Арилжааны банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин манай улсад 1990 онд тавигдсан. Тухайн үеийн Сайд нарын зөвлөл 422 тоот тогтоол гаргасан нь улсад аж ахуйн банк буюу хувийн банк байгуулахыг зөвшөөрсөн явдал юм.

Ингэснээр Монгол Улсад банкны хоёр шатлалт тогтолцоо бий болж, өнөөдрийн арилжааны банкны түүх эхэлсэн билээ. Эргэн харахад, өнгөрсөн 29 жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн амьдралд өчнөөн зүйл өөрчлөгдөж, банк гэдэг ойлголт бидний хувьд хэрэгцээ, шаардлага болон хувирчээ.

Мөнгөний гэнэтийн хэрэг гарлаа гэхэд ойр тойрны нэгнээсээ сураглахаас илүүтэй банк бидний очих газрын нэг болтлоо энэ амьдралтай холбогджээ. Цалингийн зээл, байрны зээл, автомашины зээл энэ бүхэн байгаагүй бол хэзээ мөнгөө хурааж, хэзээ нь байртай, машинтай болох байснаа ер төсөөлшгүй. Энэ төрлийн үйлчилгээг төв банк бус түүний хараа хяналт дор үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд иргэдэд олгож, санхүүгийн хэрэгцээгээ банкны тусламжтайгаар хангаж өдий хүрлээ. Цаашдаа ч ийм байх нь дамжиггүй.

Дэлхий нийтээр банк, санхүүгийн үйлчилгээ авснаар боломжоо нэмэгдүүлж, цаг хугацааг хэмнэж, амьдралаа сайжруулж байна. Хувийн хэвшлийн томоохон компани, аж ахуйн нэгжээс эхлээд өрхийн үйлдвэрлэл хүртэл банкны зээлээр бойжиж, өөрсдийн өндөрлөгт хүрцгээсэн юм. Иргэдийн хадгаламжийг татан төвлөрүүлж, хэрэгцээтэй байгаа хэсэгт нь зээл болгон гаргаснаар банкны зуучлал хөгжиж, өнөөдөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хоорондоо тэд өрсөлдөж, төрөлжиж байна. Үүнийг бичих сэтгүүлч миний хувьд ч ялгаагүй банкны зээлээр наад захын хэрэгцээгээ хангаж, байрны зээлд хүртэл хамрагдсан нэгэн. Хувь хүний санхүүгийн сахилга баттай ч болгосон. Хэрэв мөнгөө хураагаад байртай болно гэвэл залуучуудын хувьд бараг л боломжгүй. Залуу гэр бүлүүд урьдчилгаа нөхцөлөө хангаж л байвал орон байртай болох боломжийг банк олгож байгаа.

Арилжааны банк бий болсноор хүн хувийн өмч хөрөнгөтэй болж, баялгийн эзэн болсон. Тухайлбал, хувийн хэвшлүүдийн дийлэнх нь банкны зээлээр босож ирсэн юм. Банкны салбар хамгийн ээдрээтэй, хүнд хэцүү цагийн шалгаралд орж, тэндээс тэсэж үлдсэн нь өнөөдрийн санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлж байна. Алдаа оноо нь олон нийтэд ил, хүмүүсийн итгэл дээр оршин тогтнож ирсэн банкны салбар хамгийн өрсөлдөх чадвартай салбарт тооцогдож, үйлчилгээ, бүтээгдэхүүнээрээ эрс ялгарах боллоо.

Нөгөө талдаа банкны хөгжил эрчимжиж, түүний нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо нэмэгдэх хэрээр банк гэдэг санхүүгийн тогтвортой байдлыг илтгэх чухал багана болж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолын нэг хэмжүүр нь банк гэгдэх хэмжээнд ирлээ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур нь банк болж, хүмүүсийн ахуй амьдралд ч тэр банкаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны тулгамдсан асуудлыг шийдэж байна. Хэрэв банкны систем гэнэт байхгүй боллоо гэж бодоход хэн бидэнд банк шиг бага хүүтэй, урт хугацаатай зээлийн үйлчилгээ санал болгох вэ. Хэн бидэнд итгэж хэрэглээний зээл олгож, хөл дүүжлэх унаатай болгох вэ. Ингээд бодохоор банк зөвхөн ашгийн төлөө бус нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болж таарч байгаа юм. Тиймээс ч дэлхийн нийтээр банктай холбоотой мэдээлэлд хамгийн эмзэг, хамгийн хариуцлагатай ханддаг.

