Эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа энэ цаг үед төрийн албан хаагчид  хийсэн ажилдаа эзэн болж,  татвар төлөгч бидний мөнгийг  үр ашигтай зарцуулах ёстой. Тэгтэл ингэж зарцуулаагүй нэг жишээг  Байгаль орчин ногоон хөгжлийн газар гаргасан байх юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дэд дарга Н.Эрдэнэбилэг эрх мэдлээ урвуулан ашиглаж "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх" ажлын тендерт шалгарсан "Лаки лайф" ХХК-д давуу байдал олгосон байх юм. Улмаар өнгөрсөн оны  зургадугаар сард нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 1525 цэгт бетонон шон болон "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс" гэсэн пайз тэмдгийг суурилуулна гэсэн агуулга бүхий гэрээг  "Лаки лайф" ХХК  Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулсан байгаа юм.  Гэрээний дагуу "Лаки лайф" ХХК  ажлаа эхэлж, суурилуулах ёстой шонгоос 1000 орчмыг нь босгоод л санхүүжилтээ бүрэн авч, ажлаа хүлээлгээд өгчихсөн гэнэ.

Тэгтэл  Байгаль орчин, ногоон хөгжлийн газар хийж дуусаагүй ажлыг нь хийснээр тооцоод нэг төгрөг ч  дутаалгүй өгөх шийдвэрийг  Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дэд дарга Н.Эрдэнэбилэг гаргасан байна.   Тэгвэл эрх мэдлээ урвуулан ашигласан Н.Эрдэнэбилэгээс энэ талаар цөөн зүйл тодрууллаа.

-  "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх" ажлыг гүйцэттэж байгаа "Лаки лайф" ХХК өнөөдрийн байдлаар ажлаа бүрэн дуусгаагүй байхад  ажлыг нь хүлээж аваад санхүүжилтийг  олгосон нь хуульд нийцсэн шийдвэр мөн үү?

-  Мэдээж хууль зөрчсөн явдал. Гэхдээ энэ ажил он дамжих нь гэхээр нь ийм шийдвэр гаргасан. Мөн голын ой сав бүхий газарт хийж байгаа тул газар нь эрт хөлдсөн байна. Энэ нь чанартай гүйцэтгүүлэх гэсэнтэй холбоотой. Харин ажлыг хүлээн авлаа гэсэн акт үйлдсэн нь санхүүжилттэй холбоотой. Учир нь он дамжсан тохиолдолд Засгийн газраас санхүүжилтийг нь зогсоох тухай яриа гарсан. Иймд ажлыг бүрэн гүйцэтгүүлэх гэж ийм шийдвэр гаргасан.

-   Он дамжуулаад төсөвт суулгах боломжтой байхад та яагаад хууль зөрчөөд ийм шийдвэр гаргасан юм бэ?

- Энэ ажлын хувьд он дамжиж төсөвт тусгуулах боломжгүй.

Хууль зөрчсөн энэ талаар танай байгууллагын удирдлага мэдэж байгаа юу. Хэн хариуцлага  хүлээх ёстой юм бол?

- Одоогоор мэдэгдээгүй байна. Миний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.

Хэдийгээр ажлыг бүрэн хүлээж авсан ч тус компанитай энэ оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд ажлаа бүрэн дуусгана гэсэн гэрээ байгуулсан байгаа юм.  Тэгтэл өнөөдөр ажлаа хийж дууссан ч санхүүжилтээ авч чадахгүй хотын дарга нарын хаалга сахиж, cap жилийг үдэх нь ч бий. Тэгтэл танил талтай, татаас сайтайн “буянг” Н.Эрдэнэбилэг нотлочихлоо.  Одоо хариуцлагыг нь нэхье.

А.Баярмаа