Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн билээ. Хэргийг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар бүлэглэн үйлдсэн хэмээн гурван шатны шүүхээр 20-24 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл дээрх хэргийг илрүүлэхдээ хууль хяналтын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зодож тарчлааж байгаа бичлэгийг Тагнуулын ерөнхий газраас АТГ-т шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Дээрх хэрэгт холбогдуулан Тагнуулын хоёр мөрдөн байцаагч, ШШГЕГ-ын хоёр алба хаагч нарыг цагдан хориод буй. Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аван, хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байсан албан тушаалтнууд яллагдагч нарыг эрүүдэн шүүж, ноцтой гэмт хэрэг үүрүүлсэн гэх асуудал нийгэмд тархаад байна. Тэгвэл 2016 онд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар талийгаач С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож байсан Төв аймгийн хорих ангид очиж уулзаж байсан. Тухайн үед Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдэгдэл хийж байсан юм.

Энэ талаар түүнтэй уулзаж ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд эрүүдэн шүүсэн гэх ноцтой асуудал сүүлийн үед яригдах боллоо. 2016 онд та Төв аймгийн хорих ангид саатуулагдаад байсан Б.Булганыг эргэж очсон. Түүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар та мэдэгдэл хийж байсан. Түүний эрх хэрхэн зөрчигдөж байсан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Төв аймгийн хорих ангид саатуулагдан шалгагдаж байсан Б.Булганы ээж УИХ дахь Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргаж байсан юм. Дээрх өргөдөлтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан миний бие УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болдын хамт Төв аймгийн хорих ангид очсон. Тухайн үед хорих ангид саатуулагдан хоригдож байгаа олон хүнээс өргөдөл ирсэн байсан. Үүний дагуу ажлаа хийгээд явж байсан гэсэн үг. Төв аймгийн хорих анги руу ганцхан Б.Булгантай уулзахаар яваагүй. Өөр олон хүнтэй уулзсан. Тус хорих ангид очих үед биднийг маш сонин нөхцөл байдал угтсан. Хорих ангийн хаалгаар УИХ-ын гишүүдийн автомашин орж ирэнгүүт тусгай албаны ажилтнууд камер бариад хүрээд ирсэн. Камераа асаагаад биднийг дагачихсан. Өмнө нь сэжигтэн, яллагдагч дээр очиж, уулзаж байхад ийм асуудал огт болж байгаагүй. Бид Б.Булганаас өөр хүмүүстэй уулзаж байхад камер араас огт дагаагүй. Харин Б.Булганы хоригдож байгаа жигүүр рүү очих үед камераа асаагаад эхэлж байгаа юм. Хорих ангийн дэд дарга Б.Булган тэнд хоригдож байгаа гээд заасан. Тэгээд бидний ард үлдчихсэн. Миний бие түрүүлж алхаад Б.Булган хоригдож байгаа гэх камерын үүдэнд очсон. Тэгсэн том биетэй, тусгай албаны хувцастай гурван залуу нуруундаа гараа үүрээд, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихсон байсан. Биднийг энэ хэсэг рүү оруулж болохгүй гээд хашаад зогссон. Ингээд “УИХ-ын гишүүн өргөдлийн дагуу ажлаа хийгээд явж байна. Та бүхэн ажилд саад учруулж болохгүй” гэж хэлсэн. Мөн “Та нарын мөрдөж байгаа хэрэг нууц байж болно. Би хэргийн материалтай танилцах гэсэнгүй. Хүнтэй уулзах гэж явна. Та нар хэргийн материалыг нууцад авч болно. Хүнийг нууцад авч болохгүй. Монгол Улсын иргэнийг нууцад авч болохгүй. Иргэн нууцын объект биш” гэдгийг ч хэлсэн. Гэвч уулзуулахгүй гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр нь “Биднийг уулзуулахгүй гээд байгаа даргатайгаа ярь. Би та нарыг даргатайгаа ярьж дуустал энд хүлээж байя” гээд шалан дээр хоёр хөлөө жийгээд суусан.

-Тухайн үед хорих ангийн коридорт хоёр хөлөө жийгээд сууж байгаа таны зураг шуугиан болж байсныг санаж байна. Тэгээд юу болсон бэ?

