“Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компани нь Туулын бургасыг хядаж, барилга бариулсан гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. БОАЖ-ын сайдын тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тухайн газрын эрхийг цуцалсан байна. Энэ өдрөөс эхлэн барилгын ажил зогссон аж. Харин “Зүүнбаян рэйфанери” компаниас газрын эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байгаа гэдгээ хэлэв.

 

"Зүүнбаян рэйфанери" компанийн захирал О.Сайнбаяр "Анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 743 дугаартай гэрчилгээг БОАЖЯ-наас "Зүүнбаян рэйфанери" компани энэ газрыг авсан байдаг юм. Бидний хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, нийслэлтэй холгүй гээд тохиромжтой байсан тул уг газрыг сонгож, газар эзэмшигч компанийн захирал болох С.Уламбаяр гэдэг хүнтэй танилаараа дамжуулан уулзаж, төслөө танилцуулсан. Ингээд биднийг дэмжсэн тул 2014 оноос төслийн ажлаа эхлүүлсэн. Газарт хөрөнгө оруулах гэж байгаа хүн мэдээж бүх зүйлийг хууль ёсны дагуу хийнэ. 

"Зүүнбаян рэйфанери" компани төсөлтэй холбоотойгоор газар эзэмших эрхийг О.Сайнбаяр миний нэр дээр шилжүүлэхээр БОАЖЯ-нд хоёр ч удаа албан бичиг явуулж, хүсэлт гаргасан ч тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийг шилжүүлдэггүй гэсэн тайлбар өгсөн. Иймээс төслийг "Зүүнбаян рэйфанери" компанийн нэр дээр цаашид үргэлжүүлэхээр болсон юм. Иймд С.Уламбаяр гэдэг хүн одоо манай төсөлтэй огт холбоогүй, оролцоогүй. Гэтэл үүнийг хотын даргатай холбогдуулан улстөржүүлж, аялал жуулчлалын бизнес хийх гэсэн биднийг ажлыг зогсоож, харлуулж байгаад гомдолтой байна. 

2014 оноос хойш бид хууль журмын хүрээнд шаардлагатай бүх баримт бичиг, зөвшөөрлийг дарааллынх нь дагуу аваад явж байсан. Хуулийн хүрээнд ажиллаж байсан. Гэтэл 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан гэсэн боловч бидэнд албан ёсоор бичиг ирүүлээгүй юм. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л эрхийг цуцалсан гэж мэдэгдсэн. Ингээд сайдын гаргасан албан ёсны бичгийг авах гэсэн боловч олдоогүй.  Уг бичгийг хүлээж авснаар шүүхэд хандах миний эрх нээгдэх боломжтой юм. Тиймээс би хөөцөлдсөөр газрын зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг 2018 оны тавдугаар сарын 8-нд олж авсан. Ингээд тэр өдрөө Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил зогссон байгаа. 

Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй мэт ганцхан "Зүүнбаян рэйфанери" компани руу дайрч байгааг улс төржилт гэж ойлгож байна.  Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой барилгын талбайд орж буй бургасыг яах талаар бид нийслэлийн Байгаль орчны газарт хандсаны дагуу үнэлгээ хийлгэж, 6,891 ам метр талбайн бургасыг тооцсон хохирлыг барагдуулж, 20 орчим сая төгрөг төлсөн. Харин БОАЖ-ын сайд Цэрэнбатын яриад байгаа 13 тэрбум төгрөгийн хохирлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэг ч ирээгүй байж, сансрын зургаас дүгнэж гаргасан үнэлгээ. 

Бид дүйцүүлэн тарих буюу 2 га газарт 1,000 суулгац тарьсан. Цогцолбор байгуулагдсаны дараа нийт талбайн 60-70 хувь нь ногоон байгууламж байх юм.  Туул голоос урагш бүх газар Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг. Энэ газар аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхийг олгож, тав таван жилээр сунгаж явдаг. Туулын дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байхад яагаад зөвхөн “Зүүнбаян рэйфанери” компанийг яриад байгаа юм бэ. Яагаад давшлаад байгаа юм. Энэ бол улс төр. Туул голын урд талын газар бүгдээрээ улсын тусгай хамгаалалттай. Гэтэл ямар их барилга байгаа билээ. Туул голын хоёр талаар яваад үз. Аялал жуулчлалын зориулалтаар авчихаад орон сууц бариад зараад алга болж байгаа хүмүүсийн эрхийг цуцлаач. Тэр барилгыг буулгаач. Тэгвэл би буулгая” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.