Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр 2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Тус алба нь өнгөрсөн онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн. Үүнээс арван гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Нийт гомдол, мэдээллийн 99.8 хувийг гомдол мэдүүлсэн хугацаанд шийдвэрлэж, 9448 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонбаатар “Сүүлийн үед сүлжээний гэмт хэргээс үүдэн маш олон иргэн хохирч байна. Тухайлбал, “Жи тайм” гэх Казахстанаас орж ирсэн сүлжээний гэмт хэрэг манай албанд шалгагдаж байна. Хэргээс үүдэн 11.734 иргэн хохироод байгаа ба эдгээр иргэд мэдүүлэг өгч, шалгагдаж байгаа. Сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байна. Харамсалтай одоогоор энэ иргэн олдоогүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор 6,9  тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн байгаа. Дээрх битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор руу санал хүргүүлэн ажиллаж байна. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад битүүмжлэгдсэн хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдээгүй учраас холбогдох журамд өөрчлөлт оруулж байж хохирлыг барагдуулах боломж бий” гэлээ.

Мөн талийгаач шүүгч Л.Бямбаатай холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна гэв.