Популист улстөрчийн хийтэй үг, үйлдэл, тэдний гаргасан ойворгон гэнэтийн шийдвэр бүхэл бүтэн банкны систем, үүнээс улбаалан эдийн засгийн урт хугацааны хямрал, уналтыг дагуулах хэмжээний эрсдэлтэйг хэн хүнгүй бодох учиртай. Банк харилцагчийнхаа өмнө, хадгаламж эзэмшигчийнхээ өмнө, нийгмийн өмнө ямагт хариуцлага хүлээж байдаг. Тиймээс банкны салбар, түүний дотор системийн нөлөө бүхий банк руу чиглэсэн халдлага, нийгмийг тэвдүүлсэн огцом мэдэгдэл болгон нь эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэгд тооцогддог.

Тухайлбал, худалдаа хөгжлийн банктай холбоотой, тус банк руу чиглэсэн дайралт эргээд санхүүгийн салбарт хамгийн том цочроо болж, олон нийтэд харилцан адилгүй цуурхал түгсэн. Монголын банкны системийн 25 хувийг бүрдүүлдэг, олон талт банк гэж тодотгодог тус банк руу бүлэглэн дайрсан явдлууд нийгмийг, бизнесийн орчныг айдас хүйдэстэй болгосон гэхэд хилсдэхгүй.

• Хувийн хэвшлийн томоохон компани, аж ахуйн нэгжээс эхлүүлээд өрхийн үйлдвэрлэл хүртэл банкны зээлээр бойжиж, өөрсдийн өндөрлөгт хүрцгээсэн. 

• Банкны салбар хамгийн ээдрээтэй, хүнд хэцүү цагийн шалгуурт орж, тэндээс тэсэж үлдсэн нь өнөөдрийн санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлж байна. 

• Мөнгөний гэнэтийн хэрэг гарлаа гэхэд ойр тойрны нэгнээсээ сураглахаас илүүтэй банк л бидний очих газрын нэг болтлоо энэ амьдралтай холбогджээ.

Санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны систем бүрдүүлж байгааг эхэнд дурдсан. Банк өөрөө нийгэм, эдийн засагт хамгийн том хариуцлага үүрч яваа нөхцөлд хий хардах эсвэл гүтгэх чухамдаа улсаа нураах ч аюултай. Банк бол улстөржүүлэх, оноо цуглуулах “хөзөр” биш юм. Улсад олон улсын санхүүгийн зах зээлээс валют авчирдаг, монголын банкны салбарын нэр нүүр болсон, гадаад төлбөр тооцооны 80 гаруй хувийг хийдэг худалдаа хөгжлийн банкны нэр төрд санаатайгаар бүдүүлгээр халдсан үйл явдал эргээд монголд итгэх хөрөнгө оруулагчдыг нүүрээ бууруулахад хүргэж байна. Энэ нь эдийн засагт хамгийн том шок гэсэн үг.

Валютын нөөцийг зузаатгахад хүчин зүтгэдэг банк монголд хэд билээ. Хэрэв төв банкны нөөц дундарч, ширгэсээр байвал энэ нь ам.долларын ханш өсөх, улмаар бидний хэрэглээ улам үнэтэй болох наад захын эрсдэлд хөтлөх билээ. Ам.доллар тэргүүтэй валютын ханш өссөнөөр шатахууны үнэ нэмэгдэх, олон улсад төлөх Монгол Улсын өр ханшийн зөрүүнээс болоод улам л нэмэгдэнэ гэсэн үг. Том зургаар нь харвал, зүгээр нэг банкны эсрэг хийсэн харалган дайралт бүхэл бүтэн эдийн засгаа эрсдэл рүү түлхэж мэдэх нөлөөтэйг анзаарсан болов уу. Жишээ нь, банкны салбар эвгүйтэхэд, бүхэлдээ даалуу шиг эрсдэлд ороход танай байгууллагын цалинд хүртэл өөрчлөлт орох, хүндрэл үүсэх нөлөөтэй.

Иргэн хүний амьдралд хүртэл банкны үйлчилгээ авах боломж, бололцоо улам хумигдах эрсдэлтэй. Нөгөө талдаа иргэдийн хувьд банктай холбоотой цуурхалд итгэж, түүнийг ам дамжуулан ярихгүй байхаас хүртэл энэ нь хамаарна. Банктай холбоотой сөрөг мэдээллүүд жишээ нь өрсөлдөгчийнх нь зохион байгуулалттай тараасан цуурхал байсан бол яах вэ. Системийн нөлөө бүхий банк гэдэг бүхэл бүтэн салбарыг авч явдаг, цаашилбал, улсын эдийн засгийн тусгаар байдал, тогтвортой хөгжлийн баталгаа болдог. Тиймээс л эдгээрийг хөндлөө.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ сонин