-Газар 10 гаруй минут суусан. Тэгсэн нөгөө тусгай албаныхан холбоо, хэрэгслээр ярьж байснаа “Таныг орж уулзаж болно гэж үүрэг өгсөн” гэж хэлсэн. Ингээд Б.Булгантай хорих ангид нүүр тулж уулзсан. Хэний зөвшөөрлөөр орж уулзсан гэдгээ одоо хүртэл мэдээгүй.Миний алхам бүрийг камераар бичлэг хийж баримтжуулж авсан байсан. Б.Булганыг маш хүнд хэцүү нөхцөлд хорьж байгаа нь харахад л мэдрэгдсэн. Хорих ангийн хамгаалагчаас эхлээд эргэн тойронд нь дан эрчүүд байсан. Хийж байгаа бүх зүйл нь маш тод харагдах торон хаалгатай орчинд хоригдож байсан. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байсан. Мөн тэнд хоригдогсод бүгд төмөр сараалжин хаалгатай тасалгаануудад байгаа юм. Тэд гаднаас нь бүх зүйлийг нь харж байна. Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгд эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм. Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл, тэр хүн хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байсан. Б.Булган надад “Анх олон эрчүүдийн нүдэн дээр бие засах гэхээр ичиж зовдог байсан. Сүүлдээ тоохоо болиод байна. Дандаа хүн харж байхад бие засдаг” гэж хэлсэн. Би хорих ангиас гарч ирээд “Залхаан цээрлүүлэлт маш их байна. Б.Булганыг өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй юм байна. Холбогдох газруудад өргөдөл гаргаж өгөхөөр хуулийн дагуу шийдэж өгдөггүй. Захиаг нь хэнд ч өгөхгүй хадгалчихдаг. Харанхуйд унтах эрх байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Б.Булганыг хорьж цагдаж байгаа байдал нь хүний эрхийн наад захын дүрэм, журмыг зөрчиж байна. Залхаан цээрлүүлж байна. Хамгийн ноцтой нь Б.Булганы өмгөөлөгч олон нийтэд үг хэлэх ямар ч эрхгүй болчихсон байсан. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах үүрэг бүхий хуулиар эрх нь тодорхой тогтоогдчихсон өмгөөлөгч ажлаа хийж чадахгүй, үйлчлүүлэгчээ өмгөөлж чадахгүй байгаа хүний эрхийн хамгийн том зөрчил ажиглагдсан. Хохирогч нь дуугарах эрхгүй, өмгөөлөгч нь дуугарч болохгүй байгаа байдал нь хүний эрхийн маш гүнзгий зөрчил” гэж би харсан, бас ярьсан. Өмгөөлөгч өмгөөллөө хийж чадахгүй байгаа юм чинь өмгөөлүүлж байгаа хүн ямар байх нь тодорхой биз дээ. Энэ талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Зөвхөн мэдэгдэл хийгээд энэ асуудал зогсоогүй. Олон улсын парламентын холбооныхон ирчихээд С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар судалгаа хийгээд явж байсан. Би тэдэнд нөхцөл байдлын талаар танилцуулж, Б.Булганы эрх зөрчигдөж байгааг хэлсэн. Европын холбооны хүний эрхийн байдлыг судалж ирсэн судлаачид энэ асуудлыг бас хэлж, танилцуулсан. Б.Булган дээр олон улсад мөрдөгдөж байгаа хүний эрхийн наад захын журам, эрх зөрчигдөж байна гэдгийг маш тодорхой байдлаар олон нийтэд хүргэсэн. Тухайн үед миний бие шалан дээр суугаагүй бол Б.Булгантай уулзаж чадахгүй гарах байсан. Тагнуулынхан камераар бичлэг хийгээд Ц.Оюунгэрэл гуай янз бүрийн асуудал яривал та ч гэсэн энэ хэрэгт холбогдоно гэсэн байдлаар хандсан.

-Та С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан байдал, шүүх хурлыг үнэн зөв шийдэгдсэн гэж үздэг үү. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрх зөрчигдсөн талаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа сонсож байсан уу?

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлыг сайн хэлж мэдэхгүй байна. Хэргийн хамгийн гол амьд гэрчийг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн. Тэгэхээр шүүх хурлын эрхийг тагнуулынхан булаан авсантай адилхан. Шүүхийн эрх мэдэл хараат бус байх ёстой. Шүүх хэргийн гэрчийг өөрсдөө оруулж байх ёстой. Хэрэгт холбогдолтой хэнийг ч өмнөө зогсоогоод асууж тодруулах эрхтэй. Тэрийг оруулна, энэ хүнийг оруулахгүй гэдгийг шүүх мэдэх ёстой. Гэтэл шүүгчийг тагнуулынхан удирдсан. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг дээр дүгнэж хэлэхэд шүүх эрх мэдлээ алдчихсан. Шүүгч бүх талыг бүрэн сонсох үүргээ биелүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хуулиар олгогдсон эрхээ шүүгчид эдэлж чадаагүй. Тэгэхээр энэ хэрэг үнэн шударгаар шүүгдэх ямар ч боломжгүй. Хэргийн гол гэрчийг оролцуулалгүй шүүх хурал болсон нь хэнд ч энэ хэргийг илрүүлсэн нь худлаа, жүжиг гэдэг нь шууд мэдэгдэж байгаа юм. Энэ хэрэг дээр хүний эрхийн олон улсад мөрдөгдөж ирсэн хэм хэмжээ алдагдсан. Засаглалын хэм хэмжээ алдагдлаа гэж тухайн үедээ шүүмжилж байснаа санаж байна.