Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаанд түрүүлсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Б.Аюушжавдаа бичсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу? Ээжээ. Сайхан хаваржиж байна уу? Таны минь бие сайн биз дээ. Миний муу ээж юу л хийж сууна даа. Ээжээ охин нь хэн нэгэнд захиа бичиж байсангүй ээ. Амьдралдаа анх удаа тандаа зориулан энэхүү захиаг бичиж сууна. Охиныхоо бичсэнийг сэтгэлээрээ сонсож ойлгоорой ээжээ.

Анх мэдээ орсон цагаасаа л эхлэн тантайгаа зөндөө зүйлийн талаар ярилцах юмсан гэж хүсдэг байлаа. Таныгаа хэлгүй дүлий гэдгийг мэдчихээд шидтэн болохыг хүсдэг байсансан, тэгвэл ээжийгээ ярьдаг бүр дуулдаг болгоно доо гэж боддог байлаа. Хэзээ ч биелэхгүй боломжгүй гэдгийг өвөө минь хэлэхэд /үгүй ээ, би том болоод ээжийгээ заавал хэлд оруулна/ гэж хэлдэг байж билээ. Ээжээ охин нь тандаа зөндөө хайртай шүү.

Ээжээ та минь санаж байна уу? Та минь намайг зам хөндлөн гарч чадахгүй гээд сургуулийн хашааны гадна хүлээдэг сэн. Сургуулиас намайг гараад  ирэхэд дуудаж даллана, харин ангийн хөвгүүд “хөөе хэлгүй ээж чинь ирлээ” гэж шоолно. Би тэр үед танд уурлаж “гэртээ байж байхгүй юу хийж яваа юм бэ” гэж дохиход та хүүхдүүдийн ярихыг сонсоогүй болохоор инээгээд л пичень өгдөгсөн. Дараа өдөр нь дахиад ирэхэд, би хүүхдүүдээс ичээд сургуулийн арын хашаагаар гараад явчхаж билээ. Харин та тэндээ намайг зөндөө хүлээсэнсэн. Одоо бодоход ангийн маань хүүхдүүд, бас би өөрөө хүүхэд болохоор тэнэг байж дээ. Ээжийгээ гомдоосон байх даа. Уучлаарай охиныгоо, тэнэг охиныгоо уучлаарай. Бас хамтдаа цирк үзэж байгаад алиалагч гарч тоглоход та минь үнэхээр чанга инээхэд хүмүүс тань руу эргэж харахад би ичсэндээ таныг чимээгүй гэж дохьсон. Харин та минь дахиж инээгээгүй. Бас автобусанд  суудал олж суугаад намайг суулгах гэж дуудахад би ичээд хүний араар орчихсон. Таныгаа бас л гомдоосон байх даа.

Арай томхон болж 8, 9 дүгээр ангид ороод л таныгаа илүү ойлгож эхлэсэн дээ. Та цэвэрлэгч хийж, би тань дээрээ хичээлээ тарж очихдоо талх чихэртэй хавсарч аваачиж өгдөгсөн. Харин тэр үед би ичихээ больчихсон харин ч бахархаж байсан.

Ээжээ охин нь 6 хүүхдийн ээж болсон, танаасаа салбарлаад өнөр олуулаа болж байна даа. Бага хүү маань нэг удаа ээжээ та эмээг хэлгүй, хэлгүй гээд л байсан чинь эмээгийн аман дотор аймаар том хэл байна лээ шүү дээ гэж хэлж инээлгэж билээ. Одоо би хүүхдүүддээ хүнийг дутуу юмаар нь гоочилж, дуурайж, шоолж болдоггүй шүү гэж захиж хэлдэг.

Одоо удахгүй охин нь эмээ болно, харин та минь буурай эмээ болно.

Хоёулаа хамтдаа өтөлж, хамтдаа жаргана аа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол хоёулаа дахин ээж охин болж төрөөд зөндөө ихийг ярилцана шүү. Шөнө, өдөр хоёр ч багадах байхдаа та бид хоёрт. Тэр үед би таныг ээжээ гэж дуудахад та над руу харж миний охин нааш ир гэж хэлээрэй. Би тань дээрээ гүйгээд л очно шүү ээжээ. Тиймээ би хорвоогийн хамгийн сайхан ээж дээрээ гүйгээд л, гүйгээд л очно оо.

