Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин 1,1 саяд хүрсэн тухай мэдээллийг өчигдөр хийлээ. Энэ бодит тоо юу?  Цахим орчинд иргэд энэ тоонд эргэлзэж байгаагаа бичиж байна. Хэрэв Монголчууд бидний дундаж цалин энэ хэмжээнд байгаа бол яагаад эх орон, гэр бүл хамаг байдгаа орхин харийн орон руу боолын хөдөлмөр эрхлэхээр өдөр шөнөгүй цувна вэ?

Монгол Улсын гурван иргэн тутмын нэг нь гадаадын аль нэг улсад гарч хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гээд хэлчихвэл буруудахгүй. Үүнийг дараах тоо баримтаас харж болно.

БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас өнгөрсөн сарын сүүлд нэгэн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл “БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч байна. Цаашид виз мэдүүлж буй Монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болно” гэжээ. Элчин сайдын яамны ажилтнуудыг илүү цагаар ажиллах хүртэл нь Солонгос улсын зорихоор материалаа хүргүүлсэн байна.
 Эх орондоо хангалттай хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлдэг бол тэд хайртай бүхнээ орхин харийн орныг зорих байсан уу?  Статистик тоо баримтад бидний цалин өдрөөс өдөрт нэмэгдсээр байдаг. Энэ бол бодит бус цаасан дээрх тоо гэдгийг тодотгох хэрэгтэй.

Харин бодитоор хөдөлмөрийн хөлсөө гаднын улсуудад очиж үнэлүүлдэг. Иймээс Монголчуудын хамгийн их зорьж байгаа Солонгост найм хоног ажиллаад Монгол мөнгөөр хоёр сая төгрөгийн цалин авч байгаа тухай бичиж. Энэ бол бодитоор монгол иргэдийн дөрвөн сар ажиллаад татвараа төлөөд гар дээрээ авах мөнгө. Тэнд Монголчууд өдрийн 80-200 вонноор хөдөлмөрөө үнэлүүлж байна. Иймээс өдөрт зуу зуугаар элчин сайдын яамнаас ирэх хариуг хүлээн, утсаа чагнан өнжиж байна. Виз гарсан баярт мэдээг хүлээн авч Солонгос улсын хилийг давсан бол ихэнх нь “хараар” ажиллах замыг сонгон, тэндээ үлддэг. Албаны тоогоор сард 500 монгол иргэн эх орноосоо дүрвэж байна. Жилд 6000 мянган иргэн хайртай бүхэндээ хэзээ очихоо мэдэхгүй боолын хөдөлмөр эрхэлсээр...