Төв аймгийн  Заамар сумын  Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсанаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн  86-36 УНЕ улсын дугаартай “КАТ-374Д” загварын эксковатор, 62-11 ТТА улсын дугаартай “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж, 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-ын цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-ийн цогцсыг 5-6 метрийн гүнээс, 03.06-ны өдрийн 12:55 цагт иргэн Б-ын цогцсыг ухаж байсан лаг шавар дотроос тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.06-ны өдөр нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороог зөөвөрлөх, усыг соруулах ажиллагааг 24 цагийн турш  зохион байгуулан, 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 20000 м3 ус соруулан, 2000 м3шороо тээвэрлэж усны түвшинг 2-3 см-ээр багасгаж 1,5-2 метр, лаг шавар 4 метр гүнтэй байна. Үндэсний аврах бригадын 2 аврагч 2 удаа шумбалт хийсэн. Эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 2 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. Нийт 7500 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 270555 м3 ус соруулан, 6938 м3 шороо тээвэрлэн, 9 аврагч 57 удаа шумбалт хийж, 1364 м2 талбайн зайрмагтсан мөсийг хагалж зөөвөрлөөд байна. Ослын голомтод ОБЕГ-ын 5 алба хаагч, 2 автомашин, УУХҮЯ-ны 3 ажилтан, 1 автомашин, Ашигт малтмал газрын тосны газрын 3 алба хаагч, 1 автомашин, ҮАБ-ын 24 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 12 алба хаагч, 1 автомашин, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 8 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 166 ажилтан, 14 техник, 9 ширхэг ус соруулах хөөрөг, нийт 226 хүн, 33 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан. 

Харин өнөөдөр буюу 09-ний өдрийн 08:56 цагт дөрөвдэх иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.