 

 Тус уралдаанд аман хүзүүдсэн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Пүрэв-Очирын тэнгэрт дэвшсэн эмээдээ хаягласан захидлыг хүргэж байна.

Сайн байна уу?

Манай гэрийн хойморт, бурхны дэргэд над руу хараад инээмсэглэн байдаг зурагны эзэн, аавын ээж, миний эмээ таньдаа захидал бичиж сууна. Аав ажилдаа явсан. Харин ээж хоёр дүүг аваад хотын утаанаас холдоно гээд хөдөө явчихсаан. Дүү цэцэрлэгт, ах хичээлдээ, харин би ханиад хүрээд эмчийн магадалгаатай гэртээ өнжиж байна.Та намайг тэнгэрээс харж байна уу?  Харагдахгүй ч байж магадгүй. Хотын дээгүүр битүү утаатай болохоор тэнгэр надад харагдахгүй байна. Утаа арилгах гэж байсан мөнгийг Их хурлын дарга, сайдууд хуваагаад идчихсэн гэсэн. Зурагтаар тэгж ярьсан. За тэр ч яахав. Би таныг нэг удаа ч хараагүй. Гэхдээ аав их сайхан хүн байсан гэж хэлсэн. Аав таны ачийг хариулж чадаагүй гээд ярьдаг. Аав намар Соко аниагийн хуриманд явчхаад согтуу ирээд таны зурагны өмнө суугаад зөндөө уйлсан. Таныг санадаг юм шиг байна лээ. Бид зулын 25-нд, бас цагаан сараар зул асаадаг. Аав “Хөөрхий ээждээ ийм сайхан хүүхдүүдээ харуулж чадаагүй. Би ч азгүй хүн юм аа” гээд өөрийгөө зэмлэдэг. Намайг таны сүнс гэж байна лээ. Тийм байж болох уу?  Та бид тавыг тэнгэрээс хараад аавыг минь баярлуулж болох уу? Өө нээрээ, утаанд харагдахгүй л дээ. Зун утаагүй болохоор хараарай за юу? Ээж бас таныг хараагүй гэсэн. Таны зурган дээр байдаг хүүхэд тэвэрсэн ээжийн зурагтай медалийг ээж Ерөнхийлөгчөөс “Мартын 8”-наар авна гэсэн. Одоо бид тавтай танилцах уу. Би ихэр. Ахыг маань Пүрэвдорж, намайг Пүрэв-Очир гэдэг. Эмэгтэй дүүг маань Нинжбадгар гэдэг. Тэр ганцаараа төрсөн гээд аавд их эрхэлдэг. Дахиад ихэр бий. Тэр хоёрыг Мөнх-Оршихуй,  Энх-Оршихуй  гэдэг. Ээж дархан бэр болно гэсэн. Гурван эрэгтэй хүүхэд төрүүлэхээр тэгдэг гэнэ лээ. Одоо цаг тав болж байна. Дүүгээ цэцэрлэгээс авахаас даа. Утааны маскаа өөрөө, бас дүүдээ сайн зүүлгэхгүй бол утаанд хордоно гэж ээж хэлсэн. Утаа ч аймар байна даа. Тэнгэрт утаагүй байхдаа, баяртай эмээ.

Тус уралдаанд гуравдугаар байрт шалгарсан О.Адьяагийн Өмнөговь аймгийн Ноён сумаас Эрдэнэт хотод суугаа ээж Буянжаргалдаа бичсэн захидлыг хүргэж байна.

