Улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 7.2 хувь нь хувийн сургуульд ордог

Хавар болохоор бүрэн дунд боловсролоос эхлээд их дээд сургуулиудын төгсөлт угтсан ажил ундардаг. Харин сүүлийн жилүүдэд төгсөлтөөс дутуугүй элсэлт тойрсон асуудал боловсролын салбарт тулгарах болсон. Гэхдээ их дээд сургуулийн элсэлтийн талаар хөндөөгүйг дурдъя.

Харин нэгдүгээр ангид элсэх болон дунд ангид дэвшин суралцах хүүхдүүдээ ямар сургуульд өгөх вэ гэдэгт асуулт эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон тул тодорхой мэдээлэл өгөх үүднээс салбарын яам, нийслэлийн Боловсролын газар руу хандлаа. 

Харьяаллын дагуу сургах тойргийн сургуульдаа л орж таарна шүү дээ гэж бодож магад. Мэдээж тийм. Гэхдээ улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн 7.2 хувь /2018-2019 оны статистикаар/ нь хувийн сургуульд ордог бол, тодорхой тооны хүүхэд харьяалал харгалзахгүй шалгалтаар элсүүлдэг төрийн өмчит сургуулиудын босгыг давдаг.

Энэ намраас эхлэн нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэхээр бэлтгэж байна.

Энэ нь хэдэн жилийн өмнөөс нийслэлд хэрэгжүүлж эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлтэй төстэй аж. Үүнтэй холбогдуулан зарим төрийн өмчит сургууль шалгалт авч элсүүлэх ажлаа түр зогсоосон байна.

Тухайлбал, 1, 31, 18, 23… зэрэг хэд хэдэн сургууль ийм зарчмаар элсэлт авдаг бөгөөд, ирэх намраас хэрхэх нь цахим бүртгэлтэй холбогдон тодорхойгүй байдалд оржээ. Гэхдээ ирэх сараас тодорхой болно гэж нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн хэлэв. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Цөөхөн сургууль харьяалал харгалзахгүй шалгалтаар элсэлт авдаг. Тухайлбал, нийслэлийн физикматематикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль болон их сургуулиудын харъяа лицей сургуулиуд гэх мэтчилэн цөөн бий” хэмээв.

Энэ талаар тодруулахаар шалгалтаар нэгдүгээр ангид элсүүлдэг Хан-Уул дүүрэг дэх 18 дугаар сургууль руу залгахад, “Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэлийг цахим болгохоор нийслэлийн Боловсролын газар шийдвэрлэсэн. Үүнээс болж бүртгэл хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Энэ жил харьяалал харгалзахгүй бүртгэхгүй ч байж магадгүй. Нийслэлийн Боловсролын газар хуралдаж байгаа гэсэн. Тодорхой хариу ирээгүй байна” хэмээн ярилаа.

• Энэ намраас эхлэн нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэхээр бэлтгэж байна. 

• Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 803 сургууль үйл ажиллагаа эрхэлж байна. 

• Хувийн сургуулиудын элсэлтийн мэдээлэл тодорхой болжээ.

Харин тав болон долдугаар ангиас нь шалгалтаар оруулдаг гүнзгийрүүлсэн сургалттай төрийн өмчит дунд сургуулиудын элсэлтийн шалгалт уламжлалын дагуу болох аж.

Тухайлбал, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”, 11 дүгээр сургууль болон МУИС, МУБИС , ШУТИС-ийн дэргэдэх лицей зэрэг сургууль тавдугаар анги буюу бага ангиа төгссөн хүүхдүүдээс шалгалт авч дунд ангид элсүүлэх юм.

Элсэлт нь хэдийгээр болохыг тодруулахаар зарим сургуультай холбогдлоо.

1, 11 дүгээр сургуулийн элсэлтийн шалгалт тавдугаар сараас эхлэх аж. Нэгдүгээр сургууль энэ жил 70 хүүхэд шалгалтаар элсүүлэн зургадугаар ангид авах бол, 11 дүгээр сургууль 90 хүүхэд авна гэж хэллээ.

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 803 сургууль үйл ажиллагаа эрхэлж байна. Үүний 656 нь төрийн өмчийн сургууль бөгөөд нийслэлд 137 нь байдаг. Харин хувийн сургуулиудын элсэлтийн мэдээлэл нь тодорхой болжээ.

“Сант” сургууль нэгдүгээр ангийн элсэгчдэдээ зориулсан бэлтгэл ангийг ирэх сарын 8-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ жил харьяалал харгалзахгүй бүртгэхгүй ч байж магадгүй

Бэлтгэл ангийн хичээл гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд, суусан хүүхдүүд шалгалт өгөхгүйгээр нэгдүгээр ангидаа элсэн суралцах боломжтой. Бэлтгэл ангийн төлбөр нь 500 мянган төгрөг байх аж. Харин “Шинэ монгол” сургуулийн хувьд нэгдүгээр ангид элсэгчдээс шалгалт авахаар төлөвлөсөн байна. Элсэгчдийн бүртгэл ирэх сарын 8-наас эхэлж  гурван хоног үргэлжлэх бол, шалгалтыг тус сарын 12-14- ний өдөр авах аж.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин