УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр HD Mongol телевизийн оройн нэвтрүүлэгт оролцон Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж буй Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүс дэх дансны дэлгэрэнгүй хуулгыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх болсон талаар мэдээлсэн билээ.

Тэрбээр “Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж АТГ-т хүргэгдэж байна” хэмээн хэлсэн юм.

С.Баярцогт одоогоос зургаан жилийн өмнө буюу  2013 онд нэг сая ам.доллараа  Швейцарын дансанд хадгалуулаад, түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж байсан. Мөн тэрбээр “2008 онд Хонконгод явж байхдаа оффшор бүсэд данс бүртгүүлсэн. Оффшор компани бүртгүүлэх 30-хан минутын асуудал юм билээ. Харин дансаа хаахад зургаан сараас нэг жилийн хугацаа шаарддаг. Гэхдээ би тэр нээлгэсэн дансаа огт ашиглаж чадаагүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.