Гадаадад томилолтоор очоод тухайн улсад хийсэн худалдан авалтынхаа баримтыг онгоц­ны буудал дээр өгч, үнийн дүнгийнхээ арван хувийг буцаан авч буй нэгийгээ харсан монгол нөхөр амаа барьсан тухайгаа ярьж байв.

“Гадаад явсан хүн байна даа...” гэж бодоод өөртөө, гэрийнхэндээ, хамт олондоо, найзууддаа гэсээр нэлээн хэдэн вон зарцуулсан тэрбээр баримтаа хаялгүй хадгалж байсан бол үнийн дүнгийнхээ арван хувьтай тэнцэх /БНСУ үнийн дүнгийн 10 хувийг буцаан олгодог/ нөат­ыг буцаан авах боломж байсныг хожимдож ухаарсан нь тэр. 

Өдгөө дэлхийн улс орнуудаас 60 орчим нь гадаад аялагчдад төлсөн татвараа буцаан авах боломж олгож байна.

Эцсийн хэрэглэгч гэдэг утгаараа тухайн бараа, бүтээгдэхүүн дээрх нэмүү өртгийн арван хувийг иргэд л нэмж төлдөг. Гэхдээ илүү төлсөн мөнгөнийхөө дийлэнхийг нь улсад өгч байгаа нь шударга бус тогтолцоо. 

Швейцар улс гэхэд 7.7 хувийг нь буцаан олгодог бол, Япон найман хувь, Люксембург 17, Герман 19, Англи, Австри, Монако 20, Португал, Грек 23, Дани, Испани, Норвеги, Швед 25 хувь...зэргээр дэлхийн улс орнууд нэмүү өртгийг иргэдэд буцаан олгох хэмжээг тогтоосон байдаг.

2015 онд ардчилсан нам засаглаж байхдаа хийсэн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авдаг болсон. Тав дахь жилдээ хэрэгжиж буй энэ хуулийн дагуу 2018 оны эцсийн байдлаар 724.624 татвар төлөгч 103.9 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байдаг.

Жилийн турш хэчнээн хэмжээний худалдан авалт, үйлчилгээ авсан бэ гэдгээсээ шалтгаалж, НӨАТ-ын буцаан олголт бодогдох нь шударга бөгөөд хүртээмжтэй хуваарилалт болох нь батлагдсан. Татварын бааз суурь нэмэгдэж, далд эдийн засгийг ил гаргасан. Гэхдээ буцаан олголтын хэмжээ, сар бүр азтан шалгаруулдаг тогтолцоо хоёр нь араасаа ямагт хардалт, шүүмжлэл дагуулсаар өнөөдрийг хүрлээ.

САНГИЙН САЙД “БУЦААН ОЛГОЛТЫН ХОЁР ХУВИЙГ НЭМЭХ БОЛОМЖГҮЙ” ГЭХЭЭС ӨӨР ҮГ ХЭЛСЭНГҮЙ

Эцсийн хэрэглэгч гэдэг утгаараа тухайн бараа, бүтээгдэхүүн дээрх нэмүү өртгийн арван хувийг иргэд л нэмж төлдөг. Гэхдээ илүү төлсөн мөнгөнийхөө дийлэнхийг нь улсад өгч байгаа нь шударга бус тогтолцоо. Дээрээс нь азтан шалгаруулах бүрт ямар нэг “но” ороод л би азтан болж чадаагүй юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь олонтаа. Азтан шалгаруулсны маргааш өдөр “Ямар азтай нь 500 мянга, нэг сая, таван сая, 20 сая, 200 сая төгрөг хожив. Ямар азгүй нь бүтэн таван жилд нэг ч удаа 20 мянган төгрөг ч хожсонгүй вэ” гэх яриа олон нийтийн сүлжээгээр бараг хэлэлцүүлэг шиг өрнөдөг.

