Улсын төсөв та бидний татварт төлсөн мөнгө, торгуулсан мөнгө зэргээс бүрддэг. Үүнийг зөв зүйтэй захиран зарцуулах эрх нь төрийн эрх баригч болон  дарга нарт бий. Харин бид татварт төлсөн мөнгийг зүй зохистой ашиглахгүй байгаад хяналт тавьж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг. Хэзээ нэгэн цагт өвдөх юм бол даатгал төлж байсныхаа ашгийг гаргана гэж л төлдөг. Гэтэл өвдөөд улсын эмнэлэг бараадахад үйлчилгээ хангалттай байгаа юу гэвэл үгүй.

Нийгмийн  даатгалыг одоо биш ч ирээдүй хойчдоо ашиглана, улсынхаа төсвийг бүрдүүлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэсэн бадрангуй сэтгэхүйтэй явдаг. Харамсалтай нь өнөөдөр татвар төлөгч та бидний мөнгө зүй зохистой зарцуулагдаж чадахгүй байгааг сүүлийн 10 хоногт өрнөсөн хоёр жишээ татъя.

·         Татвар төлөгчдийн  мөнгөөр буюу улсын төсвөөр Жастын Батхүү гэгчийн гадаад улсад тавьсан өрийг төлөв. Өнөөх нь өнөөдөр эрүүл мэндийн шалтгаан хэлээд инээгээд явах жишээтэй.

·         Капитал банкийг татан буулгаж, мөн л татвар төлөгч та бидний мөнгөөр харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгож байгаа.

Дээрх жишээнүүдийн үнийн дүн нэг хоёр сая төгрөг биш нилээн хэдэн тэрбумаар яригдаж байгаа.  Тухайн мөнгөөр хичнээн, сургууль цэцэрлэг барих боломж байхгүй биш байсан. Ядаж сургууль цэцэрлэг бариад гурван ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалж, цоожтой хаалганы цаана үлдэж байгаа хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болох байв.

 Жастын Батхүү гэгчийн өрийг төлөхгүй байх боломжтой гэдгийг, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг Эрдэнэт үйлдвэрийнх нь хуулийн ажилтан нь ярьж байв.

Капитал банкийг татан буулгах хүртэл нь чанаргүй зээлийг өсгөсөн Монголбанк ямар хяналт тавьж байв? “Зүгээрээ” гэсэн тайлбар хэлж явсан нь иргэдийг өнөөдөр бухимдуулахад хүргэж байна.

Хэрвээ улсынхаа төсвийг ингэж зүй бусаар зарцуулж байгаа бол татвар төлөгч бид ч бас ажил олгогчтойгоо тохиролцоод татвараа төлөхгүйгээр байж болох хувилбар бий.

Хэрвээ төрийн эрх баригчид энэ мэтээр ашиг хонжоо хайж, төрийн мөнгийг өөрийн мэт захиран зарцуулж байгаа бол “хар масс” гэгдэх ард түмэн чинь бойкот хийх боломж байхгүй биш байгааг анхаарна биз ээ... “Хар масс” буюу татвар төлөгчид ухаантай гэдгийг, байдлыг хаашаа ч эргүүлж болно гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд анхаарна биз!!!