Сайн байна уу? Ээдрээт орчлонгийн жам ёсоор энэ баялаг амьдралын замын дунд учирсан эрхэм танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэн алс холын цэлгэрхэн нутгаас гар сунган мэндчилж байна. Хачирхалтай бөгөөд ээдрээтэй амьдралын хувь тавилангаар зүс үл таних нэгэн эмэгтэй тантай миний амьдралын түүх холбогдож, эхэлснээс хойш эдүгээ 20 жил өнгөрчээ. Тэртээд урсан өнгөрсөн цаг хугацааны урсгалд есөн настай жаахан охин би хүнд өвчний улмаас хайртай ээжийгээ алдчихаад хоёр өнчин дүүгийнхээ хамт хорвоод гурвуулаа бөртийж үлдсэн хатуухан болоод хүндхэн өдрүүд хэдийнээ ард хоцорсон ч алган дээр тавьсан мэт сэтгэлд минь тодхон үлдэж дээ. Тэртээ 1998 оны зуны тэр нэгэн үдэш үнээний зэлэн дээр нагац эгчийн маань “Адьяа миний дүү шинэ ээжтэй болно, ээж гэж дуудаарай” хэмээн хэлсэн тэр үеэс миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж билээ. Маргааш нь манайд хойд зүгээс гурван мотоциклоор хүмүүс ирж, баяр ёслол шиг зүйл болж, нэгэн эмэгтэй манайд үлдэж хоцорсон нь та байлаа. Та бид хоёр ээж охин болж амьдрах гэж үзсээр гурван жилийг ардаа орхисон ч бидний харьцаа улам ээдрээтэй болсноор барахгүй биднийг гэх ганцхан аав минь таныг л өмөөрч биднийг зоддог болсон юм даа. Энэ үеэс би таныг үзэн ядаж, энэ хорвоогийн хамгийн муу, өөдгүй хүн гэдгээр төсөөлөн бодох болсон. Бага дүүг минь орондоо шээхэд, хахир хүйтэн өвлөөр та гудсыг нь гадаа гаргаж өнжөөгөөд орой хөлдүү хүйтэн гудсан дээр нь унтуулдаг байхад 10 нас хүрсэн би орондоо шээж, үс минь бөөстөөд сургуульдаа явахаас хүртэл ичдэг байлаа. Таныг өмөөрөн “ Нэгэнт үхсэн ээжийгээ юуг нь санадаг юм” хэмээн намайг загнаж зодож байсан тэр л өдөр аав та хоёртой хамт байсан сүүлчийн өдөр байсан даа. Дүү бид хоёрыг сургуульдаа явсан хойгуур та хоёр бага дүүг минь буурин дээрээ орхиод Эрдэнэт хот руу нүүгээд явчихсан байсан. Энэ үеэс аав та хоёрыг үнэхээр их үзэн ядаж ахин хэзээ ч уучлахгүйгээр, дахин хэзээ ч уулзахгүйгээр явсаар хэдийнээ 20-иод жил өнгөрч, би 30 нас хүрчээ. Одоог хүртэл хэн хэн нь тэр хар дарсан өдрүүдийг мартаж чадалгүй явсаар та бид хоёр хэн хэн нь ээж болсон. Одоо тэр хар өдрүүдийг мартаж хоёр биенээ уучлан амьдралдаа харамсах зүйлгүй явахыг л би хүссэн юм. “Намайг уучлаарай” гэсэн энэ үгийг би танд хэлчихвэл сэтгэлийн доторх хүндхэн ачаа минь гээгдэж, онгойх юм шиг санагдаад байх юм. Танаас гуйх бас нэгэн гуйлт бол аавыг минь хайрлан халамжилж, эцсээ хүртэл хамт байгаарай гэж хэлэх гэсэн юм. Үр хүүхдээ хаясан буруутан нэртэй харамсаж амьдардаг байлгүй хөөрхий. Одоо надад аав та хоёрт гомдох зүйл алгаа. Надад болоод хоёр дүүд минь санаа зоволтгүй тайван амьдар даа. Бид сайхан амьдарч байгаа. Та намайг хуримаа хийхэд аавын минь хувцсыг сольж өгөөд дэмжээд явуулчихсан бол би танд маш их баярлах байлаа. Гэхдээ яахав дээ. Зүгээр дээ. Та хоёр бие биенээ энэ яваа насандаа үзэн ядаж бидэн шиг болчихвол бас хэцүү шүү дээ. Танд бид төвөг удаж, сэтгэлийн зовлонд унагасан бол дүү бидэн гурвыг уучлаарай. Бас та бидэн гурвын өмнө гэмшиж явдаг бол, тэгэх хэрэггүй биз дээ. Бидний амьдрал жаргалтай, би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор танд гомдох гомдол минь тайлагдчихсаан. Одоо танаас ганцхан гуйх зүйл бол аавыг минь л хайрлаж яваарай. Энэ богинохон амьдралд сэтгэлийн өргүй сайхан амьдрах юмсан гэж л би бодсон юм. Баяртай.