Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгажээ.

Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, улмаар өчигдөр батлагдлаа.

 

Энэ бүхэнтэй зэрэгцэн, УИХ дахь АН-ын бүлэг, Ардчилсан Нам, Ардчилсан Залуучуудын Холбоо мэдэгдэл гаргах, жагсах, хэвлэлийн хурал хийх зэргээр тэмцэж эхлэв.

УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан мэдэгдэлд : " Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлж байгаа дээрх хуулийн төслүүд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, Улсын Их Хурдын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа" гэж бичсэн байлаа.

Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 4-ний өдөр намынхаа онц их хурлыг зарлаж байгаа бөгөөд эрх баригчдын хууль зөрчсөн үйлдлийн эсрэг тэмцлийн хэлбэрт шилжиж, эсэргүүцэн жагсахаа зарлаад байгаа.

Өөрөөр хэлбэл Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аасаа нэр дэвшсэн Х.Баттулгыг Үндсэн хуульд халдаж байгаа гэж үзэн, түүний эсрэг тэмцэх нь тодорхой болж байна.

Энэ бүхэнтэй зэрэгцэн, Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид бүхэлдээ нэг байр суурьтай байхгүй нь тодорхой бөгөөд аль нэг хэсэг нь С.Эрдэнэ тэргүүтнийг, нөгөө хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжин хуваагдах нь гарцаагүй.

Чухам хэн хэн нь аль талдаа гарахыг цаг хугацаа удахгүй харуулах биз ээ.

П.Энхмандах

sonin.mn