Төрийн түшээдүүд өнгө мөнгөний хойноос хэт улайраад байна уу даа гэлтэй үйл явдлууд их болох юм аа. Тухайлбал, Аймгууд хаалгаараа уралдах боллоо. Өвөрхангай аймаг бүүр хоёр хаалгатай. Ард иргэд энэхүү хаалганд дуртай биш. Тус аймагт өмнө нь цагаан хаалга байсан.

Тэгвэл үүнээсээ гадна "Хүндэтгэлийн хаалга" хэмээн 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Самданжигмэд, “Нутгийн буян групп” ХХК-ийн ерөнхий захирал Л.Бат-Орших нар оролцож тууз хайчилж "Өөдлөх айл үүднээсээ" гэж тунхаглаад авсан. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг угтаж бүтээсэн бөгөөд Арвайхээр хотоос зүүн хойш 17 км, Онги голын гүүрнээс 3.2 км зайд барьсан. Уг хаалга нь 330 сая төгрөгөөр бүтсэн гэдэг. Төсвийн мөнгийг хэрэггүй энэ мэт зүйлд хийсгэж суудаг нөхдүүдэд тооцох хариуцлага алга. Ядаж аймгийнхаа эрүүл мэндийн салбарт анхаарч тоног төхөөрөмжийг сайжруулж болмоорсон. Адаглаад бүсийн оношлогооний төвдөө "Рентген аппарат" аваад өгвөл хүн ард нь хэдэн өдрөөр дугаар авахгүй байх байлаа. Тодруулбал, гуравдугаар сарын эхээр бага ангийн сурагч сургуулийнхаа хичээлийн ширээнд хөлөө цохиод гэмтээжээ. Сурагчийн хөл гэртээ харьсан даруйдаа маш ихээр өвдөж, хавдсан байгаа юм. Ингээд эмнэлэгт хандахад хүүхдийг үзсэн эмч нь "Рентген аппаратад харах юм байна даа. Даанч оочер дараалал ихтэй байгаа нэлээн хэд хоногийн дараа харуулах цаг гарна" гэжээ.

Бага насны хүүхэд тул асран хамгаалагч нь олон хоног хүлээж чадахгүй гэдгээ учирлахад хэвтэх бичиг хийж өгчээ. Ийнхүү эмнэлэгт хэвтүүлэхэд өвчтөнд гурав хоногийн дараа рентген аппаратад харсан байгаа юм. Хаалга гэж завхарсан ажил сэдэж суухынхаа оронд Төвийн бүсийн оношлогооны төвийнхөө тоног төхөөрөмжийг сайжруулж, хүртээмжийг нь нэмж болох л байсан нь дамжиггүй ээ. 

Хаалга барьсан аймгийн дараагийн дугаарт "Хэнтий аймаг" бичигдэнэ. Тус аймгийн удирдлагуудын санаачлагаар 2013 онд “Тэмүүжин тоонот” хөгжлийн төлөө сан ТББ-аас анх удаа зураг төслийг нь боловсруулж, уг барилгын ажлыг “Бодь буян” ХХК-ийн ажилчид гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байдаг. ”Чингисийн тоонот” хаалга нь 24 метр өргөн, 14 метр өндөртэй барьжээ. Хаалганы хоёр баганад их хааны итгэмж болох 4 гэрэгэ байх бөгөөд “Монголын их хаан Чингисийн тоонот нутагт тавтай морилно уу?” хэмээн урьсан байна. Туслах хоёр баганы дээр их хааны хаалгач баатруудын дүрийг хоёр метр өндөртэй байгалийн чулуугаар урлан сүндэрлүүлж хажуу талд нь хаалга бүтээхэд хандив өгсөн хүмүүсийн нэрсийг бичиж мөнхжүүлсэн аж. Уг хаалгыг байгалийн хар, шар, бор саарал өнгийн боржин чулуу, зэвэрдэггүй мөнгөлөг, алтлаг ган төмрөөр хийжээ. 

Их мөнгөөр боссон хаалганы дараагийн аймгийн халааг Говь-Сүмбэрийнхэн авах нь ээ.  Тус аймаг “Үдэлт, угталтын хаалга”-тай болох юм байх. Улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийнэ гэж Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батсуурь танилцуулав. Хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийгдэх ажээ. Гэхдээ энэхүү ажилд нь эмнэлэг барих, цэцэрлэг, сургуулийн талаар огт алга. Дандаа хөшөө дурсгал байгаа нь гасалмаар байна. тухайлбал, цэргийн алдар хөшөөний тохижилтын ажилд 112.4 сая төгрөг, улсын төсвөөс 389.9 сая төгрөгөөр дугуйн зам хийх мөн улсын төсвийн 106 сая төгрөгөөр  Сүмбэр суманд Боржигон чуулгын урд талбайн тохижилтыг хийх гэнэ. 

Үүгээр ч зогсохгүй төсвийн мөнгийг өнгөрсөн онд хэрэггүй бүтээн байгуулалтад царцаасан байдаг. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Сагсай сум 2013 онд хаалгаа босгосон бөгөөд тэр нь 25 сая төгрөгөөр бүтсэн байна. Мөн тус аймгийн Булган, Дэлүүн, Улаанхус сум, Цагааннуур тосгонд босгосон хаалга нь 9-25 сая төгрөгийн өртөгтэй аж. Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг.

Улсын төсвөөс гаргаж авсан мөнгөө салхинд хийсгэж ингэж дэмий зарцуулж байгаад иргэд ихээхэн бухимдаж байна. Үгүй ээ ядаж уралдмаар байгаа юм бол  "Хаалгаараа биш эмнэлгээрээ уралд", "Номын сангаараа уралд".  Улсын төв номын сан, Нацагдоржийн номын сангаас авахуулаад байшин барилга нь элэгдээд даац нь хэтэрчихсэн. Ийм байхад шавар хаалгаар юу хийх юм. Улсын төсвөөс хүүхдийн эмнэлэг барьж, цэцэрлэг  байгуулах гэхээр мөнгөгүй гэж ард түмнийхээ амыг тагладаг. Хүүхэд хөгшиддөө зориулсан ганц ч бүтээн байгуулалтгүй байж манай улс шиг хөшөө, хаалгаараа уралдаж суудаг "ухаанд нь ухна ишиг унасан" улс хаа байна. 

 

 

Х.Даваа