Мөн сар бүр дунджаар тогтмол 700 мянга гаруй татвар төлөгч баримтаа бүртгүүлж азаа үздэг ч 20 мянган хүн азтан болдог нь сугалаа хүртээмжтэй байж чадаж байгаа юу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй. Өөрөөр хэлбэл, далд эдийн засгийг цэцэглүүлэхгүй байхын тулд бий болгосон нөат­ын буцаан олголтыг цааш төгөлдөржүүлэхийн тулд хардлага дагуулсаар байгаа азын сугалааг зогсоож, буцаан олголтын 10 хувийг нь бүрэн өгвөл илүү үр дүнгээ өгмөөр санагдана.

УИХ энэ сарын 18-наас ээл­ жит бусаар хуралдана. Хэлэлцэх асуудал дунд нь татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой багц төсөл бий.

Нэг үеэ бодвол иргэд худалдан авалт хийсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийнхээ мөнгөн төлбөрийн баримтыг нэхэж авдаг боллоо. Аж ахуйн нэгжүүд ч нэхүүлж, албадуулдаг нь багассан байна. Иймээс Засгийн газар НӨАТ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хоёр хувийн буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлбэл эргээд улсад орж ирэх татварын орлого л өснө. Хоёр хувийг тоогоогүй байж болох ч арван хувийн буцаан олголтод ач холбогдол өгөхгүй хүн бараг л байхгүй.

Харамсалтай нь иргэдийн шаардлага, нийгмийн хүлээлт болсон энэ өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол Засгийн газарт, тэр дундаа сангийн сайдад алга байна. Саяхан татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд болсон хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн аж ахуйн нэгж, иргэд “НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг ядаж таван хувь болгож болохгүй юу” гэсэн асуултыг тавьж, саналаа хэлж байлаа. Харин сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Буцаан олголтын хоёр хувийг нэмэх боломжгүй” гэхээс өөр үг хэлсэнгүй. Хүний урманд ямар учраас иргэд илүү төлсөн мөнгөө бүрэн гүйцэд буцаан авах боломжгүй байгааг тайлбарласангүй.

“Манай улс НӨАТ-­тай 170 гаруй орны нэг. Эдгээр орноос цөөн тооны улс л НӨАТ-ын буцаан олголт өгдөг” хэмээн хэлсэн нь бараг л хоёр хувийг нь буцаан олгож байгаа нь их юм гэсэнтэй адил сонсогдсоныг нуух юун.

Уг нь иргэд төлсөн НӨАТ-аа буцаан авах нь хэн хэндээ ашигтай. Татварын байцаагч бүр аж ахуй нэгжийн орлоготой хөөцөлдөж, нууц тайлан нь хаана байгаа бол гэж “байлдахгүй”. Иргэд үйлчилгээ авах бүрийд, худалдан авалт хийх бүрийдээ хяналт тавиад, хууль хэрэгжүүлэхгүй байгаа аж ахуйн нэгж, хувь иргэний талаар “Алтан хошуу” өргөөд олны дэмжлэгтэйгээр энэ ажил илүү үр дүнтэй хэрэгжих бололцоо харагдаад байгаа.

Өөрөөр хэлбэл, “Төр буй бол татвар буй” гэх алдарт үгийг хэрэгжүүлэх хамгийн найдвартай механизм нь иргэд өөрсдөө хяналт тавих систем юм.

УИХ энэ сарын 18-наас ээл­ жит бусаар хуралдана. Хэлэлцэх асуудал дунд нь татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой багц төсөл бий. Энэ үеэрээ хар дагуулсан азын сугалаагаа зогсоогоод хоёр хувийн буцаан олголтыг нь ядаж таван хувь болгон нэмэгдүүлэхэд анхаараад, хуулийн өөрчлөлтдөө тусгаад өгөөч. Тэгж байж, буцаан олголтын үр шимийг иргэд тэгш хүртээмжтэй хүртэх бололцоо бий болох гээд байна.

"Засгийн газрын мэдээ" сонин