Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа. Уг хууль нь 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өдгөө долоо дахь удаагаа өөрчлөх гэж буй билээ. 

Сүүлийн жилүүдэд бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, мөлжих асуудал ихээр гарах болсон. Ажил олгогч нэрээр халхавч хийсэн тэдгээр хүмүүс хэн нэгнийг ажилд авахдаа туршилтын хугацаа нэрээр явуулчихаад "та тэнцэхгүй байна" гээд явуулчихдаг.  Энэ үзэгдэл нь нийгэмд бугшсан асуудлын нэг болоод удаж байгаа билээ. Цалин хөлсөө ч авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг зэргээс шалтгаан хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг өөрчлөх, шинэчлэх цаг нь болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс нь ярьж, хэлсээр ирсэн. Тэгвэл тус хуулийг өөрчлөхөд ажил олгогчдын зүгээс хууль санаачлагчидтай санал нийлэхгүй байгаагаас хуулиа баталж чадахгүй байна. Тодруулбал, Одоо өргөн баригдаад буй  Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын байрны бэлгийн дарамтыг тусгасан заалтуудыг  оруулсан юм. Тэгвэл тус заалтыг ажил олгогчдын холбооны зүгээс бүхэлд хасах байр сууриндаа хатуу зогсож байна.

Тухайлбал, дээрх хуулийн 7 болон 8 дугаар зүйлд ажлын байрны дарамт үзүүлэх талаар тусгажээ. Тухайлбал, 8.2-дугаар заалтад “Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно” гэж заажээ. Наймдугаар зүйл нь бүхэлдээ ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох тухай заалтуудыг тусгасан байна. Хууль санаачлагчдын зүгээс ХЭҮК-ийн УИХ-д хүргүүлдэг зөвлөмжийн дагуу ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалтыг түүхэндээ анх удаа “Хөдөлмөрийн тухай хууль”-д багтаасан юм.

Энэ талаар  Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Хөдөлмөрийн тухай хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Бидэнд ажлын байран дээр дарамт их байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд ажлын байран дээрх бэлгийн дарамт мөн тохиролцсон цалин хөлсөө өгөхгүй, илүү цагаар цалингүй ажиллуулах гээд олон дарамт бий. Эдгээр асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар нэн хурдан шийдэхгүй бол болохгүй" гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин Ажил олгогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар "Ер нь хөдөлмөрийн хуулинд бэлгийн харилцааг зохицуулж болохгүй. Ажилтан, ажил олгогч, төрөөс тогтоож өгч байгаа хэм хэмжээг зохицуулж өгч байгаа хууль. Хүний эрхийн комисс ямар судалгаан дээрээсээ үндэслэж ноцтой дүгнэлт хийж байгаад харамсаж байна. Ажлын байран дээр бэлгийн дарамт байхгүй" гэсэн юм.

Ажлын байран дээрх бэлгийн дарамт үзүүлдэггүй гэдэгтэй та санал нийлэх үү.  Ажлын байран дээрх бэлгийн дарамт гэж юу вэ.

 

Уг нь ажлын байран дээрх бэлгийн дарамттай холбоотой гэмт хэрэг хэд хэд гарсан. Жишээлбэл, "Сохо мебель” компанийн ажилтан 22 настай бүсгүй амиа хорлосон хэрэг юм. Мөн Төв аймгийн Баянчандмань суманд болсон хэрэг гээд бий. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг зүйл манайд огт байгаагүй биш. Далд хэлбэрт буглаж, биежиж, зүсээ хувиргаж, олон арга мэхтэй болсоор ирсэн нэгэн төрлийн хүчирхийлэл бөгөөд хүний эрхийн комиссынхон ийн сөхөж эхэлсэн. 

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зүгээс анхаарч гэрээ конвециудад тусгаж ирсэн бол 2002 оноос хойш манай улсад ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, хориглох талаар ярьж, олон нийтэд хүргэж, асуудлыг ил гарган хөндөж тавьсан. Гэсэн хэдий ч үүнийг зохицуулах хууль эрх зүй өнөөдрийг хүртэл байхгүй байгаа юм.  Зөвхөн 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг зүйл заалтуудыг тусгасан бөгөөд эрх нь зөрчигдөж хохирогч болсон гэж үзэж байвал өөрийн гомдлоо энэхүү хуулинд зааснаар Хүний эрхийн Үндэсний Комисст гаргана. Гэвч жендэрийн хуулийн маань хэрэгжилт сул, сурталчилгаа байхгүйн улмаас тэр бүр хуулийг дагаж мөрдөхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хууль бол ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтны хамгийн чухал суурь хэм хэмжээг тогтоож эрх, үүрэг, хариуцлагыг зааж өгдөг учраас энэ хуульд тусгах нь зүйтэй гэдгийг ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэн ярьж байсан юм.

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч амиа алдах, эрүүл мэнд, сэтгэл санаагаар мөн эдийн засгаар хохирох, ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа орон нутагтаа ч нэр хүндгүй болох зэрэг олон эрсдэлийг үүрч байдаг ажээ.

Х.Даваа