Монголбанкнаас энэ сарын 8-ны өдөр Капитал банкыг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон гэдгийг олон нийтэд мэдэгдсэн билээ. Тус банк дампуурснаар төрийн болон хадгаламж эзэмшигчдийн ихээхэн хэмжээний мөнгө "алга болоод" байгаа гэв. Хохирогчдын нэгдсэн холбоо, Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн билээ . Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм. Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 0.5 хувь буюу 800 гаруй хүн 20 сая болон түүнээс дээш хэмжээний мөнгөө тус банканд хадгалуулсан байжээ.

Монголын хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг "Монголбанк Засгийн газарт мэдэгдэхгүйгээр Капитал банкны дампуурлыг зарласан. Капитал банкны эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хадгаламж эзэмшигчтэй биечлэн уулзаж, "удахгүй мөнгө орж ирнэ" хэмээн хүлээж байхыг хүссэн" гэсэн юм. 

Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Капитал банк 2017 онд 47 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээний дагуу энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан эргэн төлөлтөөсөө бизнес эрхлэгчдэд зээл олгох ёстой. Гэтэл энэ эргэн төлөлтийн мөнгө нь байхгүй болсноор 20 гаруй тэрбум үгүй хийгдлээ. Капитал банк 2016 оноос өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж банкуудын гэрээ хийсэн байдаг. Үүний дагуу 2011 онд тус банктай гуравласан гэрээ хийсэн. Гэвч энэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. 2016 онд үл маргах нөхцөлтэйгээр эргэн төлөх байсан ч төлөөгүй. 2011 оны гэрээ дууссанаас хойш 10 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сард одоогийн энэ маргаан бүхий гэрээг байгуулсан. Энэ нь 48 тэрбум төгрөгийн гэрээний үүргээ ч биелүүлээгүй. 2016 оноос эдийн засаг нь хүндэрсэн байхад Монголбанк тухайн үедээ арга хэмжээ аваагүй. Нийт зээлийн 80 гаруй хувийг найдваргүй зээл болгож байгаагаагийн цаана том ашиг сонирхол байгаа гэж харж байгаа. Бидний хамгийн том зорилго бол Капитал банк хууль бусаар зээлсэн 48 тэрбум төгрөг, 2011 оны гэрээний алданги 13 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Энэ асуудлаараа Ерөнхий сайдад хандсан байгаа. 2017 онд хийгдсэн гэрээ ашиг сонирхлоороо хийгдсэн гэрээ юм. ЖҮД сангаас Капитал банканд зээл олгосон нь "Банкыг жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн 8дугаар заалтыг зөрчсөн үйлдэл. Банкыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тооцохгүй" гэсэн заалтыг зөрчөөд байгаа. Иймээс л бид өнөөдрийн жагсаалд нэгдэж Капитал банкны хохирогчдыг дэмжиж дуу хоолойгоо хүргэж байгаа " гэлээ. 

Хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл "2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос "ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй" хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл Монголбанк Капитал банканд асуудал үүссэнийг нууж байсанд гомдолтой байна. Энэ банканд дөрвөн жилийн өмнөөс асуудал үүсч эхэлсэн байна. Гэтэл харилцагчдад юу ч хэлээгүй. Асуудал байгаа шүү гэж хэлсэн бол бид мөнгөө хадгалуулах байсан уу. А.Ундармаа гэдэг хүн дампуурч байгаа банкаа сэргээх гэж УИХ-ын гишүүн болсон юм байна. Бид үнэхээр гомдолтой байна" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

гэрэл зургийг mpa.mn-с ашиглав