Эх нутагтаа харихаар зорьж явсан 120 зорчигч Берлин Москва Улаанбаатар чиглэлийн онгоц Москва хотноо 48 цаг саатсан хэрэг гарсан. Онгоцны дугуй хагарснаас үүдэн 120 зорчигч маань онгоцны буудлын шалан дээр 48 цаг болсон энэхүү үйлдэлд Монгол иргэний эрх ашиг хөндөгдсөн учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.

Энэ олон зөрчил гарч байхад Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуугүй байсаар, салбарын яам нь ч засч залруулахгүй байна. Хуучин, хашир туршлагатай, оросуудтай учираа олчихдог хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, оронд нь өөрсдийнхөө хүмүүсийг шургуулсны үр дүн юм болов уу. Энэ бол МИАТ, ИНЕГ-ын удирдлагуудын чадваргүй, шинэчлэлийн Засгийн газрын Н.Алтанхуягийн буруу томилгооны үнэн нүүр царайг харуулж байна. запас дугуй явуулах зардал, зорчигчдыг авч явах онгоц эндээс дахин явуулах гээд өч төчнөөн улсын мөнгө үрэгдэж байхад ажлын хариуцлагагүй удирдлагууд өөрсдийн буруугаа бусдад чихэж яваа нь гайхалтай.
Дугуй хагарсан асуудал бол ноцтой зөрчил. Гэтэл өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дугуй хагарах явдлыг энгийн, давтагддаг зүйл гэж гаргаж байгаад би хувьдаа их гайхаж байна. Хэдэн зуун зорчигчдын амь насыг өөр дээрээ дааж, хил дамнаж хэдэн мянган км нисэх гэж байгаа нисэх онгоц запас дугуйгүй байх нь хэвийн үзэгдэл гэж үү. Хэдэн мянган км нисэх онгоц байтугай хот дотроо явж байгаа эксэл машин ч запас дугуйтай байдаг шүү дээ. Өнөө МИАТ-ын удирдлагууд нь тэр даруйдаа Улаанбаатараас Москва руу запас дугуй явуулна гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ бүх л бүтэн онгоцны дугуйг харь улс руу явуулах үйл ажиллагаа чинь замын унаагаар хөдөө орон нутаг руу юм дайж явуулахаас тэс ондоо шүү дээ. Ажлын туршлагагүй, ажлаа мэдэхгүй, намын үзэмжээр орж ирсэн удирдлагуудын гаргасан шийдвэрээс үүдэж хойноос нь илгээсэн запас дугуй илгээхдээ гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт дутуу явуулсан нь 120 иргэн дахин нэг хоногийг шалан дээр өнгөрөөх ёстой болгосон. Бичиг баримтгүй дугуй явуулсан нь өөрсдийн буруу байтал ОХУ-ыг хүнд сурталтай гэж өөрсдийгөө хаацайлан ярьж байна лээ.
ИНЕГ-ын агаарын нислэгийн үйлчилгээний газрын ерөнхий менежер Ч.Цэрэндорж гэдэг хүн нэг насаараа нисэхэд ажилласан. Бүтэц зохион байгуулалт гэсэн нэрийдлээр түүний ажлын байрыг алга болгож ажилгүй болгосон байгаа юм. ТАЗ-өөс зарласан ИНЕГ-ын даргын сонгон шалгаруулалтад Ч.Цэрэндорж бүртгүүлсэн байтал дээрээс дарамталж нэрийг нь татуулсан байгаа юм. Угтаа бол энэ хүн даргаар томилогдчихсон бол улсын маань иргэд харь оронд царай алдаж хэд хоног хүлээхгүй байх байлаа.
МИАТ-ын зарим ажилчдын ярьж буйгаар запас дугуй угаасаа  л авч явдаггүй гэх юм. Харин харь нутагт хүйтэн шалан дээр 48 цаг саатсан учир мэдэх нэгэн эрхмийн “онгоцны дугуй зай ихтэй учраас авч явалгүй үлдээгээд, оронд нь их ачаа тээвэрлэж ашиг олохоо боддог болсон юм гэнэ лээ” гэх яриа үнэний ортойдог шүү.
Гэхдээ онгоцны дугуй хагарсан энэхүү хэрэг бол ердөө жижиг асуудал гэж хэлж болно. Үүнээс ч олон хэрэг МИАТ, ИНЕГ-т олон тохиолдсон. МИАТ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Аеробус 310 онгоцыг өмнөх Засгийн газрын үед 7 тэрбум төгрөгөөс буулгахгүйгээр зарна гэсэн шийдвэр гарч байсан ч АН засгийн эрхийг авахтай зэрэгцэн томилогдсон МИАТ-ын дэд захирал н.Билэгсайхан Туркт охинтойгоо хамт зугаалж явах үедээ л уг онгоцыг 5 тэрбумаар худалдчихсан гэнэ.
Мөн хоёрдугаар сарын 8-нд Наритагаас Улаанбаатар орох МИАТ-ын Бойнг 737 онгоцонд эрх мэдэл бүхий, өндөр албан тушаалтай эрхмүүд архидан согтуурч зорчигчдын тав тухыг алдагдуулсан ч тус хэрэгтэй холбоотой гомдлыг МИАТ нуун дарагдуулсан байна.
 Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 10-р тойрогт ажиллах үеэр ИНЕГ-ын унааг дайчилсан гэх хэрэгт ч түүний хуурай дүү С.Буяндалай холбоотой тухай тус сонинд нийтлэгдсэн байна. Энэ мэт олон зөрчил гарсаар байгааг шинэчлэлийн Засгийн газар анхааралдаа авна буй за. Алдаатай томилгоогоо засч залруулахгүй бол авлигын шинжтэй, улсын ажил цалгардсан, улсын мөнгө үрэгдсэн  хэргүүд цаашдаа ч гарсаар л байна шүү дээ.