Манай улсын төрийн түшээдүүд хууль, дүрэм санаачлахдаа тун чиг хурдан ажилладаг гэхэд хилсдэхгүй. Хуулийг баталж болно гэхдээ батлагдсаны дараах хяналт "эзэнгүй" орхигдоод байна. Тухайлбал, "Тамхины хяналтын тухай хууль" өдгөө амьдрал дээр хэрэгжээд нэлээдгүй жилийг үдэж байгаа эл хуулийг "хэн" хянаж, мөрдүүлж байгаа нь одоог хүртэл эргэлзээтэй байдаг.

Сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах ТҮЦ, хүнсний мухлагт тамхийг худалдан борлуулахыг хуулиараа хориглосон. Гэтэл өнөөдөр энэ байдал нь "далд" хэлбэрт шилжсэн. Үүнээс харахад аливаа хуулийг батлахдаа "хяналтын тогтолцоо"-г хамтад нь шийдэх, ёстой гэдэг нь тодоос тод харагдаж байгаа юм. Гэтэл дахин нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хэлэлцэхээр зэхэж байна. Уг нь байгалиа гэсэн хэн бүхэн хоёр гараа өргөөд дэмжмээр "хууль". Гэвч өмнөх хуулиуд шиг цаасан дээр батлагдсан хууль төдий зүйл битгий болоосой доо. Өмнөх батлагдсан хуулиудад хяналтын тогтолцоо үгүйлэгдэж байгаа гэдгийг сануулъя.

 

Энэ хаврын чуулганаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлогдсон. Гэвч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэхүү хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотын үйлдвэрүүдийн хаягдал, Төв цэвэрлэх байгууламжийн ачааллаас үүдэн Туул гол ихээхэн бохирдоод байгаа. Тиймээс ус бохирдуулсны төлбөр авах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой тусгажээ. Хуулийг хэрэгжүүлснээр ус бохирдуулсан аж ахуйн нэгжүүдээс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөгийн төлбөр авах боломжтой хэмээн Засгийн газар үзэж байгаа ажээ.

Мөн энэхүү төлбөрийн 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулийн төсөлд тусгажээ. УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-нөөс хуулийн төслийг анхлан хэлэлцүүлж эхэлсэн. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Ийнхүү уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Тэгвэл өнгөрөгч баасан гаригийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Хуулийн төслийн үзэл баримтлалд ус бохирдуулсны төлбөрийн 50-60 хувиар бууруулахаар заасан байна. Мөн 300 толгойгоос дээш бэлчээрийн малтай малчин өрх, 1 га талбайгаас их хэмжээний газар тариалангийн аж ахуйгаас төлбөр авна хэмээн заасан. Энэ бол хариуцлагагүй уул уурхайг дэмжиж, дутуугаа малчин, тариаланчдаас татвар авах оролдлого. Тиймээс энэ хуулийн төслийг батлах ёсгүй” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний энэ саналыг Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн дэмжиж  байна гэв. 

Хэрвээ уг хууль батлагдвал "хяналт"-ыг хэн тавих вэ? Саяхан дагаж мөрдөж эхэлсэн “Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах” хуульд хяналтыг сайжруулмаар байгааг энд ч мөн дурдъя.