

-ЗХЖШ-ын харъяа цэргийн ангиудад хариуцлагагүй үйлдэл гарах боллоо. Үүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Жанжин штабын ажил хэвийн үргэлжлэж байна. Жанжин штабаас мэдэгдэл гаргасан тул нэмж хэлэх зүйл байхгүй. Ер нь байгууллага даргагүй удаан байж болохгүй. Уг нь Жанжин штабын даргын томилгоог чуулганы сүүлчийн өдөр өргөн барьсан. Хариуцлага мэдээж яригдана. Шат шатандаа хариуцлагаа хүлээгээд явна. Жанжин штаб даргагүй байх үед ийм явдлууд боллоо.

-1992 оны Үндсэн хуулиар хүчингүй болсон хуулийн заалтаар Эрдэнэт үйлдвэрт онцгой дэлгэм тогтоосон гэх яриа гараад байна ?

-Энэ хуульд буруу байхгүй. 1997 онд Засгийн газар энэ хуулийн заалтыг хэрэглэх үед би очиж хэрэгжүүлж байсан юм. Сануулахад 49 хувийн Орост хийсэн хувьчлал нь маргаантай болсон. Өнөөгийнх шиг нөхцөл тухайн үед үүссэн.

Улмаар Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон. Одоогийн нөхцөлд онцгой дэглэм тогтоох нь зүйтэй. Хууль хүчинтэй хэвээрээ мөрдөгдөж байгаа. Цаашид ч гэсэн энэ хууль хэрэглэгдэх обьектууд гарах байх. Эрдэнэтийн 49, 51 гэлтгүй 100 хувь удирдлагын асуудалтай болсон учраас онцгой дэглэм авах нь зөв гэж Ерөнхийлөгч үзсэн. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Энд ярьсан зүйлс нууц учир би энд одоо ярих боломжгүй. Гэхдээ байгалийн баялаг ард түмний өмч мөн гэж Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг (нүүрс, алт, зэс байхаас үл хамааран) улсын мэдэлд буцаан авах тухай зөвлөмж гаргасан.

Үүнийг биелүүлэх зорилгоор Засгийн газар ажлаа хийж, Эрдэнэт үйлдвэрт ажиллагаа явууллаа. Эдийн засгийн хувьд нэг улсаас хэтэрхий хараат болсонд анхаарах цаг болсон. Стандарт банканд ийм хэмжээний ам.долларын өртэй гэж маргахаа болих хэрэгтэй. Шаардлага гарвал өөр газруудад онцгой дэглэм тогтооно. Сайншандын төмөр замыг энэ онд барьж дуусгах талаар зөвлөмж гаргасан. Ирэх онд Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахыг үүрэгдсэн. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн Засгийн газарт ногдох ашгаар Тавантолгойгоос зүүн тийшээ чиглэсэн төмөр зам барихыг үүрэг болгосон. "Эрдэнэс Тавантолгой" ХХК нэг тэрбум долларын борлуулалт хийж, 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ 800 тэрбумын 85 хувиар төмөр зам барих шийдвэрт ҮАБЗ хүрсэн. Эрдэнэс Таван толгойн IPO-г хүчингүй болгоод энэ хавар төмөр замын ажил эхлэнэ.

-Эрдэнэс Тавантолгой хувьцаагаа нээлттэй арилжих уу?

-Арилжина. Гэхдээ урьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулсан. Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна.

-Төмөр замын ажил өмнө нь явагдаагүй. Үүнд Ерөнхийлөгчийн хүмүүс шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон шүү дээ?

-Төмөр замын ажил гэдэг зохиомол хэргийн талаар одоог хүртэл ярьж байна.Төмөр замыг барих үед Ерөнхийлөгч ХААХҮ-ийн сайд байсан. Төмөр зам бариагүйн бурууг Хөдөө аж ахуйн сайдад тохох гэж оролдсон нь хонгилоор явдаг сонгомол үзэгдэл. Энэ бол худлаа хэрэг. Гашуунсухайтын төмөр замын 50 хувь дууссан. Үлдсэн хэсгийг барих хөрөнгийн шийдэж байгаа.

