Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас урьдчилсан байдлаар явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудын иргэдийн саналын үндсэн дээр судалж, эхний ээлжид 30 байршилд газар чөлөөлөх арга хэмжээг эхлүүлсний 25 байршилд нь газар чөлөөлөлт хийж, явган зорчигч чөлөөтэй зорчих боломжтой болгосон. Энэхүү ажлыг үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжид явган хүний зам гаргах 45 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэхээр судалгааг гаргаад байна.

 

 

Эхний ээлжинд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргах юм.

Тус судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногийн хугацаанд  буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэх юм байна.

Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,  Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэх юм.