Сайн байна уу? Захиаг минь нэрээ нууцалсан захиа грүппд нийтлээд өгөөч. Дотроо бодогдоод сэтгэлийг минь зовоож байгаа асуудлаа бичиж та бүхний бодлыг сонсож зөвлөгөө авах гэсэн юм.

Би одоо бага насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань жил гарангийн өмнө автын ослоор өөд болсон. Гэхдээ энэ автын ослын буруутан нь би өөрөө. Нэгэнт өнгөрсөн хүний хойноос муу юм яриж ясыг нь өндөлзүүлэхийг хүсэхгүй байгаа ч юу болсныг бичиж байж та бүхэн ойлгох учраас товчхон дурдъя.

Та нар минь зөв талаас нь ойлгохыг хичээгээрэй. Гэр бүлээрээ хөдөө яваад явах замдаа манай хүн ганцаараа архи уугаад, хэт их согтсоноос болж надад болон хүүхдүүддээ агсан тавиж бид хэдийг машинтай нь шатаана бүгдийг нь ална гэж заналхийлсэн. Тэр үед миний дотор энэ хүнээс хүүхдүүдээ яаж эсэн мэнд салгаж авах вэ гэдэг л ганц бодол байсан. Тэгээд буугаад бие засах хооронд нь рүлийн ард сууж машинаа дотроос нь түгжээд хөдлөхдөө машинаараа нөхрөө мөргөчихсөн. Яг тэр хоромд юу болсныг би одоо ч сайн санадаггүй. Би өөрөө жолоо барьдаг.

Тэгээд тэндээсээ зугтаад хэсэг явж байгаад эргэж унасан байх гэсэн газраа ирсэн ч харанхуй байсан болохоор ямар ч харагдах зүйл байгаагүй. Хүүхдүүд уйлаад байсан болохоор буцаж сумын төв рүү яваад дүү нартаа хэлж тэр хавиар хайлгаад олоогүй маргааш өглөө нь нас барсан байсныг нь хөдөө явж байсан хүн олж цагдаад хэлсэн. Би хэт цочирдсоноосоо болоод газрын баримжаа алдаж буруу газраар хайсан юм билээ. Үүнээс болж 4, 5 сар цагдаагийн үүд сахиж хүүхдүүдээсээ хол нөхрийхөө ажил явдалд нь ч оролцоогүй үе бол миний амьдралын там шиг өнгөрүүлсэн хугацаа байсан.

Эцэст нь гэр бүлийн хүчирхийллийн үед аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэдгээр хэрэг нь хэрэгсэхгүй болж хаагдсан. Урьд нь удаа дараа архи ууж хүчирхийлдэг байсан нь ч тогтоогдсон. Энэ бүхэн яахав ингээд болоод өнгөрсөн. Хадмуудын харилцаа хүн амьтны хэл ам бол угаасаа ямар байх нь ойлгомжтой. Миний та нараас асуух гээд байгаа гол зүйл нь миний хүүхдүүд том болоод аавынх нь нас барсанд ээж нь хамгийн гол буруутан юм байна гэдгийг яаж хүлээж авах бол гэдгээс л хамгийн их айж байна.

Манай хэд том нь 9 бага нь 3 тай. Одоо бол энэ талаар ярьж асуудаггүй. Ухаан суугаад ирэх үедээ. Энэ бүхнийг мэдэж л таарна. Тэр үед би юу гэж хэлэх ёстой вэ гэдгийг л та нараас зөвлөгөө авах гэсэн юм. Элдэв хатуу үгийг ханаж цадталаа сонссон болохоор сөрөг сэтгэгдэл бичихгүй байхыг хүсье