-Нэр бүхий албан тушаалтнуудыг сольсноор хонгилыг нурааж чадах уу?

-УИХ-ын гишүүдээс хамаарна. Хувийн компаниудын халаасанд орчихсон зүйл олон байна. Тухайлбал, 49-ийг хамгаалж байгаа шүүгч, прокурорыг хэлж болно. Хаа очиж Засгийн газрын мэдлийн цагдаа, тагнуул хоёр ажиллаж эхэлж байна. Прокурор, шүүх хоёр ингэж чадахгүй байна. Ээлжит бус чуулган, хаврын чуулганаар хуулийн байгууллагуудын буруутай улсуудыг ажлаа хийж чаддаг хүмүүсээр солихоос өөр аргагүй. УИХ-ын гишүүд үүнтэй санал нийлэх байх.

 

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хятадуудад алдагдлаа гэх боллоо?

-Энэ талаар Ц.Нямдорж сайд тодорхой зүйл хэлсэн. Нэгдүгээрт, 51 хувийг Стандарт банканд барьцаалаагүй. Стандарт банк Жастын Ш.Батхүү зээлээ төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэр төлнө гэсэн баталгаан дээр маргаан үүсгэсэн. Өмчлөлтэй холбоогүй гэдэгтэй Ерөнхийлөгч санал нэгдэж байгаа.

-Таныг УИХ-ын даргын албыг хашиж байхад Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан гэж байна. Та энэ хэрэгт оролцсон юм биш үү?

-49 хувийг хувийн хэвшил эзэмшиж болно. Гэтэл цаг хугацаагүй гэсэн шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлж хувьчилсан. Тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын даргад огт мэдэгдэхгүйгээр нуусан. Сонгуулиас нэг хоногийн өмнө би үүнийг мэдээд Ч.Сайханбилэгээ чи наадахаа тайлбарла гэж хэлсэн.

Эрдэнэтийн асуудалд миний оролцоо байхгүй. Би Н.Золжаргалыг санал болгож, томилуулсан нь үнэн. Энэ хүн 49 хувьтай холбоотойг хуулийн байгууллага тогтоогоогүй байна. Н.Золжаргал ч гэсэн хууль бусаар зээл олгосон эсэхээ тайлбарлах ёстой.

-Ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ Салхитын мөнгөний орд дээр хууль, шүүхийн байгууллага хоёр хуваагдчихсан байна гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Үүнийг би мэдэхгүй. Улсын өмчөөр хайгуул хийсэн байтал юу ч алга гэж хэлээд тусгай зөвшөөрлийг нь нэг уяач залуу авсан байдаг. Улс өөрөө өмч хөрөнгөө бүртгэдэггүй. Олж илрүүлсэн ордоо байхгүй гэж хэлснээс бүх юм эхэлсэн. Тэр хүн дараа нь хятадын хөрөнгө оруулагчид тусгай зөвшөөрлөө зарсан. Нөгөөх нь дахиад нэгэндээ зарсан. Хоорондоо маргалдсан. Үүнээс болж манай хуулийн байгууллагынхан хоорондоо авлига өгч, авсан. Улмаар шүүгч хүн нас барлаа. Тэгэхээр энэ их алттай орд яагаад огт төлбөргүйгээр уяачийн гарт ордог юм бэ. Хэрвээ тэгээгүй бол энэ бүх хэрэг гарахгүй байсан. Энэ ордын хувьд үнэгүй шилжүүлсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

400 сая ам.долларын алттай ордыг хувьд өгсний бурууг нэлээн эртнээс хайх хэрэгтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авна. Үүнд луйврын замаар авсан 400 ордын асуудал яригдаж байгаа юм. Асгат, Салхит, Цагаан суварга, Эрдэнэс Тавантолгой гээд бий. Энэ болгон улсад очно. Эдгээр ордыг 1997 оны хуулийг ашиглаж авсан гээд байгаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу