Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас залуу эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан байна.

Хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээлжээ.

Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад талийгаачийн найз залуу болох сэжигтэн этгээд Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү" гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Шалгалтын ажиллагаагүй үргэлжилж байна" гэв.