Сүүлийн үед олон нийтийн хараанд байгаа сэдвийн нэг нь яах арга үгүй улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насанд хүрсэн гэх сэжигтнүүдийг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэх асуудал байгаа билээ.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой буюу хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүж бичлэгийг УИХ-н гишүүд үзснээс гадна сэтгүүлчдэд хаалттай байдлаар хүргэсэн. Харин одоо үүнийг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй хэмээн МАХН-ын зүгээс төрийн гурван өндөрлөгт хандан шаардлага хүргүүлжээ. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар танаа

 

Шаардлага хүргүүлэх тухай

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх нэрээр иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2 жил гаруй хугацаанд эрүүдэн шүүж, тамлан зовоож, хүний ёсноос гадуур харьцаж 1937-1938 оны хэлмэгдэлийг давтсан жигшүүрт хэрэг үйлджээ.

 

Энэ нь МАНАН-гийн улс төр, бизнесийн бүлэглэл, түүний гар хөл болсон хуульчид нэртэй зусардан баялдуучлагчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нэг л үйлдэл бөгөөд үүнтэй адил төстэй хууль зөрчсөн олон зуун үйлдэл, зөрчил байгаа нь бодитой юм.

Иймээс та бүхэнд хандан дараах шаардлагуудыг хүргүүлж байна.

1. МАНАН дэглэмийн дуулгавартай гар хөл болж улс төрийн захиалгаар хууль завхаруулж, хэлмэгдүүлэлт явуулсан Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Д.Дорлигжав орлогч прокурор Г.Эрдэнэбат, АТГ-ын дарга Ч.Энхжаргал, ТЕГ-ын дарга Б.Хурц нарыг хуулийн хариуцлагад татаж, тэдний даалгавараар эрүү шүүлт тулгаж, олон арван бизнес эрхлэгчдийг дарамтлаж бизнесийг булаан авсан, тэднийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн, хорьж айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж хууль зөрчих явдал хэвийн зүйл болгосон шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, АТГ ба Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг албан үүрэгт ажлаас нь нэн даруй түтгэлзүүлж тэдний хэргийг мөрдөн шалгах, албыг сэргээн байгуулж, шалгаж шийдвэрлэхийг шаардаж байна.

2. Прокурор, АТГ, Тагнуулын байгууллага иргэдийг хэрэг хүлээлгэхээр хүний ёсноос гадуур хорьж тарчилгах, дарамтлах, айлган сүрдүүлэх, эрүүгийн хүнд гэмт хэрэгтнээр дарамтлуулах, зодох зэргээр хүчирхийлсэн жигшүүрт үйлдлийг зөвхөн УИХ-ын гишүүд, сэтгүүлч нарт танилцуулан харин ард түмнээсээ нууцалсаныг хүний эрхийг хөсөрдүүлсэн, ард түмнээ ялгаварлан гадуурхсан Үндсэн хуулиа зөрчсөн ноцтой асуудал гэж үзэж байна.

Иймд хүний эрхийг ноцтой зөрчиж Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж тамлан, тарчилгаж байгаа бичлэгүүдийг Олон Нийтийн телевизээр иж бүрнээр гаргаж харуулж, эрүүдэн шүүх, хүний эрх зөрчих явдалыг бүр мөсөн таслан зогсоохыг шаардаж байна.

3. Гүйцэтгэх ажлын нэрээр ард иргэдээ, мөрдөн мөшгөж, эрүүдэн шүүж байгааг зогсоох, хяналтанд оруулах,ил тод болгохыг шаардаж байна. Нэг жишээ дурдахад : Ерөнхий прокурор нь тагнуулын байгууллагад тагнуулж чагнуулдагаа хэлж, айн чичэрч байгаа байдал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, төрийн тусгай хамгаалтанд байгаа хүний гэрт ТЕГазрын даалгавраар нууц ажилтан иж бүрэн техник хэрэгсэлтэй нэвтэрч, гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрдөж байсан хөдлөшгүй баримт байна.Энэ нь Монгол улсад ардчилал, хууль дээдлэх ёс үгүй болж дарангуйлалын дэглэм тоггсон гэж дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлж байна.

4. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол хүний эрхийг хамгаалж яргалал, эрүүдэн шүүлтийг зогсоох чадваргүй, нөгөө талаас хууль эрх зүйн орчин бүрдээгүй нь байгаа нь Монгол хүний эрх нийтлэг зөрчигдөж, хууль, хяналтын байгууллага дураараа авирлаж, иргэдийг үндэслэлгүйгээр хорих, эрүүдэн шүүх, шорон дамжуулан дарамтлах боломжийг олгож байна. Хүний Эрхийн Үндэсний Комиссын хуулийг шинэчилэн ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах, хүний эрхийн коммисын зөвлөмжийг үндэслэн хуулийн байгууллагуудын удирдах ажилтануудыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг болгон шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна..

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